Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татжээ

mMt0oqfSTUN0qzx1013A-smallУИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрсөн жилийн тавдугаар сард Төрийн ордны хоёр давхарын гонхноос учир битүүлэг байдлаар унаж харамсалтайгаар амиа алдсан билээ. Дээрх хэргийг  Цагдаагийн ерөнхий газар, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Талийгаач Г.Батхүү хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өрөөнөөс гарч яваад амь насаа алдсан байдаг. Хэрэг гарсны дараахан  Н.Номтойбаяр гишүүн “Надтай уулзахдаа сэтгэл санаа нь тайван тогтвортой байсан ч нүүрнийх нь судас бага зэрэг улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан. Миний өрөөнөөс гарахдаа “Ахыг нь хүн хүлээж байна” гээд яараад гарсан. Миний өрөөнд уулзалт болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй. өдрийн хоолон дээр архи задалсан нь үнэн. Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр өдөр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг шүү дээ” хэмээн мэдээлж байв.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2019 оны тавдугаар сарын 19, 30,  2019 оны зургадугаар  сарын 18-нд гэрчийн мэдүүлэг тус тус өгсөн. Тухайн үед Н.Номтойбаяр “Талийгаач хундгалж өгсөн архийг уусан. Илэрхий мэдэгдсэн үйлдэл гаргаагүй
… талийгаач уугаагүй юм шиг байсан гэх зэргээр зөрүүтэй мэдүүлжээ.
Иймд хууль хяналтын байгууллагаас түүнийг зөрүүтэй мэдүүлэг өгсөн зэрэг шалтгаанаар яллагдагчаар татсан аж.
Энэ талаар Н.Номтойбаяр “Тухайн үед талийгаач уугаагүй юм шиг байсан. Надад драгер үлээлгэх, амыг нь үнэртэх боломж байгаагүй учраас тухайн үед өөрт бодитоор анзаарагдсанаа л мэдүүлсэн. Талийгаач миний өрөөнд архи хэрэглээгүй. Иймд намайг яллагдагчаар татсан нь хууль бус бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорын газарт өгөхийг хүсэж байна”  гэх хүсэлтийг Мөрдөн байцаах албаны дарга цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд саяхан гаргасан байна. Талийгаач Г.Батхүү агсанд хийсэн задлан шинжилгээгээр ходоодны шингэнд 5.5 помилли спирт илэрсэн байна. Түүний үхлийн шалтгаан нь тархины цус харвалт гэдгийг ШШҮХ-ээс тогтоосон аж.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний туслах, зөвлөх нарыг худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Эрдэнэсувд “Төрийн ордонд иргэн Б амь насаа алдсан үйлдэлтэй хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон түүний туслах, зөвлөх нарыг гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр өнгөрсөн сарын 19-нд  Эрүүгийн хуульд заасны дагуу яллагдагчаар татсан” хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдээд байгаа.   Хэрвээ Н.Номтойбаяр гишүүнийг худал мэдүүлсэн хэргээр яллах юм бол Эрүүгийн хуульд дараах байдлаар тусгасанаар хариуцлага хүлээх магадлалтай байгаа юм.
Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл.Худал мэдүүлэх
1.Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг ажээ.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.