Баялаг бүтээгчдийг “дээрэмдсэн” балагтай түшээ хэн бэ?

bddd93e1333d40fd7711c1f7587b2109УИХ-ын чуулганы танхимд бусдыг “хулгайч, худалчаар” нь дуртай үедээ дуудаж суудаг Л.Энхболд гишүүн өөрөө жинхэнэ хулгайч болох нь олон түмэнд ил болсон билээ. Жижиг дунд үйлдвэрлэгч нарт очиж баялаг бүтээх ёстой асар их мөнгийг замаас нь эрх мэдэл, албан тушаалын сүрээрээ зувчуулж авсан тэрээр энэ мөнгөө зөвхөн ашиг олоход л зориулсан байдаг. Улсаас жилийн 3 хувийн хүүтэй мөнгө зээлж авчихаад, түүнийгээ сарын 3-3,5 хувийн хүүтэйгээр зээлүүлж, ядарсан ард түмнээ цөлмөж, задартал баяжиж байгаа аж. Хэрэг явдлыг нэхэн сануулахад, 2018 оны  сүүлээр жирийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих ёстой байсан ЖДҮХС-гийн асар их мөнгийг МАН-ын гишүүдэд бараг л адил тэнцүү авлига маягаар өгсөн байсан нь илэрч нийгэм даяараа шуугисан билээ. Баялаг бүтээх гэсэн чин хүсэлтэй, байгаа хэдэн бараа бүтээгдэхүүнээ ахиухан үйлдвэрлэх гэсэн мөрөөдөлтэй жижиг дунд үйлдвэрлэгчдэд эрээд олддоггүй эрдэнэ мэт зээл нь эрх мэдэлтнүүдэд тэрбум, тэрбумаар нь олдоод байсан нь хачирхалтай.

УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд бүр гурван ч удаа ЖДҮХС-гийн хөрөнгөнд гараа дүрсэн нэгэн. Тэрээр охин Э.Мандухайн нэр дээр “Мэйт экспорт интернэшнл” компани байгуулан өгч, улмаар 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний  өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдсоноор “шударга үнэний туйл” маань Төрийн ордонд том дуугарах нь байтугай Өмнөговь аймгийг зориход ч нүүр халуун болсон. Уг нь Л.Энхболд 1.3 тэрбум төгрөгийн зээлийг өөртөө “хулгайлж” байхаар тойргийнхоо бичил бизнес эрхлэгч 100 хүнд хөөцөлдөөд өгчихсөн бол мөн ч их буян болох байлаа. Шударга хүний дүрд гаргуун тоглож байгаа эрхэм гишүүнд даанч ийм сэтгэл байхгүйг энэ үйл явдал харуулсан юм. Тэрбээр ийнхүү шударга царайныхаа цаана будилаан хутгаж явахдаа буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр “Мэйт экспорт интернэшнл” компанийг Э.Чагнаасүрэнгийн нэр дээр шилжүүлжээ. Хөөрхий будилаантай ч гэсэн эцэг хүн л болсон хойно охиноо өөрийнхөө луйврын ажиллагаанаас хөндийрүүлж байгаа царай нь энэ бололтой. Гэсэн хэдий ч хөдлөшгүй баримт байгаа хойно хууль зөрчин зээл авсан хэрэгт охин Э.Мандухай нь ороогдож байгаа. Тэр ч бүү хэл Л.Энхболд тэргүүтэй гишүүдийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хамсаатнуудыг АТГ-аас баривчлан шалгах мэдээлэл бий. Тэгэхээр хөөрхий охин Э.Мандухай “шударга” эцгийнхээ хийсэн хэргийн өмнөөс шүүхийн хаалга татах бололтой. Магадгүй илүү их будилаан гарвал ял ч авч мэдэхээр нөхцөл байдал үүсч болзошгүй. Найз нөхөд нэгнээ хэрэгт түлхсэн тохиолдол олон байдаг, тэр ч бүү хэл ах дүү нар нэгнээ түлхсэн тохиолдол ч цөөнгүй бий. Харин өөрийнхөө төрсөн үрийг хэрэгт түлхэж байгаа эцгийн тухай сонсоогүй юм байна.

Ингэхэд Л.Энхболдын охин Э.Мандухайн нэр дээр байсан компанийг шилжүүлж авсан Э.Чагнаадорж гэгч хэн бэ гээд тандахаар бас л нэг залилан мэхлэгч байгаа нь тодорлоо. Тэрбээр өдгөө Л.Энхболдын үүсгэн байгуулсан “Ирээдүй инвест” Банк бус санхүүгийн байгууллагад нягтлан бодогчоор ажилладаг нэгэн аж. Тэрбээр 2016 онд Л.Энхболдыг УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэр 1.5 сая төгрөг хандивлаж, улмаар Л.Энхболдыг УИХ-ын гишүүн болоход нь сонгуулийн ажиллагаанд зүтгэсэн, хандив өргөсөн шанд гишүүний Туслах хэмээх алба авсан нэгэн. Цааш лавшруулан судлахаар Э.Чагнаасүрэн нь 2006 онд хэдэн нөхдийн хамт Хадгаламж зээлийн хоршоо байгуулж, тавхан сарын дараа гэхэд 16 харилцагчийн 64 орчим сая төгрөгөөр хохироож, Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 148.3 зүйл ангиар шийтгүүлэн, зургаан жилийн хорих ял сонсож байсан этгээд гэнэ. Ёстой л өнөөх “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэг болж байна.  Мөн Э.Чагнаасүрэн нь “Хас говь транс” компани эзэмшдэг бөгөөд Л.Энхболд түүний эзэмшил компанид Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авч өгсөн нь бас баримтаар нотлогдсон. Тэгэхээр “шударга үнэний дууч” маань Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд нэг бус удаа гараа дүрээд авчээ. Эндээс харахад л Л.Энхболдыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд хангалттай баримт. Энэ дагуу ч УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байсан билээ.  УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хэлэлцэх үеэр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулга хийсэн. Түүний танилцуулгад УИХ-ын гишүүн Л.Энхболдын ЖДҮХС-ийн хэрэгт холбогдсон тухай ингэж тайлбарласан байдаг. “УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор “Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” компаниар төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулжээ. Үүнийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Хас говь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.  Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” хэмээжээ. Гэвч өнөөгийн парламент нэг намын үнэмлэхүй олонхийн хэргээ гаргаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүй авч үлдсэн юм. Гэлээ гээд Л.Энхболдын идсэн уусан хэрэг нь цайрахгүй нь цор ганц үнэн. Амнаасаа өдөр болгон шахуу шударга ёс гэх үг унагаж,  бусдыг “хулгайч, зэлгийч”-ээр нь дуудаж, өөрийгөө шударга хүнд өргөмжилдөг түүнд Монгол улсын хууль ч шударгаар үйлчилж, зохих ял шийтгэлийг нь эдлүүлэх нь жинхэнэ шударга ёсонд нийцнэ.

Эх сурвалж: Түмэн.мн


URL:

Сэтгэгдэл бичих