Айраг исгэх зан үйлийг ЮНЕСКО-Д бүртгүүллээ

-2743977838249790937_900_x_600

  • Айргаар дамжуулан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ
  • Бид айргаа байгалийн гаралтай, экологид хохиролгүй, бүтээгдэхүүн гэдэг утгаар нь алдаршуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх болно

Жуулчдын Монгол руу ирэх нэг шалтгаан болдог “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл”-ийг ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлээ. Энэ сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Колумб Улсын Богота хотноо ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын хурлаар ийнхүү бас нэгэн монгол уламжлал дэлхийн өв боллоо. Айраг исгэх өвөрмөц зан үйлээ соёлын биет бус өвд бүртгүүлэхээр төрийн болон төрийн бус байгууллагууд сүүлийн таван жил идэвхтэй ажилласан юм. Энэхүү арга хэмжээнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн Н.Уртнасан нарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож буй. Энэхүү өв нь Монгол улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв юм. Энэ талаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээс тодруулахад “Жил бүр тодорхой бүс нутагт айраг ууж, баярладаг, хийх арга барил, ахуй соёлтой нь танилцдаг томоохон фестиваль хийдэг болох зорилт дэвшүүлэн, яамнаас энэ чиглэлээр бодлого баримтлан ажиллаж байна. Айргийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажил олон жилийн өмнөөс яригдсан. Дэлхийд шар айргаараа алдартай Герман, Польш зэрэг орнууд шар айрагны фестиваль тогтмол зохион байгуулж, жил бүр зургаан сая гаруй хүн очдог. Бид ч бас цэвэр байгалийн гаралтай, экологид хохиролгүй, хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэдэг утгаар нь алдаршуулж, энэ салбараа цаашид бодлогоор дэмжих болно” хэмээсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих