Түвдүүд яагаад бидэн шиг харагдана вэ

Лалын шашинтнууд бие биеэ айхтар өмөөрдөг. Ариун Мухамедийг болон лалын лам хуврагийг нь алах юм уу, доромжилбол бараг дэлхийн дайн гарна. Энэ ертөнц дээрх бүх лалынхан нийлээд тэмцэл өрнүүлэх байлгүй. Наад захын жишээ л гэхэд Сулман Рашид гэх нөхөр “Шулмын шүлгүүд” хэмээх номондоо зөнч Мухамедийг ёс бус маягаар дүрсэлж гаргасан гэдэг хэргээр цаазаар авахуулах ял эчнээгээр авч, одоо хүртэл хүн шиг ил чөлөөтэй амьдарч чадахгүй, үргэлж нуугдаж явахдаа тулсан. Мөн хэдхэн жилийн өмнө Данийн нэг өдөр тутмын сонин ариун зөнчийг шоглосон зураг нийтэлснээсээ болж, хаагдахдаа тулсан шуугиан гарч байлаа. Лалууд өөрсдийн шашин болоод бурхандаа ийм мэдрэмжтэй ханддаг.

Тэгвэл манай шашин болох буддистууд энэ тал дээр даанч дээ гэмээр налгар назгай хандах юм. Дээр нь манай коммунист лам нар өөрсдийн бодол ухаанаар аливаа үйл хийж чадахаа байгаад удаж байна. Тэд бол дарга нар юу гэхийг нь хараад л сууж байдаг. Үнэндээ Ху намын дарга нарын шууд удирдлагад байдаг гэхэд хилсдэхгүй. Түвдэд өдөр болгон эрэгтэй, эмэгтэй лам нарыг хятад цэргүүд алаад л, зодоод л, шатаагаад дуусч байна. Буддистууд ядахдаа хүний хорвоогоос харамсалтайгаар одож буй тэднийхээ хойдын буянд зориулж байна хэмээн зарлаж байгаад ч болтугай ном уншиж болно доо. Тэр уншлага номоо бүр Хятад улсын Элчин сайдын яамны өмнө очоод уншихад яагаад болохгүй байх билээ. Тэд ч дээ 1937 онд “Хүний явдал маньд ямар хамаа” гээд өнөөдрийнх шигээ суусаар гучин долоон мянгуулаа хядуулсан хүмүүс.

Хүний хэрэг гэснээс энэ түвдүүд монголчууд бидэн шиг харагдаад өр зүсээд байх нь хэцүү юм. Хүрэн лам дээл, шар орхимж, цэнхэр хадгийг нь харваас манай хөдөөгийн лам хар хэдэн хөгшчүүл шиг бодогдох нь сэтгэл эмзэглүүлнэ. Дэлхий дээрх манай буддын шашин бол Түвдийн шүтдэг бурхны шашны шарын урсгал нь юм. Тэгэхээр бидний соёл, зан заншил адилхан байхаас яахав. Тийм болохоор хятад цэргүүд манай хөгшдийг хядаад байгаа юм шиг харагдаад сэтгэл өвдөөд байх юм. Хүний эрхээ ч, шашин нэгтнүүдээ ч бодсон Монгол Улс Ази тивдээ ганц ардчилсан орон гэж хэлэгддэгийн хэрэг юу билээ. Түвдүүдийг үгүй хийж байгаа зэрлэг хядлагыг эсэргүүцмээр байх юм. Төр засаг нь дуугарч чаддаггүй юм бол манай лам нар эсэргүүцэж болдоггүй юм уу. Шашин нэгтэй гээд хайрлаж хүндэтгээд байдаг Далай багшийн чинь шавь нарыг тэнд нохой, гахайнаас ч дор үзэн шившиглэн, алж талж байна шүү дээ.

Хүн хэлэхээс наашгүй гэгчээр Хятад улс ч бас арай “дэндүүлээд” байгаагаа мэдэхгүй байж болно. Энэ “дэндэх” гэдэг ч арай зөөлдсөн үг болчихлоо. Манай УИХ ч Түвдэд үүсээд байгаа нөхцөл байдал, тэндхийн лам нарын эрх, эрх чөлөөний тухай хэлэлцэхэд юу нь болохгүй гэж. Монгол Улс бол дэлхийн бүх хүний төлөө ардчилсан энэрэнгүй нийгэм байгуулах гэж хүсэл бодол, үйл ажиллагаагаа зориулан яваа ардчилсан орон бус уу. Тэгээд ч та нар юм л бол Түвд, Балбаас лам хар, хувраг урьж сүйд майд болдог биз дээ. Хамгийн ихээр нандигнан дээдэлдэг шашин, лам, багш нарыг чинь дэлхийгээр нэг зарлаж байгаад “авлах” нь хэвийн хэм хэмжээ юу. Манай лам хуврагууд энэ талаар идэвх зүтгэлтэй ажиллаж, ардчилсан парламентаас мэдэгдэл хүртэл гаргах цаг болсон байна. Тэгэхгүй бол энэ үндэстэн одоохон мөхөж дуусах нь. Түвдүүд дуусахаар дараа нь хэний ээлж ирэх байх гэж та бүхэн бодож байна. Энд нэг л зүйл тодорхой болоод байна. Түвд ламыг алж, монгол хүнийг хөнөөж байгаа хоёрыг дэлхий лав ялгахгүй болчихсон шүү.

М.Ивээл


URL:

Сэтгэгдэл бичих