Бүсээ чангалах зургаан жил эхэллээ

712-157533064312-3-6Шинэ он солигдоход ганцхан сарын хугацаа үлдлээ. Салбар бүрт хийж бүтээсэн болон төлөвлөсөн ажлуудаа тайлагнан баярлан цэнгэдэг жилийн сүүлийн сар эхэллээ. Гэвч оны төгсгөл дэх статистик мэдээллүүд тийм ч таатай уур амьсгалтай биш байна. Өөрөөр хэлбэл, 2020 он улс орны эдийн засгийн хувьд эрсдэлтэй, уналттай жилүүдийн эхлэл болох нь тодорхой боллоо. Дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаад, дотоод худалдаа, өр зээлийн статистик мэдээллүүдээс харахад ирэх жилүүдэд бид бүсээ чангалахаас аргагүй байдалд хүрэх нь ойлгомжтой байна. Томоохон бондуудын өр төлбөрийг 2021 оноос төлж эхлэх гэж байхад импортын наймхан сарын хэрэгцээг хангах гадаад валютын нөөцтэй байгаа. Энэ нь өрийн хэмжээтэйгээ харьцуулахад асар бага нөөц гэдгийг эдийн засагчид хэлсээр байна. Дээрээс нь хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг баталчихаад сууж байгаа. Төсвийн орлогоо 11.7 их наяд төгрөгөөр тооцоолсон мөртлөө 13.8 их наяд төгрөгийн зардал гаргах төсвийг их хурал баталсан. Ирэх оны тавдугаар сард дуусах ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”, долдугаар сард дуусах Хятадын Ардын банктай байгуулсан “Своп” гэрээ, дээрээс нь улс төрийн сонгууль гээд эдийн засгийн эрсдэлийг нэмэгдүүлэх олон үйл явдал биднийг хүлээж байна. Зөвхөн 2020 он биш эдийн засгийн ээдрээтэй нөхцөл 2025 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Найдвар алдсан нүүрсний экспорт
42 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон 2019 оны төлөвлөгөө биелэхгүй нь тодорхой болж байна. Гэтэл 2020 онд мөн 42 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн.
Эрсдэл их байгааг эдийн засгийн тооцоо судалгаануудаар хангалттай л хэлж байлаа. Гэвч бодлого тодорхойлогчид үүнийг тоогоогүй. Ганц жишээ нь нүүрсний экспорт. Ирэх онд уул уурхайгаас өнгөрсөн жилд олсноосоо 24 хувиар илүү буюу 3.2 их наяд төгрөг олно. Үүний 1.4 их наядыг 42 сая тонн нүүрс борлуулж олно гэж тооцоолсон. Гэвч өнгөрсөн сараас хумигдаж эхэлсэн нүүрсний экспортын дүн хэмжээ энэ төсөөллийг үгүй хийж орхилоо. 2019 онд экспортлох 42 сая тонн нүүрсний төлөвлөгөөг биелүүлэхэд өнгөрсөн сарын байдлаар 10 сая тонн нь дутуу байв. Тодруулбал, 2019 оны эхний арван сарын байдлаар Монгол Улс 32.4 сая тонн нүүрс экспортлоод байв. Он дуусахад ганцхан сар дутуу байгаа энэ үед төлөвлөсөн тоондоо хүрэхгүй болох нь нэгэнт тодорхой болов. Өнгөрсөн оны аравдугаар сард БНХАУ манай улсаас гурван сая тонн нүүрс авч байсан бол энэ оны аравдугаар сард 2.8 сая тонн болж буурсан нь эдийн засагчдын тооцоолж байсан эрсдэлийг бататгав.
Манай улс 2003 оноос эхлэн нүүрсээ экспортолж эхэлсэн байдаг. Тухайн онд бид 0.4 сая тонн нүүрс урагш нь гаргаж байсан. Үүнээс хойш зарим жилд өмнөх жилээсээ багассан үзүүлэлттэй байсан ч нүүрсний экспортын ерөнхий дүн өссөөр өнгөрсөн онд 36 сая тонн нүүрс экспортолсон юм. Сүүлийн жилүүдэд тогтмол унаж байгаа нүүрсний үнэ, ганцхан улсаас хараат экспорт гээд энэ салбарт маш их эрсдэл байсаар байтал 2019 онд өмнөх оноос бүхэл бүтэн зургаан сая тонноор ахиулсан төлөвлөгөө гаргасан нь ийнхүү бүтэлгүйтэх тийшээ хандаад байна. Тэр ч байтугай 2018 оныхоо экспортыг гүйцэх үү гэсэн асуултыг өнгөрсөн сарын уналт давхар үүсгэж орхилоо. Гэтэл 2020 онд энэ алдаагаа дахин давтаж баталсан нь яалт ч үгүй асуудал дагуулахаар болоод байгаа. Дээрээс нь БНХАУ СОР-21 гэрээнд нэгдсэнээр дэлхийн дулаарлын үйл явцад үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор нүүрснийхээ хэрэгцээг хязгаарлах бодлого явуулж байна. Энэ нь Монгол Улс ийм өөдрөг төсөөллөөр нүүрсний экспортоос орлого олох арга замыг шууд хязгаарласан тодорхой шалтгаан болж байгаа юм.
Үндэсний хөгжлийн газраас өнгөрсөн онд гаргасан Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн хүрээ /2018-2025/ тайланд энэ зураглалыг зурсан байлаа. Монгол Улсын хувьд улс төрийн тодорхойгүй нөхцөл байдал, гадаад өрийн хүнд дарамт бүхий он жилүүд, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн нь БНХАУ-ын ганцхан зах зээлээс шууд хараат, шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хараат, орлогын эх үүсвэр болох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлээс шууд хамааралтай байгаа нь эдийн засгийн эмзэг байдлыг үүсгэхээр байна. Ялангуяа, дэлхийн зах зээлийн үнийн таамаглалаас харахад 2019 оноос нүүрсний үнэ тасралтгүй буурч, экспорт ч буурах төлөвтэй байгааг дурдаж байжээ. Эдийн засгийн эрсдэлтэй энэ байдал нь 2025 он хүртэл үргэлжлэхээр байгааг тайланд анхааруулсан байв.
2020 оноос эхлэх эдийн засгийн хямралд зөвхөн манай улс биш дэлхий нийтээр өртөх төлөвтэй байгааг шинжээчид хэлж байна. Үүнд хамгийн том нөлөөг БНХАУ үзүүлэх бөгөөд тус улсын эдийн засгийн өсөлт буурах төлөвтэй байгааг гадны шинжээчид дүгнэсэн байна.
Эдийн засгийн өсөлтийн хамгийн доод түвшин 2021 онд тохиож байна
Дээд доод ямар ч хувилбараар төсөөлсөн эдийн засгийн хамгийн бага өсөлт 2021 онд тохиохоор байна. Эх сурвалж: Үндэсний хөгжлийн газар.
Үндэсний хөгжлийн газраас гаргасан хөгжлийн тайланд ирээдүйн нөхцөл байдлын дээд, дунд, доод гэсэн гурван хувилбараар тооцоолдог байна. Гэвч аль ч хувилбараар нь тооцоолж үзсэн найман хувьтай байгаа энэ жилийн эдийн засгийн өсөлт 2020 онд 5-7, улмаар 2021 онд 4-5.6 болж хамгийн доод түвшиндээ очоод 2022 оноос буцаад бага зэрэг сэргэх төлвийг гаргасан байгаа юм. Энэ төлөв 2025 онд л өнөөдрийнхөд буюу найман хувийн өсөлтөд очихоор тооцоолсон байгаа нь эдийн засгийн уналтын зургаан жилийн цикл эхэлж байгааг сануулсан хэрэг байлаа. “2019 оны туршид экспортын орлогын гол хэсгийг бүрдүүлдэг нүүрсний төдийлөн буурахгүй, зөвхөн 2019 оны төгсгөлөөс буурна. Харин зэсийн баяжмалын болон алтны үнэ нэмэгдэнэ гэж төсөөлсөн. Мөн БНХАУ руу экспортлох нүүрний хэмжээ 2018 оныхоос буурахгүй, харин ч бага зэрэг нэмэгдэнэ. Махны экспорт өснө. Уул уурхайн бус салбаруудад хөдөө аж ахуй боловсруулах аж үйлдвэр барилгын салбарт мэдэгдэхүйц өсөлт гарна. 2021 оноос гадаад зээлийн үндсэн төлбөрүүд эхлэх ч улсын төсвийн хөрөнгө оруулалт буурна. Гэвч 2022 оноос Оюунтолгойн далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж, улсын төсөвт орох орлого эрс нэмэгдэнэ. Дотоодын ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа идэвхжиж улам тэлнэ.
Нүүрсний экспортын эрсдэлийг зэс, алтны экспортоор нөхнө. Мөн 2022 оноос идэвхжих Тавантолгой төсөл, 2023 онд ашиглалтад оруулахаар тооцсон газрын тосны үйлдвэр нь эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулна”. Энэ бол хамгийн дээд хувилбараар тооцоолсон төсөөлөл. Энэхүү хамгийн өөдрөгөөр төсөөлсөн дээд хувилбар хэрэгжлээ гэж бодоход манай улсын эдийн засгийн өсөлт 2021 онд 5.6, 2022 онд 6.4, 2023 онд 6.7, 2025 онд найман хувь болохоор байна. Өөрөөр хэлбэл, хамгийн мундаг, сайнаараа ажилласан ч хүссэн хүсээгүй уналтын цикл эхлэх аж. Хугацааг нь харин 2025 он хүртэл гэж тодорхойлжээ. Ийнхүү монголчуудын хувьд бүсээ чангалах зургаан жил эхэллээ.
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих