М.Саруулдалай: Зохиолчдын эвлэл төрийн ажлыг хийж байна

712-157498496811-29-7Энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал М.Саруулдалайг урилаа.

-Монголын зохиолчдын эвлэл энэ жил 90 нас хүрсэн. Түүхэн замналынхаа талаар яриагаа эхэлбэл ямар вэ?
-Монголын зохиолчдын эвлэл энэ онд 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. 1929 онд их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх нар ханыг нь шийрлэсэн. Эгнээнээс нь Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай төрж гарсан бол С.Удвал, Л.Түдэв удирдаж байсан байгууллага. 1990-ээд он хүртэл төр, засгийн ивээлд зохиолчид хийж бүтээснээ мөр мөрөөр нь үнэлүүлж амьдарч байсан. Зах зээл хэмээх чөлөөт нийгэмд шилжээд ТББ болсон. Өмнө нь Монголын зохиолчдын хороо улсаас санхүүждэг байлаа. Одоо үндсэн дөрвөн ажилтантай, Удирдах зөвлөл гэж 15 хүний бүрэлдэхүүнтэй, долоон төв байдаг. Яруу найраг, үргэлжилсэн үг, орчуулга, хүүхдийн зохиол, утга зохиолынхоо төрөл зүйлээс хамаарсан долоон төв бий. Хоёр хоёр хүн Удирдах зөвлөлд гарч ирдэг. Удирдах зөвлөлийн даргатайгаа нийлээд 15 хүн бий. Дүрмэндээ жилд дөрвөөс доошгүй удаа хуралдах ёстой байдаг. Бусад өдөр тутмын байнгын ажиллагааг нь миний бие хариуцдаг. Нэг нягтлан, нэг менежер, нэг нарийн бичигтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай албан ёсны бүртгэлээр 1170-аад гишүүнтэй гэдэг. Энэ тоо нь их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэхээ тоолоод шүү дээ. Яруу найрагч, зохиолч хүмүүс хэдийгээр тэнгэрийн оронд одсон ч гэсэн Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээрээ тоологдоод л явдаг. Өнөөдөр амьд байгаа нь 700-гаад хүн, үйл ажиллагаандаа тогтмол оролцдог нь 300 гаруй хүн бий. Манайх 20-оод өрөөгөө түрээсэлж амьдарч байна. Түрээсээ 100 хувь авбал сард таван сая гаруй төгрөг цуглардаг. Цалингийн фонд нь гурван сая гаруй төгрөг болно. Өвлийн цагт цахилгааны төлбөр гэж сая саяар нь өгдөг дөө.
-Төр засгаас дэмжлэг бий юу?
-Д.Нацагдоржийн музей, Цог сэтгүүл, Утга зохиол сонин нь манай үнэт зүйл гэж явдаг. Үнэт зүйлийг зөвхөн их хурлаараа нийт гишүүдээрээ шийддэг. Удирдах зөвлөл нь хурлаар шийдээгүй байхад дураараа байшин барилгаа нураадаггүй. Зохиолчдын бага чуулган хоёр жилд нэг удаа болдог. 2017 онд энэ чуулганаараа одоогийн Удирдах зөвлөлд Д.Нацагдоржийн музей байшинг шинэчилж сайжруул гэсэн үүрэг өгч, эрхийг нь аваад ажиллаж байна. Ямар ч гэсэн хоёр жилийн дараа ганц Д.Нацагдорж ч биш Монголын зохиолчдын музей нээх зорилготой ажиллаж байгаа. Гүйцэтгэх компани маань ч зураг төслөө хийсэн. Ер нь зохиолчдын эвлэл төрийн ажлыг хийж байгаа. Монгол Улсад БСШУСЯ гэж бий. Тэнд нь соёл, урлаг хариуцсан газар, Нийслэлийн соёл, урлагийн газар гэж төсөв, орон тоотой байгууллага байна.
Монголын зохиолчдын эвлэлд ядаж урсгал зардал ч юм уу, тодорхой хэмжээний төсөв өгөөд тэтгэвэртээ гарсан олон зохиолчдоо сурах бичгийн чанар, сурталчилгааг яагаад хийлгэж болохгүй гэж. Төр, засаг орж ирэхээр улс төр орчихно гэж алийн болгон нэг нэгийгээ хардах юм бэ. Зохиолчид чинь мундаг энергитэй, зөв бодолтой, улс орондоо юмаа өгье гэсэн ахмадууд байна. Адаглаад бүх хэвлэлийн үйлдвэртээ нэг нэг редактор тавихад болно шүү дээ.
-Нэг хэсэг уран зохиол зогсонги байдалд орсон. Энэ юунаас болов?
-Би Д.Батбаярын шавь. Багш маань “Яруу найраг гэдэг бол найрал дуу биш, урсах нулимсны чимээ” гэж хэлсэн байдаг. Одоо ч хавар, намартаа номын баяр хийж, олон хүн ном бичиж хэвлүүлдэг болж. Гэхдээ хатуухан хэлэхэд уран зохиолын амин мөн чанар олон цагт дурсагдах хүч чадалтай байх ёстой. Түүнээс арилжааны уран зохиол хаана ч байдаг. Миний хувьд уран зохиол ямар ч цаг үед унадаггүй, тухайн шилдгүүд байж л байдаг гэж ойлгодог. Одоо их ном гарч борлогдсоноороо, магадгүй зарим хүн гэрээ дүүргэх гэж ном авдагт хувь хүнийхээ хувьд эсрэг байр суурьтай байдаг. Мэдээж олон хүн ном зохиол бичээд, хүмүүс уншиж байгаа нь муу юм биш. Ямар ч гэсэн энэ хүмүүс худал яриагүй, хулгай, улс төр хийгээгүй соёлын талдаа байгаа нь дэвшилтэт боловч аливаа юмны амин чанар байх ёстой.
-Монголын зохиолчдын эвлэл цаашид юу хийх вэ?
-Зохиолчид маань бид цаашид яах вэ, Засгийн газрын харьяа агентлаг болох ёстой юу, гадаад харилцаагаа яах вэ гэдгээ энэ жилийн бага чуулганаараа хэлэлцсэн. Мэдээж гадаад харилцаа чухал ч орчин цагт шал өөр ойлголт болсон. Монголын зохиолчдын эвлэл 21 аймаг, дүүргүүдэд салбар зөвлөлтэй, 2013 онд АНУ-ын Чикагод, 2015 онд Европт салбараа нээсэн. Энэ жил Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, “Болор цом”-ын эзэн Д.Болдхуягийг Бээжингийн суурин төлөөлөгчөөр томилсон байгаа. Манай дүрэмд 21 аймаг, дүүрэг, гадаад суурин төлөөлөгчтэй байж болно гэж заасан байдаг. Гадаад харилцаа гэхээр манай зохиолчид өөрсдөө очоод харилцаа холбоо тогтоож болж байна. Д.Урианхай гуай өнгөрсөн жил Азийн шилдэг яруу найрагч боллоо. Аль нэг байгууллага гадаад харилцаа хийхээсээ илүү манай хувьд урд, хойд хөрштэйгөө сүүлийн 10-аад жил олигтой харилцаатай яваагүй. Өнгөрсөн жил Өвөрмонголын Утга, урлагийн холбоо, зохиолчдын хорооны дарга Дорнотэнгэр гэсэн хүмүүстэй уулзаж хоёр орны утга, зохиолыг хөгжүүлэх, харилцан орчуулах талаар харилцан ярилцаад ирсэн. Мөн Горькийн утга, зохиолын дээд сургуулийн дэд захирал болон Оросын алдартай хүүхдийн зохиолч нар ирсэн байгаа. Манай гурван хүн энэ сургуулийн дээд курст суралцаж байна. Хүүхдүүд орос хэлийг сурвал Горькийн утга, зохиолын сургууль найрсгаар хүлээж авах гэрээ, хэлэлцээ хийж байна. Өмнө нь бид Оросоор дамжиж хөгждөг байсан. Ер нь хөрш хоёр орныхоо хэлийг сурахгүйгээр XXI зуунд явахгүй. Дэлхийн таван хүний нэг нь ярьж байгаа хятад, орос, англи хэлийг заавал сурах ёстой. Монголын зохиолчдын эвлэл олон зүйлийг санаачилж хийж болох ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг асуудал бий.
-Энэ жилийн чуулганаараа Монголын уран зохиолын өвийг хамгаална гэсэн байна. Энэ талаар?
-Мэдээж уламжлалгүй бол шинэчлэл байхгүй. Уламжлал, шинэчлэл харилцан шүтэлцсэн байх ёстой. Утга, зохиолын өвийг хамгаалах хамгийн чухал асуудал бол оюуны өмч байдаг. Миний хувьд энэ байгууллагад 2006-2008 онд Х.Чилаажав даргыг байхад менежерээр нь ажилласан. Энэ үед Монголын зохиолчдын эвлэлийн оюуны өмчийг хамгаалах төвийг байгуулсан. 2008-2013 онд хувиараа юм хийж байгаад 2013 онд буцаж ирээд Хяналтын зөвлөлийн даргын албыг гурван жил хашиж байгаад 2016 онд Г.Мөнхцэцэгийг УИХ-ын гишүүн болоход нь нэг жил гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байгаад 2017 оноос гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Оюуны өмчийг хамгаалах төв уг нь байгаа ч 40-өөд хүн гэрээ хийгээд зогссон. Уг нь Оюуны өмчийн хуульдаа Оюуны өмчийн газар, Монголын зохиолчдын эвлэл, Монголын зохиолчдын эвлэлийн оюуны өмчийг хамгаалах төв гэсэн хамтарсан байгууллага гэж бий. Ний нуугүй хэлэхэд төсөв мөнгөний асуудалтай байгаа. Монголын зохиолчдын оюуны энэ байгууллага удирдлагын хувьд улсынх байгаад хэрэггүй гэж боддог. Тэртээ тэргүй бид дөрвөн жилд нэг удаа хийдэг их хуралтай. Их хурлаараа Удирдах зөвлөлийн даргаа сонгодог. Ямар ч байсан ийм байгууллага улсын төлөө яваад байгаа, улсын өмнөөс ажлыг нь хийж байгаа гэдэг утгаар нь урсгал зардал, цахилгаан дулаан ч юм уу сард таван сая буюу жилийн 60 сая төгрөгийг өгдөг бол түрээсээр олсон орлогоо өөр юманд зарцуулаад явна. Аливаа юманд шинэчлэл хэрэгтэй, 90 жилийн ойгоор Монголын зохиолчдын эвлэлийг Ерөнхийлөгч “Хөдөлмөрийн гавьяа”-ны одонгоор шагнасан.
1970-аад онд Б.Лхагвасүрэн гуайг залуу зохиолч байхад С.Удвал гуай хоёр Дорнодын хилийн застав дээр шөнө очиход хилийн цэргийн офицер алхаж ирэн ёслоод “БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгч, Монголын зохиолчдын эвлэлийн дарга С.Удвал танаа, Монгол Улсын хил тайван байна” гэхэд Б.Лхагвасүрэн гуай уйлсан гэсэн. Тэгээд дараа нь надад “Ийм л сайхан нэр хүндтэй байгууллага юм шүү. Миний хүү хичээж ажиллаарай” гэж хэлж байсан. Зарим хүний сонирхдог юм нь ч өөр болж.
-Монголын зохиолчдын эвлэлийн орон тоог нэмэх боломж хэр байдаг юм бол?
-Манай байгууллагын хувьд айхтар юм хүсч, гуйгаад байдаггүй. Дөрөвхөн хүн ажиллаж байгаа ч орон тоог нь нэмэх хэрэгтэй. Яам, агентлаг газар нь байгаад ч үнэнийг хэлэхэд тоохгүй байна. Харин ч өө яах вэ төрийн бус байгууллага, биднээс юм гуйдаггүй эсвэл хэдэн зохиолчид дураараа ч гэдэг юм уу, иймэрхүү байдлаар хандамгүй байна. Ядаж уран зохиолын сурах бичиг гарахад зохиолчдоо дуудаж тодорхой хөлсийг нь өгөөд хянуулчихдаг баймаар. Яамаар орохоор нэг л их стандарт ярьсан мэргэжилтнүүд сууж байдаг. Үнэндээ 10 жилийн сургуулиудын уран зохиолын багш нар гэж том асуудал байна. Манай зохиолчид чадах ядахаараа сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч юм уу гайгүй сэтгэлтэй нь зохиолчдыг уриад ярилцлага хийдэг. Үүнийг жил бүр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтарч хийдэг байвал гэж бодогддог л юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.