Хуулийн бодлого буруу байна гэвэл Ц.Нямдорж юу гэх бол…

712-1574636368712-1574380104712-15742931679af0180c-8eb9-4de7-99ce-baccdf07b5bcЗа тийм ээ. Ингэж хэлэхээр эрхэм сайд ер юу гэхсэн бол. Ер нь ч мэдээжийн үгээ хэлнэ. Өөдөөс асах байх. Хэн нэгэн хууль зөрчиж алдаа гаргавал таарсан зэмлэлээ зайлшгүй хүртэх учиртай гэдэг бол хууль дээр нэмэх нэг хууль байдаг. Монголд хуулийн гадна оршдог салбар, байгууллага, хүн гэж байх ч ёсгүй. Байхаар үгүй олон хуулийг сүүлийн жилүүдэд УИХ үйлдвэрлэчихсэн”. Гэтэл гайхмаар нь бидний дунд хуулийн гадна амьдрагчид байсаар байх юм. Даангүй төр, засгийн дээд талд. Яагаад тэр вэ гэвэл хууль байвч хэрэгжүүлэх талын бодлого нь буруугаас заримд нь ял завших боломж олгоод байна.
Зураглабал хэрэг хийсэн хоёр хар хэрээг шүүхдээ нэгийг нь арай цагаан байна гэсэнтэй адил хандлага газар авчээ. Үүнийг ойрын үед шийдвэрлэсэн зарим хэрэг явдлын жишээнээс харж болох болов уу. Монгол Улс хар тамхитай тэмцээд байгаа л гэдэг. Тэгтэл үр дүн нь харагдах юмгүй. Өнөөдөр манай улс хар тамхины зах зээлийг жинхнээр нь хөгжүүлсэн орон болоод хувирчихаж. Тодорхойлж хэлбэл хэрэглэгч төдий биш дамжуулагч бүр үйлдвэрлэгч болсон юм биш үү.
Уг нь НҮБ-ын болоод олон улсын конвенцид нэгдлээ л гэсэн. Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөртэй боллоо гэсэн. Алив үр дүн нь хэлэх юм алга бололтой. 2010-2015 онд Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой хэрэг 258 бүртгэгдсэн байдаг. Энэ бол таван жилийн судалгаанд бий. Тэгвэл 2019 оны эхний есөн сарын байдлаар энэ төрлийн хэрэг 193 болж өсчээ. Хар тамхины зах зээл асар их тэлсэн гэсэн үг.
2017 онд хар тамхины хэрэгт холбогдогчдыг насны байдлаар нь авч үзэхэд насанд хүрээгүй хүүхдийн тоо хоёр дахин, 19-25 насны холбогдогч 38, 26-38 насныхан 88 хувиар өмнөх оныхоос нэмэгджээ гэсэн судлалгаа байна. Ёстой найман настайгаас наян настан ч энэ хэрэгт өртсөн гэж хэлэхэд болохоор. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэгтэнд олгох ялын бодлого буруу хуулийн заалт маш сул байна. Ингэж ч илрүүллээ, ийм нөхдийг баривчиллаа л гэдэг. Тэдэнд ял оноосон эсэх нь тодорхойгүй өнгөрдөг. Тэр ч байтугай хар тамхи хэрэглээд, зараад шүүхээс ял аваагүй тэнсэнтэй гарсан хүн хэдэн зуу байдаг юм байна. Тэдний дунд саяхан гэнэтийн шалгалт хийхэд лав 26 нь хар тамхиа хэрэглэчихсэн байсан гэх. Хууль чангахан, тэмцэл сайн байсан бол ийм байх гэж үү. Рок попынхон болоод урлагийн залуучууд энэ хэрэгт их хамааралтай нь ил болсон. Тэдний нэг дуучин Б.Амархүүд хоёр жил хорих ял оноов доо. Уг нь түүнийг нэг зочид буудлын гадаа хар тамхи хэрэглэчихсэн байхад нь барьсан. Нэгжлэгээр гэр орноос нь мансууруулах төрлийн бодис зөндөө илэрсэн гэж цагдаагийн байгууллагын мэдээлэлд дурдсан байв. Сүүлд шүүхийн шийдвэрт хэрэглэсэн гэдэг нь хасагдаад зөвхөн хадгалж байсан мэтээр тэмдэглэгдсэн байв. Тэгээд Эрүүгийн хуулийн хамгийн бага цөөн жилээр шийтгэсэн юм.
Энэ мэтээр албан тушаал, алдар цолтой хүнийг “харж үздэг” жишээ хуулийн бодлогод алдаа болж харагддаг.
Мөнгөтэй хүн шоронд ордоггүй гэсэн яриа бий. Энэ ч үнэн л дээ. Олон улсын сэтгүүлч Б.Дашзэгвэ айлын хүүхдийн өмдийг тайлснаас болж садар самууны хэрэгт холбогдон есөн жилийн хорих ял авсан. Гэтэл УИХ-ын гишүүн асан Б.Гантулга гэдэг нөхөр нэг бүсгүй хүчиндсэн. Энэ хэргийг нь мөрдөж байх явцад бас нэгийг яахыг завдсан атлаа хоёрхон жилийн хорих ял авчээ. Үүнийгээ хүндэдсэн гээд давж заалдах сурагтай. Бас хэрэг мөрдөх явцад хохирогчид хахууль өгөхийг оролдсон, шинжилгээний хариуг буруу гаргуулж нөгөөг хөлдөө чирсэн гээд олон хэрэг, сэдэл бий түүнд. Хууль иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой гэсэн хөдлөшгүй зарчим ингэж л алдагдаад байгаа юм. Хуулийнхан хууль завхруулах үйлд биечлэн оролцдог нь үнэн. Зарим нөхөд хуульд ямар нүх цоорхой байгааг тун соргогоор олоод харчихдаг. Ийм жишээ гэвэл өнөөгийн Эрүүгийн хуулийн бүрхэг заалт ЖДҮХС-гаас хууль зөрчиж зээл авах ажлыг зохион байгуулагч сайд асан Б.Батзориг нарт холбогдох хэргийг яг шийдвэрлэхийн даваан дээр тэд буруугаа хүлээлээ. Тэгээд хэргээ хялбаршуулсан журмаар хянаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ гэх юм. Шүүх, прокруорынхон ингэхийг нь хүлээж байсан юм шиг уг саналыг жигтэйхэн уриалгахан хүлээж авч байна гэнэ. Тэдэнд Эрүүгийн хуулийн дагуу шударгаар ял зүйлчилсэн бол 2-8 жилийн хорих ял оноохоор. Гэтэл хэргийг шүүхийн өмнөх шатанд шийдэхээр болов. Үүнийг нэг ёсондоо ял наймаалцах процесс гэж ч болох юм. Бас уг хэргийг ингэж залахыг дээрээс хуйвалдаанаар зохион байгуулсан ч байх. УИХ-д суудалтай МАН-ынхан бараг бүгд энэ хэрэгт холбоотой юм чинь. Ерөөс дээд талынхан голдуу холбогддог авлига албан тушаалын хэрэг нэг далдын хүчээр замхардаг нь ч нууц биш. Хуулийн заалт сулын гай их. Монгол Улс саарал жагсаалтад орсон явдалд энэ байдал нөлөөлсөн байх.
Ялангуяа орон дотроо хүртэл хууль зсч сайжруулдаг гэх Ц.Нямдорж сайдын үг ч худлаа бололтой. Ажихуйд УИХ-ынханд давхар дээл өмсгөж, зээл авч мөнгө угаагчдыг төрүүлж зарим албан тушаалтанд хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр халхавчлан ялыг өршөөх хуулийн цоорхойг бий болгожээ. Гэтэл Ц.Нямдорж сайд “Монгол Улс саарал жагсаалтад орсонд би буруугүй, харин ч сайн ажилласан” гэх маягийн юм хэлээд сууж байна. Харин цаадуултайгаа хамсаж байгаад Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга мэтийг золионд гаргаж чадав.
Яг өөрт нь чиглэсэн асуулт тулгарахад Ц.Нямдорж сайд лав миний зассан хуульд тийм цоорхой байхгүй ээ. Ер нь ч хуульч биш нөхдүүд хууль яриад балайраад гэх биз ээ. Тэгвэл Эрүүгийн хуульд мал хулгайлах гэмт хэргийн талаар маш шог заалт бий. Түүнийг хэн хийсэн нь бас тодорхой л доо.
Эрүүгийн хуулийн мал хулгайлах гэсэн зүйл ангид бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалт оруулаад тайлбарт нь олон тооны мал гэдэг нь 24 бог найман бодоос дээш тооны мал гэж ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно гэсэн байгаа юм. Энэ заалт нь хулгайч нарт энэ төрлийн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгох боломж олгосон гэсэн үг. Гэтэл одоо уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бас л нөгөө олон тооны мал гэсэн үгийг хасъя гэж байгаа ч цаад талд нь 12 бог, дөрвөн бод хулгайлсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх санаа хэвээр байх юм. Хулгайлах малын тоог 50 хувь цөөрүүлснээр хулгайч нарт ямар ч цохилт өгөхгүй. Яахав ер нь бага хэмжээгээр хулгайлаад бай гэсэнтэй адил юм.
Ер нь бол айлын өнчин ишиг хулгай хийсэн хүн ч гэмт хэрэгтэн мөн биз дээ. Бас Эрүүгийн хуульд мал хулгайлагчдад оноох ялын бодлого ийм сул байгаагийн гадна малаа алдсан малчныг хохиролгүй болгох заалт ч тун бүрхэг. Архангайн иргэн Ж ярихдаа:
-Би 17 эр үхрээ хулгайд алдсан. Хулгайч нь бараг тодорхой байхад цагдаагийнхан хөдөлж өгөөгүй. Энэ чинь хулгайч нарын хамсаатан нь хууль цагдаад байна гэсэн үг. Би юу ч олж авч чадалгүй хохироод өнгөрлөө гэж байсан. Ийм юм гэж ер нь байхуу даа. Хулгайч нарын үйлдэл бүлэглэлийн чанартай болсон нь ч үнэн. Дэндсэн гэхэд арай дэндсэн гэж ч болно. Хэнтий аймгийн хойд талын сумдаас мал хулгайлдаг бүлэг этгээдийг саяхан илрүүллээ гэж байна. Тус аймгийн Цэнхэрмандал сум, Хэрлэн, Баян-Улаан тосгоны харьяат хэсэг хулгайч Улаанбаатарын иргэдтэй хамтран 150 бод малыг 27 удаагийн үйлдлээр хулгайлсан нь тогтоогджээ. Ёстой өм цөм хулгай гэж энэ дээ. Мал хулгайлах гэмт хэрэг энэ оны эхний 10 сарын байдлаар 1637 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 664-өөр буюу 81 хувь өссөн байна. Энэ нь малын хулгайч нарын толгойг илсэн хуулийн мөнөөх сул заалтаас болсон төдийгүй мал, малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, худалдаанд ямар ч хяналтгүй байгаа явдал нөлөөлсөн гэж үзэж болно. Гэтэл манай хууль тогтоогчид шинэ хуульдаа шуудхан хэлэхэд хулгайч нарын эрх ашигт нийцсэн заалт оруулна гэх янзтай л байна. Ер нь малын хулгай гаарсан явдал хууль нь муу, хэрэгжүүлэх явцад янз бүрийн алдаа гардаг байдлаас болсон. Долоон бод, 20 бог хулгайлсан хулгайч нар хөнгөн хэргтэнд тооцогдон 7-10 хоног гудамж талбайн цас мөс цэвэрлэх, тамхины иш, хог түүх албадан хөдөлмөр гэх шийтгэл амсаад өнгөрдөг.
Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдгийн үлгэрээр хулгайлагдсан малын тоог цөөлснөөр хулгайч хумс хуруугаа татна гэж ер  байхгүй шүү дээ. Энэ мэтээр хуулийн бодлого буруу яваад байна шүү гэдгийг Ц.Нямдорж танд хэлэх байна. Монголдоо хуулийн бодлогын залуур дээр сууж байгаа хүн нь та мөнөөс мөн. Миний хувьд бол түмэн зовлон мянган тааварт тархиа гашилгаж суух минь илүүц юм шиг. Гэхдээ сэтгүүлч хүний үүрэг учраас дуугүй байх эрх алга аа.
Ц.ЖАРГАЛСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих