Хөгжил гэж үү??? !!!

Уул уурхай бол монгол улсын хөгжлийн цорын ганц гарц хэмээн тунхаглан зарлах Ардын намын хөгжлийн хөтөлбөрийг хараад би яах гэж суралцаж, ажиллаж бас амьдарч байгаадаа дахин эргэлзэхэд хүрэв.  Зөвхөн уул уурхайгаас орж ирэх мөнгөний хэмжээг хүн амынхаа тоонд хувааж тооцон гаргасан “тоо” нь дэндүү үнэмшилгүй төдийгүй түгдчин, сандран унших сайдууд болон нарийн бичгийн дарга нарын мэдлэг боловсрол дэндүү доогуур нь илэрхий харагдаж байлаа. Мэдлэг боловсрол доогуур хүмүүс тэгээд яаж улс орныг хөгжүүлэх юм бэ? Намын даргаас эхлээд бүгд л уншиж, ярьж байгаа зүйлдээ үнэмшилгүй итгэлгүй байна шүү дээ. Тэгээд монгол орныг хөгжүүлнэ ч гэх шиг хэзээ ч хийж чадахгүй, бүтээж чадахгүй зүйлээ ярьж байна. Энэ чинь зөвхөн л ард түмнийг хууран мэхлэх гэсэн л оролдлого байна.

Үнэхээр л хөгжүүлэх гээд байгаа юм бол эхлээд ном унш. Германы философич Георг Вилгельм Гегелийн хэлснээр “хөгжил гэж зөвхөн мэдлэгийн хөгжил”-ийг ярьдаг. Үнэхээр л хүн төрөлхтний хөгжлийн түүх бол эцсийн эцэст мэдлэгийн хөгжлийн түүх л байсан. Хүн төрөлхтөн аливаа зүйлийг мэдэж эхэлснээр дутагдлаа нөхөж, илүү чадалтай болсон. Тиймээс л Английн философоч Фрэнсис Бекон “Мэдлэг бол чадал” хэмээн зарласан.

Хүн төрөлхтний өнгөрсөн түүх мэдлэгийн хөгжил байсан бол хүн төрөлхтний ирээдүй ч мөн л мэдлэгийн хөгжил байх нь зайлшгүй. Тиймдээ ч хүн төрөлхтөн өнөөдөр мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн нийгмийн тухай ярьж байна, түүнд очих стратегиа ч боловсруулж байна.

Гэтэл монголын эрх барьж байгаа улс төрийн намын хөгжлийн хөтөлбөр нь дэндүү харамсалтай. Дэндүү гомдомоор байна. Үүнийг яаж тэгээд хөгжлийн хөтөлбөр гэж нэрлэж чадаж байгаа юм бэ? Шулуухан хэлэхэд хөгжлийн тухай биш хоцрогдол, ухралтын тухай хөтөлбөр байна шүү дээ. Хүн төрөлхтөн мэдлэгийн нийгэм ярьж байхад эрх баригчид хүн төрөлхтний 200-300 жилийн өмнө туулаад аль эрт өнгөрсөн уул уурхай, мал аж ахуй, газар тариалан яриад сууж байна шүү дээ.

Залуучууддаа зориулж түр орон сууц барьж өгнө ч гэх шиг. Бид эх орондоо амьдарч байгаа болохоос цагаач, дүрвэгч биш шүү. Монголын ирээдүй болсон залуусыг МАН-ынхан ингэж л доромжилж байгааг хараад уур минь хүрч байна.

Хими, физик, философи, социологи, нано, био технологи суралцаж, судлаад шаардлага байна уу? Хэрэг байна уу? Яагаад гэвэл монголын ирээдүй уул уурхай дээр тулгуурлах нь байна шүү дээ. Дэлхийн том хөгжилтэй орнуудын тоонд орно ч гэх шиг, 2031 он гэхэд нэг хүнд 60000 доллар оногдоно гэсэн тоонд хуурагдахгүй ээ. Тэгээд байгалийн нөөц нь дуусвал яах вэ? Модоо барих уу.

Дэлхийн олон хөгжилтэй орнууд болон Япон, Солонгос, Катар, Арабын Эмират зэрэг улсуудын 20 хүрэхгүй жилийн дотор өндөр хөгжил хүрсэн гайхамшгийн нууц бол зөвхөн л мэдлэг. Залуучуудаа мэдлэгтэй оронд бэлдэж, мэдлэг боловсролыг төрийн бодлогоор дэмжснээр мэдлэгийн эдийн засаг, мэдлэгийн нийгэм рүү шилжиж байгааг унших хэрэгтэй. Гэтэл эрх баригчид яав үлэг гүрвэлийн үеийн юм яриад байх юм.

Тэгээд энэ хөгжил үү. Үүнийгээ тэгээд хөгжлийн хөтөлбөр гэж нэрлэж байгаа юм уу? Тэгвэл дэндүү томоор андуурч байна. Иймэрхүү зүйлс ярьж ард түмний төөрөгдөлд оруулж хуурах гэж оролдож байгаа мэдлэг, чадваргүй оюуны согогтой сохор хүмүүсээр удирдуулаад улс орон мөхнө шүү дээ. Энэ монголын залуучуудын хүсэж байгаа зам биш бас ирээдүй биш шүү дээ. Ард түмний нэрийг барьж монголчуудын төөрөгдөлд оруулах гэж оролдож байна. Тэгж оролдуулдаг ч ард түмэн биш. Ард түмний хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан гэж олны өмнө нүцгэн гарахаасаа ичихгүй нөхдүүдийг харахаар харамсаж, ой гутах юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих