Рио-Тинтод 34 хувиа наймаалцах даалгавар У.Хүрэлсүхэд ирлээ

oyutolgoiМонголын төдийгүй дэлхийн анхаарлыг татсан шийдвэр Монголын парламентаас өнгөрсөн Пүрэв гаригт гаргасан нь улстөрчдийн 10 жил ярьж байгаа “хэрүүл” буюу  Оюутолгойн төсөлтэй холбоотой шийдвэр байлаа. Тодруулбал, Монгол Улсын Их хурал буюу парламентын хуралдаанаар Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай  УИХ-ын тогтоолыг баталсан билээ. Тогтоолын төсөлд Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд нийт долоон чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасан нь Оюутолгойн төслийн хувь заяаг Засгийн газарт өгсөн шийдвэр байв.

Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани нь 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээний заалтын дагуу тус уурхайн 34 хувийг Монголын тал эзэмшдэг. Үлдсэн 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” гэх охин компаниараа дамжуулан “Рио-Тинто” эзэмших болсон юм.

Одоо бид асуудалд бодитой хандах цаг болсон. Алийн болгон сэтгэлийн хөдөлгөөн, цээжний бангаар ярьж хэлж, айлын талд муухай харагдах вэ. Мэдээж Оюутолгой төсөлд сайн, муу аль аль нь бий. Хөрөнгө оруулагч тал гэрээгээр хүлээсэн зарим үүргээ ажил хэрэг болгоогүй нь үнэн. Тухайлбал, 2009 онд байгуулсан анхны гэрээнд 2013 онд Тавантолгой ордыг түшиглэж, цахилгаан станц байгуулна гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл Хятадаас эрчим хүчээ авч, жилд 200 гаруй сая ам.долларыг зөвхөн эрчим хүч худалдаж авахад зарцуулж байна.

Ийн Оюутолгойн төсөл хөдөлж эхэлснээс хойш өнгөрсөн 10 жил улстөрчдийн попрох сэдэв нь байсан гэж хэлж болно. Учир нь яагаад ч юм энэ төсөлд улстөрчид ихэд дургүй, төслийг хаая, зогсоох гэж хэлэх нь илүүтэй. Харин эдийн засагчдын хувьд эсрэг байр суурь илэрхийлдэг. Оюутолгойн төслийг зогсоовол Монголын эдийн засагт том хохирол авчирна гэдэг бодитой шүүмжлэлийг дэвшүүлдэг. УИХ-аар орохоор удтал дуншсан дээрх тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүд харьцангуй сэтгэлийн “диско”-гоо дарж, асуудалд ажил хэрэгч хандсан нь хөрөнгө оруулагч тал болоод гадна талдаа сөрөг мессеж өгсөнгүй. Ингэж хэлэхийн учир нь манай дотоодын улс төрийн үйл явцаас Оюутолгойн хувьцаа өсөх, унахад нөлөөлөх хандлага ажиглагддаг билээ. Оюутолгойн төслөөр аархаж ярих бидэнд хоёр шалтгаан бий. Нэг нь Монголчууд 34 хувийг эзэмшдэг, хоёрдахь нь баялгийн эзэн гэдэг аархал. Энэ хоёр шалтгаан үндсэндээ улстөрчдийн цаашлаад Монголчуудын цөсийг хөөргөдөг гэж болно. Яг л ийм байдлаар асуудалд хандаад бид хэдийнээ 10 жил өнгөрчээ. Энэ хооронд Оюутолгойн төсөл үргэлжилдэгээрээ үргэлжилж, манай дотоодын олон мянган компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж, мөн олон монгол залуус дэлхийн хэмжээний том төсөлд гар бие оролцож байна.

Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хэрээр Монголын талын ашиг хүртэх хугацаа нь хойшлогдоно. Айлын тал хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж дууссны дараа нь баялгийн эзэн хувь эзэмшинэ гэсэн үг. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5.3 ам.доллартой тэнцэнэ гэж байсан ч одоо энэ нь хоёр дахин нэмэгдэж, 11.1 тэрбум ам.доллар болжээ.

Хоёрт, Монголчууд 1.4 тэрбум ам.долларын өрөнд орсон. Гуравт, 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний зардлыг нөхсөний дараа 2024 оноос Монгол Улс 50-иас дээш хувийг эзэмших хүлээлт байсан ч энэ нь 2041 он хүртэл хойшлогдож, ингэхдээ үлдэж буй 16 хувийг худалдаж авах ийм л нөхцөл байдал үүссэн гэдгийг чуулганы хуралдааны үеэр гишүүд хэлсэн.

Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 2015 онд болж, далд уурхайн бүтээн байгуулалтад зургаа орчим тэрбум ам.доллар шаардлагатайгаас нийт 4.4 тэрбум ам.долларыг Олон улсын санхүүгийн таван байгууллага, гаднын нэр хүнд бүхий арилжааны 15 банкнаас 12-15 жилийн хугацаатай зээлэхдээ LIBOR+2.5, дээд тал нь LIBOR+4.75 хувийн хүүтэй 6.5 тэрбум долларыг зээлжээ. Энгийнээр тайлбарлавал, олон улсын арилжааны банкнуудаас есөн хувийн хүүтэй зээл авсан гэсэн үг. Гэрээнд Монголын талыг төлөөлж “Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан, “Эрдэнэс-Оюутолгой”-н захирал асан Да.Ганболд оролцсон билээ.

-МОНГОЛЧУУДЫН БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН САНААРХАЛ ТЭВРЭЛДЭХ ҮҮ-

Жилд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалт 5-7 жил үргэлжилж, 2021 онд олборлолтыг эхлүүлэхээр урьдчилан тооцоолсон. Харамсалтай нь далд уурхайн санхүүжилтийн зардал 1.9 тэрбум хүртэл ам.доллароор өссөний улмаас төслийн хэрэгжилт удааширч, 30 сараар хойшлогдоход хүрээд байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийн 1.12-т холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн учраас Дубайн гэрээг хүчингүй болго гэсэн санал тусгагджээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой Засгийн газрын захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан юм. Найм хоногийн дараа Засгийн газар дээрх шүүхийн захирамжийг бичгээр албажуулж авсны дараа цаашид хэрхэхээ шийдвэрлэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн.

Мөн Рио-Тинтой компанийн төлөөллүүдтэй эрх бүхий салбарын сайд болон төлөөлж байгаа Засгийн газраас бусад нэг ч хүн албан бусаар уулзалт хийхийг хориглож, Оюутолгойн төсөлд Монголын Засгийн газар нэг цонхоор хандах ёстойг гишүүдэд хатуу анхааруулсан.

Ямартай ч “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг ажил хэрэг болгож, Рио-Тинтой компанитай хэлэлцээний ширээний ард суух чиглэлийг УИХ-аас Засгийн газарт хүлээлгэн өглөө. Монголчуудын болон хөрөнгө оруулагчдын санаархал хоорондоо тэврэлдэхгүй ч гэлээ төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхийн тулд  хоёр тал хэлэлцээний ширээний ард суух нь зүйн хэрэг.

РИО-ТИНТОД ӨГӨХ УИХ-ЫН ДААЛГАВАР БУЮУ ТОГТООЛД ТУСГАГДСАН ЗААЛТУУДЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их хурлаас ТОГТООХ нь:

1.Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

1/Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК,  Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны аравдугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Эрдэнэс Монгол ХХК болон Айвенхоу Оюутолгой /Ви Ви Ай/ Лтд, Оюутолгой Нидерланд Би Ви, Оюутолгой ХХК хооронд 2011 оны зургаадугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” 40 дүгээр тогтоол, 2009 оны “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол болон Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах,

2/ Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Оюутолгой ХХК болон Туркойс Хилл Ресурсес Лтд, Ти Эйч Ар Оюутолгой Лтд, Оюутолгой Нидерланд Би Ви, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд, Оюутолгой ХХК хооронд 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт, төлөвлөгөөг”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах,

3/ Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар нэрлэсэн үнээр 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан УИХ-д танилцуулах.

4/Оюутолгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах,

5/ Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 175 тоот “Газрыг улсын хэрэгцээнд авах тухай” тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүнийн ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох,

6/ Монгол Улсын Их хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах,

7/ Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж, бэхжүүлэх,

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Т.Аюурсайхан/-нд даалгасугай.

Үндэсний шуудан


URL:

Нэр: tumur Огноо: 29 November 2019

юун наймаалцах вэ,”асуулт”-нь БУРУУ болохоор асуултын ДАРУУ ХАРИУ ярих гээд байх юм ,АСУУЛТ нь ЯАХААР ЯАГААД БАЯЛАГЫН ЭЗЭН 34%-Г “ХУДАЛДАЖ АВАХ ЁСТОЙ ЮМ???-гэж асуугаад ХАРИУЛАХ ЁСТОЙ.

Нэр: Margene Piermarini Огноо: 21 December 2019
Нэр: Edgardo Givhan Огноо: 21 December 2019

I was examining some of your posts on this site and I conceive this site is very instructive! Retain putting up.

https://www.electricpercolatorcoffeepot.com/10-top-coffee-bloggers/

Нэр: Gus Widen Огноо: 16 February 2020

Absolutely indited content , regards for information .

https://www.electricpercolatorcoffeepot.com/10-top-coffee-bloggers/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.