Б.Энх-Амгалан: Энхболд гишүүн нутгийнхаа компанид л бичиг хийж өгсөн гэсэн

712-157593373112-10-2 (1)“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаа дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.
Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.
Өмнөх нь Б.Энх-Амгалан: Зээл авсан хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байна
…УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “…Энэ хүмүүсийн чинь хамаарал бүхий компани биш л юм байна лээ шүү дээ. Энхболд гишүүнтэй уулзсан. Миний хамаарал бүхий компани биш, миний ах, дүү, амраг садан, авгай хүүхэд биш, манай нутгийн компани “…Надыг дэмжээд өгөөч, би нутагтаа ЖДҮ-ийг хөгжүүлж, ажлын байр бий болгож, татвар орлогоо төлөх гэсэн юм.
Амьдрах гэсэн юм” гэнгүүт нь үүнийг хууль ёсных нь дагуу дэмжиж өгөөч гэж бичиг хийж өгсөн. Өөр би яасан юм бэ гэж байгаа юм. Ийм нөхцөл  байдлаар цаашаа явж болохгүй учраас энэ хуралдаан дээр бид дахин ингэж увуулж цувуулж явуулдгаа болимоор байх юм.
Гантулгыгаа нийгмийн шаар шавхруу болгоод хөөгөөд явуулсан. Одоо гудманд байна шүү дээ. Тэр залуу хүн. Ажилтай, амьдралтай, үр хүүхэдтэй. Тэр чинь бас хүн шүү дээ. Тэгээд тэр хэрэг нь шүүхэд шилжсэн юм уу, хаана байгаа юм бэ. Одоо хэрэгсэхгүй болгоод явж байна шүү дээ. Ийм байдлаар нөхдөө дундаасаа тавьж явуулж болохгүй ээ. Тийм учраас 2018, 2019 оны төсвийн асуудал дээр бид юмнуудаа эргэж харъя. Мөн хүссэн үедээ оруулж ирж гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх гэсэн энэ асуудал дээр УИХ-ын гишүүд бодитой хандах нь зөв байх гэж бодож байна” гэлээ.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.