АН-д “Алунгоо эх” хэрэгтэй байна

15752166125de3e5e4e517c2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн санаанд оромгүй гарч, МАН 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан.  Хэн ч ийм үр дүн гарна гэж санаагүй байх. Бүр 40 гаруй шинэ гишүүн сонгогдож, олныг алмайруулсан юм.  Сонгуулийн үр дүн гарахтай зэрэгцээд нийтлэлч Баабар “Энэ сонгууль миний псимист төлөөслөөс өөр байсанд маш баяртай байна. Ардчилсан нам дээрэмчид луйварчдаасаа саллаа.  Ямар гоё сонгууль болов оо. Энэ бол МАН-ы төгсгөлийн эхлэл, АН-ы аугаа түүхэн ялалтын эхлэл. Би ардчилсан намдаа хайртай. Гэхдээ энэ сонгуульд ялагдаасай гэж өдөр болгон бурханд мөргөдөг байсан. Зи гээс салаасай гэж. @Temuujin_Kh Тэмүүжээн, Ардчилсан намыг шинэчлэх, луйварчдаас салгах шаанс гараад ирлээ шдээ. Сонгуулийн үр дүнд би баярлаад үхэх нь Монголын ард түмнийг Зи Энхболд, Портуун нараас салгаж өгсөн ард түмэндээ баярлалаа” хэмээн твиттерт жиргэж байлаа.   Ёстой л зарим нэг сэтгэцийг нь шалгуулахад гэмгүй хүмүүсийг улс төрөөс түр ч болов зайлуулсанд олон хүн Баабараас дутахгүй баярласан биз.

Харин түүний хэлсэнчлэн АН-ын агуу түүхэн ялалтын эхлэл байж чадсан уу.  2016 оны сонгуулийн дараа, бүр тодорхой хэлбэл, саяхныг болтол нээрээ ч Баабар гуайн зөв юм шиг байлаа. АН шинэчлэлийг эхлүүлж, намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгоод л. Ялж гарч ирсэн С.Эрдэнэ дарга шинэчлэлийг эрчимтэй хийж байна гэж хэсэгтээ л давхисан.  Харин эрх баригч МАН өгсөн амлалт бүрээсээ буцаж, татварын дарамтыг ард иргэдийнхээ нурууг зулгартал нэмж. Эв нэгдлийг ярьж гарч ирчихээд, Засгийн газраа огцруулж, хотын даргаа хүртэл сольж байхад АН-ынхан бүр ил алга ташиж байсан.  Сонгууль болбол АН үнэмлэхүй ялалт байгуулж, МАН-ын төсгөл ч ирчихээд байгаа аятай аяглаж байлаа. Гэтэл АН-ынхан амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв гээч болж байна.  Тэд эрх баригчдыг эвдрэлцэж, энээ тэрээ болж байхад өөрсдөө эвтэй байсангүй.

Нөгөө шинэчлэл ч байндаа туссан эсэх нь эргэлзээтэй. Намынхан нь дарга С.Эрдэнээ шинэчлэл нэрээр АН-ыг хувьчилж авлаа гэж эсэргүүцэж эхэлсэн. Саяхан хэдэн залуу гарч ирээд, “С.Эрдэнэ огцор” гэж баахан хашгирав. Сүүлийн жилүүдэд ингэж хашгирсан удааг тоолбол олон.  Хэн нэгнийх нь харваж байгаа “сум” ажлаа  буй нь тэр биз.  АН луйварчдаас салсан эсэхийг ч хэлэхэд бэрх. Оюутолгойн гэрээг бантагнуулсан Ч.Сайханбилэгийнх нь зэс бага багаар цухайж, Монголыг яаж хорлосон илэрч эхэллээ. Гагцхүү түүнийг болоод тэдний багийг шийтгэх эр зориг хэн нэгэнд бий эсэх нь эргэлзээтэй.  Одоо ганцхан зүйл тодорхой байна. АН сүйрлийнхээ ирмэг дээр ирээд зогсчихлоо. Энэ нам аль хэдийнэ тав, зургаа хуваагдчихаад, бие биенээ хэмэлж байна.

С.Эрдэнэ тэргүүтэй нэг хэсэг намынхаа цөмийг хадгалахын төлөө тэмцэж байгаа. Гэтэл Ерөнхийлөгч болон З.Энхболд тэргүүтэй хэсэг нь юу болохыг чимээгүйхэн ажиглаж байна. Яг хоёр тийшээ харсан гэж хэлэхэд хэцүү ч хөтлөлцөөгүй нь үнэн.  Нэгэн цагт АН-ын дарга, “Шинэчлэлийн” тодотголтой Засгийн газрын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг туурга тусгаарлах сураг гараад байна. Шинэ нам байгуулах юм гэсэн.  Хотын дарга асан Э.Бат-Үүл аль хэдийнэ нүүрээ буруулаад, “Гэр хороолол” нэртэй хөдөлгөөн байгуулж, муулж болох бүхнийг муулаад явж байна.  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн фракци гэж хэсэг “татар” бий.  Гэхдээ тэр салж давхиад байгаа энэ олон толгойны хэнийг нь дагздаад сууж байгааг таахад бэрх.  Яг бодитоор АН нэг тасарсан нь Ж.Батзандан, Л.Болд хоёр. Намынхаа шийдвэрийн эсрэг явсан учраас хөөгдсөн.  Бүлэгтэй байсан АН хоёр гишүүнээ алдсанаар зөвлөл болж хувирчихаад байна.  АН-ын 2016 оны сонгуулиас хойш хийсэн шинэчлэл нэг иймэрхүү.  Тэд энэ янзаараа 2020 оны сонгуультай золговол АН-ын агуу, түүхэн ялагдлыг давтахад ойрхон байна.

1996 оны сонгуулиар 50 суудал авч, ялалт байгуулсан АН эрх барих хугацаандаа 4 Засгийн газар сольж, жинхэнэ утгаараа самарсан.  Улмаар 2000 онд хүнд цохилтод орж, МҮАН, МШАН-ын “Ардчилсан холбоо” эвсэл ердөө ганцхан суудал авч байв. МАН 72 суудал авч, ардчиллын төлөөх намууд хэдэн тийшээ хараад хэзээ ч амжилт олохгүй гэдгийг сануулсан. Ингэснээр 2000 онд ардчиллын төлөөх 5 нам нэгдэж, одоогийн АН-ыг бий болгосон юм. Ардчиллын төлөөх намууд нэгдсэнээр алдаагүй,  удаа хамтарсан Засгийн газарт орж ажиллацгаасан. Өмнөх 4 жилд арай олон суудал авч, хагас ч болов ялалт байгуулсан.  Энэ түүх тэднийг задарч, бутарч болохгүйг сануулах учиртай. Гэвч тэд өнгөрснөөсөө суралцахаа умартаад, алдаагаа давтаж, 5 тийшээ харчихлаа. Одоо АН-д “Алунгоо эх” л хэрэгтэй байна.

Ж.Батзандан, Л.Болд хоёроо “поп” урлагтаа хувь нэмэр оруулаад яв гээд үдээд, бусад нь эвлэлдэхгүй бол сонгуулиар үр дүнд хүрэх нь юу л бол.  МАН-ын өнгөрсөн жилүүдийн хагарал бутрал, амлалтаасаа буцсан, татвар нэмснийг ашиглана гэж тооцож байтал утааг бууруулж, бодит үр дүн харуулчихлаа. Өвөлдөө утаагүй нийслэлд амьдарч байгаа хүмүүст ганц Засгийн газар огцрох ёстой лөөлөө л байна. Харин У.Хүрэлсүх зүтгэж байж Засгийн газраа аваад, зоригтой ажиллаж, шийдэл гаргалаа л гэж харна. Харна ч гэж угаасаа тэгж харж байгаа. Тиймээс өөдрөг төсөөлөл чинь бүтэхээ больчихлоо. Одоо хэн нэг нь, С.Эрдэнэ үү, Ерөнхийлөгч Х.Баттулга уу, З.Энхболд нь уу хамаагүй, “Алунгоо эх” болж, таван сум тараагаад, намаа эвлүүл. Чадахгүй бол сүйрлийнхээ ирмэгээс унаад, Баабар юу гэж тохуурхахыг сонсох л сонголт үлдэж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.