Шөнийн тарифын хөнгөлөлтийн мөнгө Н.Цэрэнбат сайдын “багц” руу орж, эрчим хүчний салбарын санхүүгийн байдал хүндэрчээ

712-15760250363c5351e5-4aad-4203-ab89-d23580b1b06bОлон жилийн турш яригдаж байгаа агаарын бохирдлыг бууруулах асуудалд Засгийн газраас далайцтай арга хэмжээ авсны үр дүнд хоолой хорсгож, нүд улайлгасан хорт утаанаас улаанбаатарчууд салж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас хоёр том арга хэмжээ авсан.

Нэгдүгээрт 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 199 дүгээр тогтоол гаргаж, “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан.
Энэ журмын дагуу “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг жил бүрийн 11 дүгээр 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувь, аймгийн төв болон, 10000-гаас дээш хүн амтай сум суурин газрын хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 50 хөнгөлөх шийдвэр гаргасан.
Хоёрдугаарт түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, сайжруулсан түлш хэрэглэх зоригтой алхам хийсэн. Гэвч өнөөдөр Н.Цэрэнбат сайдаас болж Засгийн газрын 199-р тогтоол эргээд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж, эрчим хучний салбарыг татаж унагах тогтоол болон хувираад байна. Учир нь шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа айл өрхийн тоо жил бүр нэмэгдэж, 2017 онд 101.326 айл өрх хамрагдаж, нийтдээ 6.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байсан бол 2018 онд 109.213 айл өрх хамрагдан 9.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Гэр хорооллын өрхийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд  2017-2019 онд нийт 30 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Гэвч энэ мөнгөнөөс 19.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, үлдсэн 10 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгагдаагүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл цахилгаан түгээх, хангах компаниуд авч чадахгүй сууж байна. Орлого нь 10 гаруй тэрбум төгрөгөөр сох дутсан эрчим хүчний компаниуд, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос Сангийн яам, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртэл удаа дараа албан бичиг илгээж, санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлт гаргаж, Засгийн газрын хуралдаанд гурван ч удаа асуудал оруулжээ.
Гэвч Сангийн яам “Цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд өгөх мөнгийг Агаарын бохирдлыг бууруулах төсөвтэй нэгтгэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын багцад суулгаж өгсөн. 2018 онд гэхэд агаарын бохирдлыг бууруулах ажилд 75 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэдэг хариулт өгч.
“Чононд хонь хадгалуулав” гэгчийн уг гэрээр Н.Цэрэнбат сайдын багц руу орсон мөнгө ямар зориулалтаар хэрхэн зарцуулагдсан нь тодорхой бус байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос ”2019 онд 116966 айл өрх 19.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ. Харин 2020 онд 27.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд хамрагдана” гэсэн тооцоог гаргаж, холбогдох газарт хүргүүлжээ.
Хэрвээ Н.Цэрэнбат сайд дээрх мөнгийг яаралтай шийдвэрлэж өгөхгүй, ирэх онд ч гэсэн шөнийн тарифын хөнгөлөлтөд зарцуулах мөнгийг халаасалчихаад “талыг ав, авахгүй бол өгөхгүй” гэдэг байдлаар асуудалд хандаад байх юм бол Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар элгээрээ хэвтэх дээрээ тулаад байна. Өнгөрсөн 2018 онд эрчим хүчний салбар нийтдээ 28 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ алдагдал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас авах 10 гаруй тэрбум төгрөг авлага болон хүлээгдэж байна. Дээрх шалтгаануудаас үүдэн эрчим хүчний салбар өр төлбөрийн торонд орооцолдож эхэлсэн гэдгийг салбарын удирдлагууд ч хүлээн зөвшөөрч байна. Цахилгаан станцуудад гол түүхий эд болох нуүрс нийлүүлж байгаа “Багануур” ХК 9.6 тэрбум төгрөг, “Шивээ-Овоо” ХК гэхэд 2.7 тэрбум, “Шарын гол” ХК 1.9 тэрбум, “Адуунчулуун” ХК 775 сая, “Таван толгой” ХК 294 сая, бусад уурхайнууд 742 сая төгрөгөө авч чадахгүй сууж байна. Бараагаа нийлүүлчихээд мөнгөө авч чадаагүй уурхайнуудын хөрс хуулалтын ажил хойшилогдож, техник, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний ажлууд хүлээгдэн, богино хугацаат өр төлбөр нэмэгджээ. Гэтэл нүүрсний үнээ төлж дийлэхгүй байгаа станцууд цахилгаан, дамжуулах, түгээх компаниудаас авлагатай. Тиймээс шөнийн тарифын хөнгөлөлтийн мөнгө орж ирсэн нөхцөлд уурхайн өр төлбөрөө барагдуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Гэтэл цахилгаан дамжуулах, түгээх компаниуд бас өнөөх шөнийн тарифын хөнгөлөлтийн мөнгө орж ирэх өдрийг хоног тоолон хүлээж сууна. Станцууд уурхайгаас нүүрс авч чадахгүй бол цахилгаан үйлдвэрлэж чадахгүй, цахилгаан үйлдвэрлэхгүй бол дамжуулах, түгээх сүлжээ хийх ажилгүй, хэрэглэгчид эрчим хүчгүй үлдэнэ. Эрчим хүчний салбар гэдэг ийм л бие биенээсээ хамааралтай, эмзэг салбар. Бодит өртгөөсөө хямд үнээр цахилгаан, дулаан нийлүүлж, ёстой л нөгөө “Ард хормойгоороо урд хормойгоо нөхөж”, алдагдалтай ажилладаг. Гэтэл нэг сайд хоёр жил авах ёстой мөнгийг нь өөрийнхөө “халаас’’-руу хийчихээд дураараа аашилж байгаа нь хэтэрхий харамсалтай. Цаашид эрчим хүчний салбарыг өрийн торноос гаргаж ирэхийн тулд Н.Цэрэнбат сайдын багц руу ороод алга болсон 10 гаруй тэрбум төгрөгийг нь олж өгөөд, шөнийн тарифын хөнгөлөлтийг зогсоох, эсвэл төсвөөс олгох мөнгийг эрчим хүчний салбарт нь шууд олгох гэсэн хоёр л арга зам үлдээд байна.
Өнгөрсөн оны зургадугаар сард “Монгол Улсын агаарын бохирдол дэлхийн дундаж хэмжээнээс 30 дахин их байна. Жилд 2400 хүн агаарын бохирдлоос болж нас бардаг. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд болон эдийн засагт хамгийн их хор хөнөөлтэй. Тухайлбал, өвлийн улиралд дутуу төрөлт 3.5 дахин нэмэгддэг. Мөн хүүхдүүдийн дундах нийт өвчлөлийн 40 хувь нь уушги, амьсгалын замтай холбоотой байдаг. Тиймээс Монгол Улс агаарын бохирдлыг бууруулахын тулд улирал харгалзахгүй анхаарах ёстой” хэмээн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманн анхааруулсан. Гэтэл УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийсэн томоохон ажлын санхүүжилтийг шийдэхгүй, өөрийнх нь багцад суусан 75 тэрбум төгрөгнөөс 10 гаруй тэрбум төгрөгийг эрчим хүчний салбарт өгөхөөс татгалзаж байгаа хэрнээ олон тэрбум төгрөгөөр яндангийн утаа мэдрэгч суурилуулна гээд ярьж суугааг юу гэж ойлгох ёстой вэ? Санхүүгийн хувьд алдагдалтай, авлагаа авч чадахгүй байгаа эрчим хүчний салбарын үйл ажиллагаа доголдоод эхэлбэл Н.Цэрэнбат сайд та хариуцлага хүлээх үү? Эрчим хүчгүйгээр энэ улс нэг ч өдөр байж болохгүй гэдгийг эрхбиш та ойлгож байгаа бизээ.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.