Баянзүрх, Баянгол дүүрэгт нэмж 4 хороо байгуулахаар болов

7267

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулгыг хийсэн юм.

Баянгол дүүрэг 23 хороотойгоос 1, 4 дүгээр хороог хувааж хоёр шинэ  хороо байгуулахаар санал оруулсан байна. Баянзүрх дүүргийн хувьд 5, 8 дугаар хороог хувааж шинэчлэн байгуулснаар нийт 30 хороотой болгохоор санал оруулжээ. Уг саналыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн дэмжиж,  нийслэл хот 173 хороотой боллоо.

Хороодыг нэмж байгуулахтай холбогдуулан зарим төлөөлөгчдөөс санал, асуулт тавив. ИТХ-ын Төлөөлөгч Ё.Цацралтуяа “Хороодуудын ачаалал их болсон. Хувааж буй хороодын тоо бага байна, цаашид нэмэх боломж бий юу” гэх асуултанд  Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Дүүргүүдээс ч мөн хороодыг хуваах саналууд ирсээр байгаа. Бид энэ талаар судлан үзэж хүн амын нягтрал их дээрхи 4 хороог нэн тэргүүнд хуваахаар шийдвэрлэсэн” гэв.

НИХТ-аас төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан Баянгол, Баянзүрх дүүрэгт шинээр байгуулах хороодыг хавсралтаар батлан, хороодыг шинээр байгуулах, зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд шаардагдах зардлыг 2020 оны төсөвт тусгуулан, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын С.Амарсайханд үүрэг болгов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.