ТЭДС-гийн ХҮҮГҮЙ зээлээр ХӨЛЖСӨН улстөрчид

f219f66fba9a1d6788f040dd7072e59aЖилийн 3 хувийн хүүтэй зээл авсан ЖДҮ-чин гишүүдийн дуулиан намжаагүй, хэргээ хүлээж амжаагүй байхад, жилийн 0 хувийн хүүтэй ТЭДС-чин улс төрчдийн хэрэг мандсан. Гэвч өдгөө бас л таг. Хөдөө аж ахуйн салбар хөгжсөн гэдэг утгаар энэ сангаас ЖДҮДС-аас дутахгүй зээлийн эргэлт хийгдэж, түүнээс хэн ямар хэмжээний зээл авсэн бэ гэдэг нь хэсэгтээ л анхаарал татаж байгаад намжих шинжтэй. Эрэн хайсан баримтаас харахад хамгийн их анхаарал татсан зээл ТЭДС-аас 2013 онд гарч байж. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2005-2018 оны хооронд нийт 585,3 тэрбум төгрөгийн дэмжлэгийг хүнсний буудай, үрийн буудай, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун зэргээр тариалан эрхлэгч иргэд, ААН-үүдэд олгосон байдаг.

Сангийн нийт авлага 2018 оны есдүгээр сарын 3-ны байдлаар 132,0 тэрбум төгрөг байсан бол үүнээс 72.1 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн чанаргүй зээл юм. Өөрөөр хэлбэл ТЭДС-чид улсад эгүүлэн төлөх ёстой 72 тэрбум төгрөгийг залгичихаад дуугүй суусаар буй.

-ХЭВЛЭЛТЭЙ МАРГААД Ч, ТЭДС-ЧИН БИШ ГЭДГЭЭ НОТОЛЖ ЧАДААГҮЙ Л.ЧИНБАТ-

Хамгийн эхэнд “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын нэр дурдагддаг. Тэрээр эл сангийн зээлд нэр холбогдсон даруйдаа л, өөрийн фэйсбүүк хуудаснаа “Энэ бол чоно борооноор гэдэг шиг бусдын бужигнаан дундуур миний нэр төрийг сэвтээх гэсэн явуургүй гүтгэлэг. Манай компаниуд 2017 онд урамшуулал гэж нэг төгрөг ч аваагүй. Тэвчээрт хязгаар бий. Гүтгэсэн албан байгууллага болон хувь хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгөх болно” хэмээн мэдэгдэж байлаа. Гацуурт компанийг ТЭДС-аас зээл аваад эргэн төлөөгүй хоёр тэрбумын хохирол учруулаад байгаа гэж бичсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай заргалдаад унасан тохиолдол бий.

Гэвч өдгөө “Гацуурт” ХХК ТЭДС-гаас 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан гэх хэрэг хууль шүүхийн шатанд шалгагдаж дуусаагүй л явна. Тодруулбал, “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат гурил үйлдвэрлэгч “Хангай миллс” ХХК-тай 45 221 тонн улаан буудай нийлүүлэх гэрээ байгуулж, ТЭДС (Тариалан эрхлэлтийг дэмжих сан)-гаас 3.9 тэрбум төгрөгийн урамшуулал авсан. Улмаар бодит гүйцэтгэлээрээ 20.309 тонн буудай нийлүүлж, 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал авах байсан ч, 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан гэх дуулиан тархсан нь олонтаа. Үүнийг нь санхүүгийн шинжээчид ч дүгнэн баталсан.

Улмаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан энэ хэргийг шалгаж, НПГ-ын хяналтын прокурорын шийдвэрээр яллагдагчаар тооцсон. Энэ хэргийг удаан шалгасны эцэст НПГ-аас хэрэгсэхгүй болгосон ч, хохирогч талынхан Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаснаар Л.Чинбатын яллагдагчаар татагдсан 170200083 дугаартай, Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан “Бусдад онц их хэмжээний хохирол учруулж, залилсан” гэх хэргийг сэргээн шалгаж байгаа билээ.

-ЖДҮХС-ААС Ч, ТЭДС-ААС Ч ХҮРТСЭН Ж.ЭНХБАЯР-

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр бол Жижиг дундын сан, Тариалан эрхлэлтийн сан зэрэг Засгийн газрын тусгай сангуудтай яаж ийгээд холбогддог хүн. Түүнтэй хамаарал бүхий “Газар Агро” ХХК, “Газар буудай” ХХК зэрэг өөрийн хувь эзэмшдэг компаниуд ЖДҮХС-гаас 1.950 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад төлсөн гэгддэг. Мөн тэрээр “Газар агро” ХХК-аариа ТЭДС-ийн зээлээс ч хоцролгүй хүртээд авсан байдаг. Тодруулбал, 2017 онд тус компаниараа дамжуулан 0 /тэг/ хувийн хүүтэй нэг тэрбум төгрөгийн зээл аваад төлж дууссан нь үнэн. Хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж, холбогдох зээлээ бүрэн барагдуулсан” хэмээн ярьсан нь бий.

-ЖИМСЧДИЙГ ДЭМЖИХ НЭРИЙДЛЭЭР ЕРӨНХИЙ САЙД НЬ ТЭДС-ИЙН ЗЭЭЛЭЭС ХҮРТЭЖ БАЙЖЭЭ-

ТЭДС-ийн зээлд нэр холбогдож, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр донгодуулсан хүмүүсийн нэг бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Тэрээр Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байхдаа өөрийн хамаарал бүхий “Хаан жимс Эс Би Ти” компаниараа дамжуулан 750 сая төгрөгийн зээлийг ТЭДС-аас 7 жилийн хугацаатай авсан байдаг. 2010-2014 онд Засгийн газар Чацаргана үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газраас чацарганы тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс бизнес эрхлэгчдэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-аас хөнгөлөлттэй зээл олгосон. Гэвч мань хүн өөрийн хамаарал бүхий компаниа дундуур нь шургуулж сэргэлэнтэж. Энэхүү хөтөлбөр нь жимсчдийг дэмжиж ард түмнээ жимс жимсгэнэ, Увсын чацарганаар хангах сайхан нэрийдлийн дор Шинэчлэлийн Ерөнхий сайдын бизнесийг дэмжих зорилготой байсан гэж харагддаг. Улаанбаатараас 55 км-т байрлах, тансаг гэж тодорхойлогддог “Хаан жимс” жуулчны бааз, энд байх “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн аж ахуй бол Н.Алтанхуягийн гэр бүлийн бизнес гэдэг нь олноо хэдийн танигдсан билээ.

-Н.ЦЭРЭНБАТ САЙДЫН “БУСДАД ЗАРЧИХСАН” ГЭХ КОМПАНИ ТЭДС-ААС ЗЭЭЛ АВЧЭЭ-

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Жижиг дундын сан, Тариалан эрхлэлтийн сангийн зээлээс аль алинаас нь ч хоцроогүй нэгэн. Түүний “Хархираан хөгжил” ЖДҮХС-аас,  “Булган буудайн түрүү” ХХК ТЭДС-аас улаан буудайн урамшуулал болох 240,1 төгрөг хүртсэн байгаа юм.

Н.Цэрэнбатын АТГ-т мэдүүлсэн 2015, 2016, 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт “Булган буудайн түрүү” ХХК-ийг эзэмшдэг гэж бичигдсэн байдаг. Гэтэл мань эр зээлийн асуудал сөхөгдөж эхлэх үеэр энэ компаниа аль эрт зарчихсан гэж хэмээн ярьсан байдаг. Тэрбээр “Энэ бол үндэслэлгүй мэдээлэл юм. Би өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд Ш.Мөнхбаяр гэдэг хүнд “Булган буудай” компаниа 100 хувь зарж, шилжүүлсэн. Би энэ хүнтэй ямар ч хамааралгүй. Би зээл аваагүй, надад хамаагүй” гэдэг.

https://paparatsi.mn/phj


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.