Оймсондоо авлигаа нуусан этгээдэд холбогдох анхан шатны шүүх хурал удахгүй товлогдох бололтой

bayardsaikhanМэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх давж заалдах шатнаас анхан шатанд буцаад байгаа билээ.  Тэгвэл уг хэрэг прокурорт хянагдаж байгаа бөгөөд тун удахгүй анхан шатны шүүхийн тов гарах юм байна.

Хэргийн талаар эргэн сануулахад АТГ-аас МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын биеэс их хэмжээний мөнгө илэрч буй бичлэгийг олон нийтэд хүргэсэн билээ. Авлигалын хэргийг өнгөрөгч тавдугаар сард Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн ч Эрүүгийн хуульд зааснаар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр 25 хүний заримынх нь хэргийг хэрэгсэхгүй болгож, заримд нь торгууль ногдуулсан юм. Тодруулбал, Э.Аззаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Баярсайханд торгууль оногдуулсан.

Шүүхийн дээрх шийдвэрт олон нийт шүүмжлэлтэй хандсанаар Нийслэлийн  прокурорын газраас анхан шатны шүүхийн уг шийдвэрийг эсэргүүцэн дараагийн шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн юм. Улмаар онц их хэмжээний авлига авсан хэргээр шалгагдаж байсан мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэргийг өнгөрөгч есдүгээр сард Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанаар хэлэлцсэн.

Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, О.Баттөр, Э.Онон, М.Нарангэрэл, Ж.Тэгвандан, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Н.Маржангүл, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Ж.Саруул, Н.Гантулга, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, М.Цагаанбаатар, Д.Хандсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Зандансүрэн, Г.Даваасүрэн, Э.Оргил, Т.Чингиз, Д.Төмөрбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн хэргийг прокурор Р.Батнасан, Н.Ням-Очир нарын хамтран бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Э.Онон, М.Нарангэрэл нарын өмгөөлөгч Х.Базаррагчаагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцсэн.

Ингээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, …шүүгдэгч Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Э.Онон, М.Цагаанбаатар, М.Нарангэрэл, Д.Хандсүрэн нарт холбогдох хэргийг тусгаарлан хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, … Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн дүүргийн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хянаж 25 шүүгчдэгчийн заримынх нь хувьд мөрдөн шалгах ажиллагаа дахин явуулах шаардлагатай, заримыг нь анхан шатны шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой нөхцөл байдал үүсчээ. Тиймээс заримынх нь асуудлыг анхан шатны шүүхээр, заримынх нь хэргийг тусгаарлаад, прокурорт буцаан, дахин яллах дүгнэлт үйлдүүлсний дараа анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн шүүгдэгч Б.Баярсайхан, Э.Аззаяа нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийн зэрэгцээ Монгол Улсын хилээр давахыг хориглох таслах сэргийлэх арга хэмжээг авсан байдаг юм. .

Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох тогтоогдсон бөгөөдЭ.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон байдаг.

https://updown.mn/103556.html


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.