Хүнд сурталтнуудын диваажин-Брюссель

712-15749310105ddf45440fcf8“Брюсселийн луу” буюу Европын Холбоо нь ямар ч гэм хоргүй тамагочи тоглоом шиг л санагдана. Гэтэл тус холбооны Брюссель дэх захиргааны аппаратад өнөөдөр 55 мянган хүн ажиллаж байна. Хүнд сурталт түшмэдийн хувьд диваажин нь болсон энэ газарт ажилладаг хүмүүс асар өндөр цалин авдаг ба тэдэнд өгөх мөнгийг хэн төлдөг вэ? гэдэг талаар www.rg-rb.de цахим хуудсанд Арсений Каматозовын бичсэн сонирхолтой нийтлэлийг толилуулж байна.

Европын Комиссын шинээр сонгогдсон дарга Урсула фон дер Ляйен товлосон хугацаандаа багаа бүрдүүлж амжихгүй гэдэг нь өнгөрсөн долоо хоногт тодорхой боллоо. Брекситэд уурсан хилэгнэсэн Борис Жонсон Британийг төлөөлөх нэр дэвшигчдийг Брюссель рүү илгээсэнгүй. Үүнээс үүдэн фон дер Ляйен Европын Комиссыг байгуулах хугацааг дахин нэг сараар хойшлуулсан байна.
Харин Европ тивийнхэн Брюссельд засаг төр байгаа, байхгүй эсэхийг огт анзаарсангүй. Европын Комисс байна уу, үгүй юү гэдгээс бидний амьдрал ахуй, ирээдүй маш бага хамаардаг. Биднээр тэжээлгэдэг “Брюсселийн луу” бол гэм хоргүй тамагочи тоглоом шиг л санагдана…
Тэгвэл би та нарыг шоконд оруулахаар нэг зүйлийг хэлэх үү: Европын Холбооны захиргааны бүтцэд өнөөдөр 55 мянган хүн ажиллаж байна. Би үүнийг дахиад үсгээр хэлье: тавин таван мянга. Тэднээс 33 мянга нь Урсула фон дер Ляйен-ийн удирдлагад ажилладаг хүмүүс юм.
Энэхүү нүсэр аппаратыг санхүүжүүлэхийн тулд европчууд бид жил бүр 8,3 тэрбум евро зарцуулдаг байна. Энэ бол асар их мөнгө гэдэг нь ойлгомжтой, гэхдээ үүнд гол нь бус харин энэ мөнгийг хуваарилж буй механизмын онцлогт гол учир нь оршино.
Брюссельд ажиллаж буй хүмүүсийн суурь цалин нь 3,6 мянгаас 23,4 мянган еврогийн хооронд хэлбэлзэнэ. Энэ бол жирийн хамгаалагчаас ерөнхий захирал хүртэлх хүмүүсийн цалингийн хэмжээ юм. Зөвхөн Европын Комисст ажилладаг 4500 орчим ажилтан Германы Канцлер А.Меркелийн авч буйгаас /16 мянга 275 евро/ илүү өндөр цалинтай гээд төсөөл дөө.
Энэ тоо намайг үнэндээ гайхшруулсан юм. Олон нийтийн зөвхөн төсөөлөлд нь л оршдог улсын бүхэл бүтэн 4500 албан хаагч тус бүр Европын хамгийн хүчирхэг улсын засгийн газрын тэргүүнээс илүү үр дүнтэй ажиллаж байна гэнэ дээ! Энд Канцлерууд болон Ерөнхийлөгчид, Германы мужуудын сайд нартай харьцуулаагүй юм шүү дээ.
Германд 30 жилийн турш алдаа мадаг гаргалгүй ажиллаж, ажил мэргэжлийн шатаар амжилттай ахисаар ирсэн холбооны улсын түвшний албан хаагч хүний авдаг цалин орлогыг Европын Комисст 4-5-хан жил ажилласан энгийн нэгэн бичиг хэргийн ажилтан авдаг байх нь.
Ингээд Welt am Sonntag сонины захиалгаар шинжээчдийн хийсэн тооцоог толилуулъя.
Европын Комиссын иргэний албанд ажиллаж буй ахмад ажилтан сардаа 16 мянга 385 еврогийн орлого олж байгаа нь Холбооны Канцлерын цалинтай тэнцэж байгаа юм. Тэрхүү ахмад ажилтан бол хууль эрхзүйн зөвлөл эсвэл хэлтсийн дарга хүн шүү дээ. Иймэрхүү газар хэлтсийн дарга нар ердөө 10-20 хүнийг удирддаг байна.
Харин өндөр зиндааны 79 ерөнхий захирлын цалингийн хэмжээ Германы Канцлерынхаас хол давна. Брюссельд 4 жил ажилласан дарга хүн /хүүхэдгүй/ сард урамшууллыг оролцуулаад 21 мянга 310 еврогийн цалин авдаг бол Брюссель, Люксембургт ажилладаг 6 мянган албан хаагч Германы Канцлераас илүү өндөр цалин авдаг болж таарч байна. Германы сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын цалинтай харьцуулахгүйгээр шүү дээ.
Энгийн нэг жишээ дурдая. Европын Комиссын салбар нэгж буюу газар хэлтсийн дарга гэхэд сард 11 мянга 863 еврог гар дээрээ авдаг аж. Хэрвээ энэ хүн Германд татвар төлдөг байсан бол дээрхээс 2 мянгаар бага мөнгө авна.
Брюссель дэх Европын Комиссын төв байр
Гар дээрээ цэврээр 9600 евро авахын тулд Европын Комиссын ажилтан, жишээлбэл, ерөнхий орчуулагч нь ажил мэргэжлийн шатаар айхтар өндөр рүү мацах хэрэггүй, ердөө 4 жил ажиллаад цалингийн сүлжээний шатлалын 11 дүгээр түвшинд байхад л хангалттай.
Европын Комисст ажиллаад сард 10 мянган еврогийн “даруухан” цалин авахын тулд залуу хүн ямар чадвар эзэмшсэн байх ёстой вэ? Хоёр гадаад хэлээр ярьж, бичих чадвартай байхаас гадна их сургуулийн дипломтой, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Ийм хэмжээний мэдлэг туршлагатай хүн Берлинд 3,5-4,5 мянган еврогийн цалин авдаг гэж бодохоор Брюссель бол залуу хүнд сурталтнуудын хувьд Клондайк юм.
Европын Холбооны албан хаагчид өөр ямар хөнгөлөлт давуу талууд эдэлдэг вэ? Тэд татварын хөнгөлөлт эдэлнэ. Хамгийн өндөр цалинтай Ерөнхий захирал гэхэд цалингийнхаа 25 орчим хувийг л татварт өгдөг.
Үүнээс гадна, Брюсселийн албан хаагчдад хачирхалтай гэмээр урамшууллуудыг олгодог байна. Жишээ нь, гэрийн аж ахуй эрхлэхэд нь зориулж сард 181 евро олгоно. Ажилтны хүүхэд бүрт сард 397 еврогийн тэтгэмж өгнө. Гадаад оронд ажилласны нэмэгдэл гэж цалингийн 16 хувьтай тэнцэх /татвар ногдуулахгүй/ хэмжээний тэтгэмж бий. Брюссельд ажиллаж буй гадаадын иргэний хувьд энэ нь сардаа 3,5 мянган евро гэсэн үг.
Эцэст нь тэтгэврийн талаар өгүүлье. Европын Холбоо, Европын Комиссын ажилтан дунджаар 4,4 мянган еврогийн тэтгэвэр тогтоолгодог байна. Өнөөдрийн байдлаар, Европын Холбооны Санхүүгийн албыг удирдаж байсан хүний тэтгэвэр сард 10 мянга 855 евро буюу хамгийн өндөр нь.
Хүнд сурталт түшмэдийн диваажин болсон энэ газарт ажиллагсдын цалин хөлсийг хэн төлж байна вэ? Эстонид төрсөн нялх хүүхдээс авахуулаад Португалийн ахмад настан хүртэлх Европын Холбооны иргэн бүр жил тутам 16 еврог Брюсселийн түшмэд буюу “гэм хоргүй тамагочи” нарын цалинд төлж байна.
Европын Комисс товлосон хугацаандаа ажлаа эхлүүлж чадсангүй. Гэсэн хэдий ч үл үзэгдэгч энэхүү “цаасан улс”-ын цэрэг, генералууд цалин хөлсөө цагт нь авсаар байгаа гэдэгт та бүү эргэлзээрэй.
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: Монцамэ агентлаг http://www.rg-rb.de/index.php?option=com_rg&task=item&id=25229&Itemid=13

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.