Дундаж анги ба дэлхий дахин

11_20191120130024“Дундаж анги” гэдэг нэр томъёог Европын аж үйлдвэржүүлэлтийн ид үед буюу 1745 онд Английн эдийн засагч Джеймс Брэдшоу хэрэглэж, тариаланчид болон баячуудын завсрын нийгмийн бүлгийг “дундчууд” хэмээн нэрлэх болсон байдаг.

Эхэндээ Англи, Францад хөрөнгөтөн анги нь дундчуудын байдлаар худалдааны хүрээнд бүрэлдэж, улмаар аж үйлдвэржилтийн хөгжлийн хэрээр капиталын хуримтлал нэмэгдснээр сурвалжит баячуудтай өрсөлдөхүйц чинээлэг баячууд буюу капиталистууд бий болоход хүрснийг та бид мэдэж байгаа.

Харин ХХ Зууны эхнээс “дундаж анги” гэдэгт ажилчин ангиас салж, тусдаа нийгмийн бүлэг болж төлөвшсөн албан хаагчид, мэргэжилтнүүд, мененжерүүдээс бүрэлдсэн, хувийн өмчит хөрөнгөтнүүдээс ялгарах хөлсний ажилтнууд, жижиг бизнес эрхлэгчдийг нэрлэх болсон бөгөөд энэхүү бүлгийн гол онцлог нь оюунлаг, боловсролтой хүний капиталыг бүрэлдүүлж байдагт орших болсон байна.

Улмаар банк, даатгал, хөрөнгийн зах зээл гэх мэт санхүүгийн капитализм хөгжихийн хирээр хөлсний хөдөлмөрийн дээд давхарга, мэрэгшсэн эдийн засгийн удирдагчид, “цагаан захтнууд”-ын бүхэл бүтэн арми бий болсон нь нийгмийн дундаж ангийн хүрээг эрс нэмэгдүүлсэн байдаг.

ХХ Зууны хоёрдугаар хагаст социологийн шинжлэх ухаанд бас “дундаж ангийн дээд давхарга” гэдэг нэр томъёо хэрэглэгдэх болсон. Дундаж ангийн дээд давхарга гэдгийг хэрхэн ойлгох талаар маргаантай байдаг. Дундаж ангийн дээд давхарга нь дундаж ангийн олонхитой харьцуулахад харьцангуй өндөр түвшинтэй нийгмийн бүлэг бөгөөд дундаж ангийн доодчуудаас дээд давхаргын ялгарах онцлог нь Дээд боловсрол байдаг гэж социологич Макс Вебер тодорхойлосон байдаг.

Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD)-ын дүгнэлтээр 2010 оны байдлаар дэлхий дээр нийт 1,8 тэрбум хүн ерөнхийдөө дундаж ангид хамрагдах болсон байна. Тэдний дотор 1 тэрбум насанд хүрэгчид нь 10000-100000 ам.долларын хөрөнгөтэй дундчууд болсон. Үүнийг “Credit Suisse” Банкны 2014 оны Баялагийн тайланд дахин нотолсон байна. Мөн 2011 онд “Pew” судалгааны Төвийн явуулсан судалгаагаар Дэлхийн хүн амын 16 хувь нь дунд болон дундаас дээд орлоготой болсон дүн гарчээ.

Дундаж ангийн байдлыг хөгжингүй болон хөгжиж буй зарим орнуудаар ялгавартайгаар авч үзэж болох юм.

Тухайлбал, “Экономист” сэтгүүлийн тодорхойлж байгаагаар өнөөдөр АНУ-д дундаж анги хүн амын 45 хувийг бүрэлдүүлж байдаг байна. Америкийн дундаж ангийн дээд давхаргыг мөн орлого, боловсрол, ажил эрхлэлтийн байдлаар нь тодорхойлодог бөгөөд эдгээрт юуны өмнө дундаас дээш орлоготой, харьцангуй бие даасан ажил эрхлэдэг, боловсролын түвшингээрээ тэргүүлдэг, өрхийн орлого нь 100000 ам.долларыг давдаг бодлого боловсруулагчид, хуульчид, эмч нар, сэтгэл зүйчид, мэргэшсэн нягтлан бодогчид, эм зүйчид, инженерүүд, хот байгуулалтын мэргэжилтэн, архитекторууд, их, дээд сургуулийн багш, судлаачид, төрийн албан хаагчид гэх мэт “цагаан захт” мэргэжилтнүүдийг хамааруулдаг байна.

АНУ-ын социологчдын судалгаагаар нийт хүн амын 15 хувь нь дундаж ангийн дээд давхаргад хамаарч байгаа бөгөөд орлогын хувьд эдгээр нь хувь хүний орлого 62500 ам.доллар, өрхийн орлого нь зургаан оронтой тоотой байдаг байна. Тухайлбал, сувилагч-бага эмч хоёр хүн тус бүр 55000 ам.долларын орлоготой байхад ганцхан өмгөөлөгч жилд 95000 ам.долларын орлоготой байх жишээтэй. Ер нь Америкт дундаж ангийн нэг өрх 46000-62500 ам.долларын орлоготой байдаг боловч амьдарч буй муж, хот, дүүрэг зэргээс хамаарч бодит орлого нь өөр өөр байдаг талтай юм байна.

Барууны орнуудын туршлагаас харахад Засгийн газрыг хариуцлагатай болгоход нөлөөлж чаддаг, татвараа төлснөөр нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулдаг эдийн засгийн хувьд хүчирхэг дундаж давхаргатай байж чадвал тэдний нөлөөн дор ядуучууд хүртэл хувь хишиг хүртэх боломжтой болдог аж. Эдийн засаг тогтвортой байж чадсанаар дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувийг нэмэгдүүлэх боломж бүрддэг байна.

Дундаж давхаргаа хамгийн их судалсан АНУ-д ажил эрхлэлтийн түвшинд онцгой анхаарч, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, жижиг, дунд бизнесийг дэмжиж, хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрийн насныхныг дэмжсэн идэвхтэй бодлого явуулдаг байна. Судалгаагаар тус улсын жижиг бизнес эрхлэгчдийн 97 хувь нь дундаж давхаргадаа хамаардаг байна.

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама бүрэн эрхийнхээ хугацаанд дундаж давхаргаа дэмжих “Medicaid” зэрэг нийгмийн чиг хандлагатай хөтөлбөрүүд эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд дундчуудад чиглэсэн татварын хөнгөлөлт, нийгмийн баталгаа, эрх зүйн орчныг сайжруулж, коллежийн төлбөр болон хоёулаа хөдөлмөр эрхэлдэг гэр бүлийн аль нэг гишүүн, хүүхэд харах үйлчилгээ зэргийг орлогын албан татвараас чөлөөлөх бодлого баримталжээ. Мөн хувийн хэвшлийг ажилчдадаа цалинтай чөлөө, эмнэлгийн магадлагаа олгох, цалингийн доод хэмжээг өсгөх боломжийг дэмжсэн нь үр дүнгээ өгч эхэлсэн. Харамсалтай нь АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү бодлогыг эрс эсэргүүцэж, шийдвэрүүдийг цуцалсан билээ.

Нийгмийн дундаж ангийн дээд давхаргынхан орлого, боловсрол, ажлын байрны давуу талтай, орлого, эдийн засгийн чадавхийн хувьд нийт дундчууд дотроо илүү хамгаалагдсан байдгаас гадна тэд олон нийтийн санаа бодолд ноёлох нөлөөллийг үзүүлддэг нийгмийн нөлөөллийн онцлогыг мартаж болохгүй. Үүнийг АНУ-ын дундаж ангийн дээд давхаргынхан голчилон “Энхтайвнын төлөө хөдөлгөөн”, “Хүрээлэн буй орчныг хамгаалах хөдөлгөөн”, “Тамхины эсрэг хөдөлгөөн” гэх мэт олон нийтийн хөдөлгөөнүүдийн тэргүүн эгнээнд явдаг бүлэг болж буй байдлаас харж болно.

Ер нь дундаж давхарга бол аливаа улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч төдийгүй улс төрийн болон нийгмийн амьдралд нөлөөлөгч хамгийн том сонирхлын бүлэг юм. Хүн амын доторх бусад бүлгийнхэнтэй харьцуулахад тэд өндөр боловсролтой, мэргэжлийн сайн ур чадвартай, эдийн засгийн болоод нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцогчдын дийлэнх хэсгийг дундчууд төлөөлдөг байна. Ийм учраас улс төрчид, засгийн эрх баригчид өөрсдийн боловсруулан хэрэгжүүлэх бодлого чиглэл, хөтөлбөрийг тэдэнд зориулан, тэдний эрх ашиг сонирхолд зохицуулан гаргахыг эрмэлздэг.

Их Британид дундаж ангийн дээд давхаргынхны байдал Америкаас бага зэрэг ялгаатай. Өндөр орлогодоо тулгуурлан өндөр боловсрол эзэмшсэн уламжлалт хандлага энд давамгайлдаг. Энд бас уламжлалт соёлын харилцаа, тэр байтугай хэл, яриа хүртэл анги, бүлгийн ялгаварлалд давамгайлах нөлөөтэй байдаг байна. Тухайлбал, Лондонгийн баян хорооллууд, Зүүн Өмнөд Английн ханлигуудад дундаж ангийн дээд давхаргынхан давамгай амьдардаг байна. Энэ бүлгийн хүүхдүүд жилдээ 33 мянга орчим фунт стерлинг төлдөг Британийн нөлөө бүхий дунд, ахлах сургуулиудад суралцаж,улмаар нэр хүндтэй Их сургуулиудыг төгсдөг байна. Бусад талаар Америкийн дундчуудаас их ялгарахгүй байна.

Тэгвэл дундаж ангийн байдал хөгжиж буй орнуудад ямар байдалтай байгааг авч үзье.

Оросын Холбооны Улсын Шинжлэх Ухааны Академийн 2015 онд хийсэн судалгаанаас үзэхэд Оросын хүн амын 15 хувь нь баттай “дундаж анги”-д хамаарч байгаа бөгөөд тэдгээрийг хүрээлээд 25 орчим хувь нь дундчуудын доод заагыг бүрдүүлж байдаг байна.

Харин БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн судалгаагаар 2003 оны байдлаар Хятадын хүн амын 19 хувь нь 18000-36000 ам.долларын орлоготой дундаж ангид хамаарагдаж эхэлсэн бол тэдний цар хүрээ улам өссссөр байна. Броокинг Институтийн судалгаагаар 2009 онд БНХАУ-ын дундаж давхаргын хүн амын хэрэглээ дэлхийн нийт хэрэглээний 4 хувийг эзэлдэг байсан бол 2020 он гэхэд 13 хувь, 2030 онд 18 хувь хүрэх тооцоо гаргажээ.

Харин Дундаж ангийг судлах Германы Хүрээлэнгийн 2014 онд Энэтхэгт хийсэн судалгаанаас харахад Энэтхэгийн хүн амын 8 хувь нь дундаж ангид хамаарч байгаа юм байна.

Тэгвэл “Стандарт Банк”-наас Ангол, Эфиопия, Гана, Кения, Мозамбик, Нигери, Судан, Өмнөд Судан, Танзан, Уганда и Замби болон ӨАБНУ зэрэг Африкийн 11 орны15,3 сая өрхийн аж ахуйн хэмжээнд 2014 онд хийсэн судалгаанаас үзэхэд Өмнөд Африкийн эдгээр орны хүн амын 10-20 хувь нь дундаж ангид хамаарч байгаа юм байна. Мөн онд Германы хөгжлийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар Сахараас урдуур орших эдгээр орнуудад 1990-2010 оны хооронд дундаж ангийн тоо 14 саяаас 31 сая болж өссөн дүн харагдаж байна.

Гэхдээ шалгуур үзүүлэлт нь орон бүрт харилцан адилгүй байснаас гадна дундаж африкчууд өдөрт 10-20 ам.долларын буюу жилдээ 3500-7500 ам.долларын орлоготой байдаг ажээ. Ийм орлоготой дундчуудын тоо 2004 онд 4,4 хувь байсан бол 2014 онд 6,2 хувь болж өссөн дүн гарчээ. Эдгээр дотроо хамгийн эрчтэй хөнжиж буй ӨАБНУ-ын хүн амын 21,3 хувь нь дундчууд болсон байна.

Судалгаанаас харахад Латин Америкийн улс орнуудад бараг 300 сая “дундаж давхаргынхан” амьдарч байгаа нь Хятад болон Энэтхэгийн дундаж давхаргынхныг нийлүүлснээс ч их болж байгаа ажээ. Энэ тивд сүүлийн 20 гаруй жилд дундаж давхаргынхан бараг 2 дахин өсчээ. Латин Америкийн орнуудын хувьд тэд эдийн засгийг хөдөлгөгч хүч болох дундчуудыг дэмжихийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг, тэр дундаа бизнес эрхлэгчдийг татах зөв зүйтэй бодлого явуулж байгаа нь энэхүү өсөлтийг хангахад хүргэжээ.

Дээрхи цөөн тооны жишээнд дүн шинжилгээ хийж үзэхэд хөгжиж байгаа улс орнуудын засгийн газраас дундаж давхаргад зориулан хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд ижил төстэй байна.

Эдийн засгийн өсөлт ба орлогын хуваарилалт нь дундаж давхаргын өсөлтийн гол түлхүүр болдог. Эдийн засгийн өсөлтийн түвшин ба дундаж давхаргын өсөлтийн хэмжээ хооронд эерэг хамааралтай аж. Мөн орлогын тэгш бус байдал буурч буй орнуудад дундаж давхаргын байр суурь өсөн нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.

Дундаж давхарга нь улс орон бүрт бол эдийн засгийг тогтворжуулагч төдийгүй дотоодын хэрэглээг өсөн нэмэгдүүлэхэд гол хөдөлгөгч хүч нь болж байдаг. Дундаж давхаргынханд макро эдийн засгийн тогтвортой орчин маш чухал гэж хэлж болно. Мөн дундаж давхарга өсөхийн хэрээр татварын орлого нэмэгдэж улмаар нийгмийн суурь үйлчилгээнүүдэд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанар, хүртээмж ч дээшилнэ.

Тиймээс аль ч улс оронд дундаж давхарга макро эдийн засгийн тогтвортой орчноос ихээхэн хамааралтай байдаг.

Эдийн засгийн тогтворгүй байдал тухайлбал, төсвийн алдагдал, мөнгөний муу бодлого, тогтвортой бус бодлого, хөтөлбөрүүд, мөнгөний ханшийн уналт зэрэг нь импорт, инфляцийг нэмэгдүүлж улмаар дундаж давхаргын төлөвшилд сөргөөр нөлөөлөх болно.

Доктор (Ph.D.), Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Б.ЭНХМАНДАХ

2017 оны 4 дүгээр сарын 19

Улаанбаатар хот


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.