Төвийг сахихаас өөр гарцыг ол л доо!

712-15762997631555376159dbayarkhuu-3

Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Монгол судлалын төвийн судлаач-эрдэмтэн доктор Бао Шэнли “Төвийг баримтлах Танай бодлого одоо цагт туйлын зөв” хэмээн надад ярьснаас үүдээд би энэ өгүүллээ бичиж байна.
Маргаан дагуулсан сэдвийг дахин хөндөхгүй бол болохгүй болж буй цаг үе айсуй. Санаачилсан нөхөр нь (Дөрөвдэх Ерөнхийлөгч) нэр муутай, түүнийг буруушаах жигших нийгмийн сэтгэл зүй байлаа гээд 2009-2017 оны 8 жилд Монголын төр-засаг оршин тогтножбайсан нь үнэн л юмдаг. Тэгэхлээр “тэр нөхөр”-ийн хийсэн бүтээсэн, санаачилсан бүхэн нь хараар будагддаг туйлшрал байж таарахгүй. Ялангуяа гадаад бодлого дээр. Гадаад бодлого маань залгамж чанараа хадгалсан байх учиртай. Эрхбиш хадгалсаар байна. Баярлууштай.
Монголчуудын ихэнхи нь өөрсдийнхөө буруугаас болж (мэдээж төрийн буруу бий) ядуурч бачуурч, золбирчихоод буруугаа гадаад харилцаанаас хайж гадаад бодлого руу нулимж байгааг би л лав тэвчиxгүй. Хонзон хорсол атаархал нь гадаад харилцааны алба руу чиглэж байгаа нь ердөө л тэнэглэл. Тамхи зөөдөг, хар тамхи зөөдөг “дипломатчид” байлаа гэхэд Монголын Дипломатын алба тэр чигтээ буруутан ялтан болох албагүй шүү. Би бодлого дээр авч ярьж байна. Бие хүмүүс сахилгын хувьд алдсан байж болно, төр-засаг бодлого дээрээ алдаагүй шүү! Ялгаж салгаж яригтун!
Үндсэн сэдэв. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Монгол судлалын төвийн судлаач-эрдэмтэн доктор Бао Шэнли “Төвийг баримтлах Танай бодлого одоо цагт туйлын зөв” хэмээн надад ярьснаас үүдээд би энэ өгүүллээ бичиж байна. Тэрээр ном бүтээлдээ эшлэнэ гэсэн нь дуу хоолойгоо төр засагтаа ямар нэг хэлбэрээр хүргэнэ гэсэн үг биз. Тэр үгэнд нь бүр ч урамшлаа.
Төвийг сахина гэдгийг завхруулсан гуйвуулсан яриа одоо болтол тасрахгүй байгаа учраас би бичиж байна. Төвийг сахичихвал Орос тэгчихнэ, Хятад тэгчихнэ, хоёр хөрш тэгчихнэ хэмээн айлгагсад эрдмийн хүрээнд байсаар байгаа учраас би дахин бичиж байна. Тэгж айлгах нь явж явж найрсаг харилцаат хөршүүдээс ямар нэг болохгүй бүтэхгүй үйл ажлыг өөрсдийнхөө эсрэг хийлгэх гээд ч байгаа юм шиг. Тэгж хүсээд уриалан дуудаад “Биднийг гэсгээгээд өгөөч ээ?” хэмээн уйлан дуулж байгаагаас юугаараа ялгаатай юм бэ?
Төвийг сахих тухай хуулийн төсөлд биччихсэн байсан даа, энх тайван цагт цэргийн эвсэл холбоонд орохгүй, дайны цагт дайтагч талуудын аль нэгний талд орохгүй, төвийг сахинаа гэж. Гэтэл ойн түймэр хойноос ороод ирвэл төвийг сахина, Солонгост дайн дэгдвэл Өмнөдөд нь байгаа 40 мянган иргэнээ зөнд нь орхиж төвийг сахина, хил дамнасан элдэв эрсдэл, гэмт хэрэг,малын гоц халдвар дээр төвийг сахина, хөрөнгө оруулалт-гадаад худалдаан дээр төвийг сахиж өөрийгөө түгжинэ, ингэж болдог юм уу хэмээн шүүмжлэгчдийн дуу хоолой тасрахгүй. Жижиг улс холбоотонгүй явж болохгүй, бид 30 жил холбоотонгүй явлаа, одоо холбоотонтой болъё, холбоотноороо хойд хөршөө зарлая хэмээн ахмад дипломатч нэг нөхөр маань ярьж байх юм.
Энэ бүхэнд хариу өгөх гээгүй ч эмзэг тэр сэдвээ ам хамхилгүй дахин босгож ирж байгааг хүлцэн уншина уу. Шинэ “Хүйтэн дайн” бодитой нүүрлэчихлээ. “Хүйтэн дайн” чинь жинхэнээсээ “Халуун дайн” болж хувирах вий хэмээн Михаил Горбачев CNN-д интервью өгөхдөө анхааруулж, Орос, Америк руу хандуулж шууд санууллаа. Явж явж хүн төрөлхтөний манай, бидний, нийтийн бүх иргэншил соёлыг устгаад хаячихав зээ хэмээн маш ноцтойгоор сануулан хэллээ. Тоглоом чинь шоглоом боллоо гэснээс юугаараа ялгаатай байна?
Эргэн тойрон зөрчил мөргөлдөөн дунд ОХУ зэвсэглэхийн сацуу холбоотны эрэлдээ цөхрөлтгүй явсаар байна. ОХУ-ын эсрэг санкц сав л хийвэл Өрнөд ба АНУ-аас тавигдана. Хятад-Америкийн худалдааны дайн нь технологийн дайн болж шат ахилаа. “Чи хэний талд вэ?” гэх асуултыг тойруулж биш, бүр нүд рүү эгцэлж харж байгаад тавьдаг боллоо. Энэтхэг-Номхон далай дахь цэргийн хамгийн найдвартай сайн түншийн нэг гээд өргөмжлөгдчихсөн Монгол Улс АНУ-тайгаа Стратегийн түншлэлээ зарламагц юунаас хоцрохов гэсэн шиг Орос зөрүүлээд Иж бүрэн стратегийн түншлэл бүхий болоод авлаа. Монгол бол шатрын хөлөг дээрхи хүү биш, бас нэг тоглогч гэдгийг их гүрнүүд зөвшөөрөөд байх шиг.
Умард хөрш рүү хандаж ярья л даа. Крым гэх нутгийг Украинаас авч өөртөө “Аннекс” хийсний гайгаар дэлхийн том гүрнүүдийн глобал сөргөлдөөн буй болсон хэмээн НАТО-гийн ЕНБД Йенс Столтенберг мэдэгджээ. Дэлхийн II дайнаас хойш нэг улс нь өөр нэг улсын нутаг дэвсгэрийг булаан эзэлсэн анхны тохиолдол нь 2014 онд Крымыг хууль бусаар өөртөө хавсарган нэгтгэсэн явдал боллоо хэмээн НАТО-гийн энэ дарга айлджээ.
Хууль бус аннекс гээд нэрлээд байхад тэр хавсарган нэгтгэснийг нь зөвшөөрөөд дэмжээд Оросоос мөнгө, зээл, буцалтгүй тусламж авъя гэх ядуу өлөн сэтгэлгээ манайхан дотор бас мэр сэр байх бололтой. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Евразийн эдийн засгийн ба гаалийн холбоо, ШХАБ, ерөөсөө бүгдэд нь гишүүнчлэгдэж аваад эдийн засгаа өөд нь татаж ядуурлаасаа гарна гэх далд сэтгэхүй Монголын нийгмээр хэрэн тэнэнэ. Ядуурал, шударга бус гэдгээр жирэмсэлчихсэн нийгмийн хувьсгалын дохио сануулга, тохирооны тухай хар хортой яриа араас нь залгана.
Крымээс болж их гүрнүүд өрсөлдөөн уралдаанаа зөнд нь хаясан. Зэвсэглэлээр хөөцөлдөх гэгчийг үзүүлж өгч байна. Глобал аюулгүй байдал гэхээсээ бүс нутгийн аюулгүй байдал нь аюул эрсдэл дагууллаа. Ойрхи Дорнодын Сирид Орос баттай суурьшиж авлаа. Европ руу ардчилсан тэр институцыг нь нураах эвдэх бодлогоо Орос орхихгүй. Учир нь Европ бараг чигтээ НАТО-гийнх болсон, НАТО-гийн бишүүд нь тийшээ нүд бэлчээгээд эхэлсэн, Орост тэр нь бодит аюул гэж харагдана. Хятадын цэрэг-стратегийн ба эдийн засгийн өсөлт тэлэлт Өрнөдийнхөнд таатай сэтгэгдэл төрүүлдэггүй. Глобал конкуренц гэдэгт нь Хятад яах аргагүй том саад болно. Эдийн засгийн хувьд өсч бэхжсэн Хятад олон салбарт технологийн лидер үтэр түргэн болчих нигуртай хэмээн Столтенберг анхааруулж байна.
Оросыг бодвол Хятад нь бүр өөр дарамтыг буй болгож байна, түүний өсөлт бэхжилт нь манай аюулгүй байдлын хувьд тоглоомын дүрмийг өөрчлөхүйц глобал дэг журамд нөлөөлж магадгүй. Өмнөд Хятадын тэнгис, кибер сөргөлдөөн, олон улс оронд, тэр дундаа Европт маш чухал дэд бүтэц рүү хийж буй хятадын хөрөнгө оруулалт энэ бүхнийг илтгэнэ. Хятадын өсөлтөөс үүдэх асуудал ба эрсдэлүүдийг маш сайн ойлгож ухаарах хэрэгтэй хэмээн НАТО-гийн дарга ярьж байна. Түүнийхээр бол Хятад, Орос гэдэг дэлхийн хоёр өөр гүрэн бүх нийтэд, НАТО-гийн холбоотнуудад нь, бүр Шинэ Зеландад хүртэл, бусад улс орнуудад сорилт байсаар байх аж.
Манай улсыг ШХАБ-д жинхлэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөгч манай хоёр хөрш түнш орныг маань манай гуравдагч хөршийн эвслийн нэг толгойлогч нэр заан хардаж, шүүмжилж байгаа царай нь энэ бус уу? Монгол нь НАТО-гийн дэлхий даяархи түнш гэх эрхэм статустай хэдхэн улсын нэг ба Монгол-Америк, Монгол-НАТО-гийн батлан хамгаалахын харилцаа гэж хөршүүдийг хардуулах хэмжээнд хөгжиж яваа. Бид татгалзах аргагүй, энхийг эрхэмлэгч манай гадаад бодлогын зарчмуудад хал балгүй тул бид тэр бодлогоосоо ухрахгүй.
Бид төвийг сахихгүй бол бүр алхам алхмаар, өдөр өдрөөр ойртон буй манайд учрах шинэ сорилтын тухай одоо хөндөе. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров бүр өөрөө хэлж байна: Орос-АНУ-ын хоорондын харилцаа улам бүр түгшүүртэй болж, сөргөлдөөн дэвэрлээ. Оросын эсрэг Америк хэл амаар доромжлох нь дипломат ёс зүйн хүрээнээс халилаа. Үүнтэй зэрэгцээд Умард Атлантын альянс Оросын хил рүү тулж ойртсоор байна. Үүнээс үүдэн Орос, АНУ хоёр цэргийн шууд сөргөлдөөнд хүрэх вий хэмээн ОХУ-ын ГХЯ сэтгэл түгшиж байна. АНУ, Их Британи, Канад, Франц, Герман нь батальонуудаа Прибалтикт болон хуучин СССР-тай хиллэдэг бусад улс орнуудад байрлуулж байна. Гүрж, Украиныг НАТО-д элсүүлэх санаачилгыг тэд түлхэн урагшлуулж байна. Бүр албан ёсны урилгаа өгчихлөө. Оросын эсрэг хэл амаа билүүддэг, манай эсрэг үйл ажиллагаа явуулдаг америкийн русофобич улс төрийн элитийн эсрэг манай улс онилсон хариуг нь өгөхөөр шийдлээ. Нэг өдөр дайтаж байснаас 10 жил хэлэлцээ хийгээд “Мистер Нет” хэмээн хоч зүүгээд сууж байсан нь дээр болж байна. Өрнөдийнхөн егөөддөг Зөвлөлтийн Гадаад хэргийн сайд Андрей Громыког сануулах хэрэгтэй болж байна. АНУ-аас Киевийг дэмжиж байгаагаас үүдээд Орос-Америкийн хооронд цэргийн сөргөлдөөний эрсдэл өсөн нэмэгдэж байна. Украиныг тэд санхүүгээр дэмжээд байгаа төдийгүй зэр зэвсэг цэргийн зааварлагчдаа илгээж байна. Украиныг хэрэг дээрээ АНУ удирдаж байна. 2008 онд АНУ-ын зааварлагчид Гүржид цэргийн сургуулилалтаар дагнаж Өмнөд Осетэд дайн дэгдээсэн шиг нөхцөл байдалтай адилхан боллоо. Цэргийн аливаа үйл ажиллагааг ОХУ хүлээн авахгүй, тэсвэрлэхгүй гэжээ.
Сергей Лавровын бачимдлын үгсийг буулгалаа. Одоо Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу юу гэснийг нь авч үзье. Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс АНУ гарч байгаад яг тохирсон хариуг нь Москва өгөх болно. Америкийн тал шинэ пуужингуудаа Европ, Азид байрлуулж эхэлмэгц л яг тийм хариу барина. Ази ба Ази-Номхон далайн бүс нутагт тэр пуужингууд нь байрлаагүй бол бид бас байрлуулахгүй гэжээ.
Харьцуулуулах үүднээс хэргээр энд эшлэе. Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгс. Стратегийн түншлэлийн түвшинд хүрснээр Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц том төсөл, хөтөлбөрүүдэд АНУ-аас урт хугацааны, стратегийн хөрөнгө оруулалт орж ирэх үндэс суурь тавигдлаа хэмээн Ерөнхийлөгч хэлжээ. Үг үсэггүй буулгая: – АНУ нь бидний хувьд чухал “гуравдагч хөрш”, улс төр, эдийн засгийн ойрын түнш мөн. Технологи үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч улс, худалдааны том тоглогч, гадаадын хөрөнгө оруулалтын арвин эх үүсвэр болдог АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг бид чухалчлан үзэж байгаа. Та бүхний мэдэж байгаачлан миний бие Ерөнхийлөгч Д.Трамптай Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, манай хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг тунхаглан (2019.07.31) зарласан. Шат ахиулсан түншлэл маань хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэхэд хөшүүрэг болох учиртай гэжээ. Улс төр, эдийн засгийн ойрын түнш мөн хэмээн манай Төрийн тэргүүн маань ОХУ-ын заналт дайсан болж хувираад буй тэрхүү улсыг нэрлэчихжээ.
Улс төр, эдийн засгийн ойрын тэр түнш маань манай умард хөршийн талаар эрэг боолтыг улам чангалсан байр суурь руу гулссаар байна. Далайн чанадаас бүр ч хэлж таашгүй таагүй ял зэм Орос руу тохож, Орос нь Иран, БНАСАУ, Сири, Судантай зэрэгцээд терроризмын спонсор улсаар нэрлүүлсэн хуулийн төсөл АНУ-ын Сенатын Олон улсын хороон дээр яригдаадахлаа. 2018 онд бас нэг тийм хуулийг Линдси Грэм, Роберт Менендес, Кори Гарднер, Бен Кардин нарын сенатчид санаачилж, “2018 онд Кремлийн түрэмгийллээс Америкийн аюулгүй байдлыг хамгаалах тухай Акт” гэдгийг (Акт гэдэг нь хууль) өргөн барьж байв. Оросыг терроризмын спонсорлогч улсаар хүлээн зөвшөөрөхөөр уухайлж байсан нь энэ онд дахин давтагдах дээрээ тулжээ.
Оросын улс төрч Лавров, Шойгу нарын үзэж байгаагаар ОХУ-тай цэргийн шууд сөргөлдөөнд орох гэж байгаа далайн чанад дахь тэрхүү гүрэнтэй бид стратегийн түншлэлдээ тулчихсан байдаг. Одоо яах вэ? Маш түгшүүртэй байдалд байна.
Тэд хэрэлдэж л байг, сөргөлдөж л байг, эвгүйтвэл Оросынхоо талд орчихно, тэгээд Оросоос хийн хоолой, нефтийн шугам оруулаад “бэлгийн хороолол” бариулаад авдаг хэрэг гээд хий горьдоод суух уу?Мораль гэж нэг юм байх ёстой. Та нарын маргаанд бид аль ч талд нь орохгүйгээр төвийг сахиж хандах болно. Маргаанаа яриа хэлэлцээний замаар, энх тайвнаар шийдээсэй гэсэн мэдэгдэл хийх цаг тулахгүй гэж үү?
Өөр нэг баримт. Бас л гуравдагч хөрш, оюун санааны олон зууны түнш гэдэг Энэтхэгтэй өмнөд хөрш маань тун эвгүй харилцаа руу орчих магадлалтай байна. ШХАБ-ын ба БРИКС-ийн гишүүд гэдэг нь ч падгүй боллоо. “Бүс ба Зам” санаачилгыг дэмжиж ШХАБ-ын “Долоогийн тунхаглал” гэдгийг Бишкект гаргахад Энэтхэг ганцаараа (уг нь ШХАБ наймуулаа) бойкот зарлаад гадна нь гарчихсан. Торгоны замын эдийн засгийн коридор Энэтхэгээс Хятадад алдчихсан нутаг дэвсгэр дээгүүр явах болсонд нь Нью Дели хилэгнэлийн үгсээ урсгаад Энэтхэг-Номхон далайн Америкийн стратегийн холбоотон болох замдаа шулуудчихлаа. Энэтхэгээс Хятадад алдчихсан нутаг дэвсгэртээ шууд хяналт тогтоох гэсэн Энэтхэгийн Засгийн газрын байр суурийг БНХАУ-д хилэнтэйгээр хүлээн авлаа. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин 2019.08.06-нд Хятадын хатуу байр суурийг илэрхийлснийг шууд хөрвүүлэн буулгая. Түүний үгс гадаадын судлаачдын анхаарлын төвд яалт ч үгүй ороод ирлээ. Энэтхэгийн Засгийн газар “Ладакхдаа төвийн шууд харьяа бүс” байгуулахаа мэдэгдсэнтэй холбогдуулан Хуа Чүньин: Энэтхэгийн хилийн баруун хэсэг дэх Хятадын газар нутгийг Энэтхэг засаг захиргааны харьяа бүсийнхээ хүрээнд хамруулахыг Хятад улс эсэргүүцсээр ирсэн. Энэ байр суурь хэзээ ч өөрчлөгдөшгүй. Энэтхэг нь ганц талаасаа дотоодынхоо хуульд нэмэлт өөрчлөлт оруулах маягаар Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үргэлжлүүлэн хохироолоо. Ийм үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол ямар ч үр дүнгүй үйлдэл. Хилийн шугамын асуудлаар Энэтхэг үг яриа үйл ажиллагаандаа болгоомжтой байгаасай. Хоёр талын тохиролцсон холбогдох гэрээг хатуу мөрдөхийг шаардаж байна гэжээ.
Энэтхэгт гадаад бодлогын асуудлаар хагас сар сууж ажиллаад ирсэн хүний хувьд Энэтхэг-Хятадын зөрчлийг арай илүү гярхай олж харж, мэдэрчихээд бичээд байна л даа.“Бүс ба Зам”-ыг “Хятадын зөөлөн колоничлол” хэмээн нэрлэж байхыг хоёр чихээрээ сонслоо. Хятад-Пакистаны торгоны замыг огтоос хүлээн зөвшөөрөхгүй, энэ бол манай зарчмын байр суурь, энэ бол манай бүрэн эрхт байдалд халдсан хэрэг хэмээн ГХЯ-ныгазрын дарга нар нь ил цагаан ярьж байх юм. Ерөөсөө ингэж ярьж байна: “Бүс ба зам”-ын төсөл хөтөлбөрүүд тус улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд сөрөг нөлөөтэйн дээр хөрөнгө оруулалт нь ил тод биш, “Бүс ба зам”-д оролцохгүй, зарим асуудлаар “үгүй” гэж хэлэх нь бидний имиж, Хятадын зүгээс Зүүн Азид Энэтхэгийг боймлох бодлого явуулж буй бөгөөд энэхүү зорилгод “Бүс ба зам” санаачилга “шилдэг арга хэрэгсэл” нь болдог гэж ярих аж.
Энэтхэг нь Хятадыг “боймлох”-ын тулд л ШХАБ-ыг сонгосон, Төв Азийг Орос, Хятадад бүрэн алдчихгүйн тулд ШХАБ-д байж байх зайлшгүй хэрэгтэй гэсэн санаа хэд хэдэн албаны нөхдийн амнаас цухуйлаа. “Дорныг ажигла”, “Дорно зүг харцгаа” гэх Энэтхэгийн гадаад бодлого нь АСЕАН-ы орнуудыг өөртөө татаж Хятадын нөлөөг сулруулах, Владивосток руу хөрөнгө оруулахаар болж “Дорнын эдийн засгийн форум”-д оролцож эхэлсэн нь Алс Дорнодод Хятадын идэвхжлийг саармагжуулахад чиглэсэн бодлого байх магадлалтай байна.
Тэгвэл Хятад нь Энэтхэгийг “бүслэн хаах” бодлогодоо олон төрлийн арга ажиллагаа сэдэж олсны нэг нь “Хималайн бүс нутгийн форум” гэх институц юм. Үүнийгээ “Бүс ба Зам” санаачилгатайгаа тун ухаалгаар холбочихсон. Энэ уулзалтын II форум Хятадын Төвдийн өөртөө засах орны Линжа хотноо өнгөрөгч намар зохион байгуулагдсан. Бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ механизм–Хималайн бүс нутгийн форумыг хөрш орнуудтайгаа харилцан хүртээмжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2018 оноос зохион байгуулсан ажээ. Одоогоор БНХАУ, Монгол Улс, Пакистан, Балба, Мьянмар гэхчлэн гишүүн орнуудаас бүрдэх эл форум хүрээгээ тэлээд бүс нутгийн идэвхтэй байгууллага болчихыг үгүйсгэхгүй.
“Бүс ба Зам”-ын тухайд Монгол нь идэвхтэй оролцож, бүс нутаг, дэлхий дахины хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Бидний үзэж байгаагаар “Бүс ба Зам”-ын дагуу оршдог улс орнуудын хөгжил, дэвшилд эл санаачилга ач холбогдолтой, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааны орон зайг бий болгох төдийгүй дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлэх учиртай хэмээн бид үздэг. Ер нь БНХАУ-ын дэвшүүлсэн олон улсын хамтын ажиллагааны санал санаачилгыг Монгол Улс шинэ цаг үеийн хамтын ажиллагааны шинэ хэлбэр хэмээн үзэж, дэмжиж ирсэн. Энэ байр суурь маань Энэтхэгийнхээс ялгаатай.
Энэтхэг ба Хятадтай хоёулантай нь найрсаг харилцаатай, найрамдлыг эрхэмлэдэг, энх тайванч Монгол Улс таг чиг гөлийгөөд Азийн хоёр том гигант яавал яаг гээд сууж байх ёсгүй юм. Явж явж тэр хоёрын зөрчил дээр алиных нь ч талд орохгүйгээр төвийг сахихаа эртхэн зарлахад ч болохгүй гэх газаргүй. Ялангуяа манайд маш их хөрөнгө оруулалт хийсэн, гадаад худалдааны өндөр үзүүлэлттэй өмнөд хөрш маань энэ маргаандаа манайхаас дэмжлэгээ байг гэхэд байр суурь шаардвал бид яах вэ?
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүньин Америкийн “Энэтхэг-Номхон далайн стратеги” гэгчийн ширүүхэн шүүмжилсэн бас нэг мэдээ байна. Түүнийг толилуулахаасаа өмнө манай талын гол эх сурвалжаас эшлэе. “Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийт ард түмнүүдийн бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй болон тогтвортой байдлыг буй болгохын төлөө хамтран ажиллана” гээд Монгол-Америкийн Стратегийн түншлэлийн тунхаглалд (Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын дүнгээр – 2019.07.31) бичээтэй байгаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д төрийн айлчлал хийсэн тухай “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийн 11-р зүйлд бас ингэж бичжээ.
Энэтхэгийн тал “Энэтхэг, Номхон далайн үзэл санаа” санаачилгаа танилцуулж, энэхүү үзэл санаа нь Энэтхэг, Номхон далайн бүс нутагт олон улсын хууль, дүрмийн удирдлага дор тус бүс нутаг дахь бүхий л улсуудын хамтын хүчин чармайлтын үндсэн дээр, тухайн улсуудын хууль ёсны эрх ашигт нийцсэн, нээлттэй, чөлөөтэй бөгөөд хүртээмжтэй бүтцийг цогцлооход оршино хэмээн тайлбарлав.
Монголын тал “Энэтхэг, Номхон далайн үзэл санаа”-г хамтын хүчин чармайлтад суурилан Энэтхэг, Номхон далайн бүс нутагт тогтвортой байдал болоод бүхий л улсад хүртээмжтэй хөгжил цэцэглэлийг авч ирэхэд чиглэсэн хэмээн үзэж, дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн хувьсан өөрчлөгдөж буй Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь интеграцчлал, түүний дотор Зүүн Азийн дээд түвшний уулзалтад идэвхтэй оролцох сонирхлоо нотлов.
Талууд чөлөөтэй, нээлттэй, хөгжингүй бөгөөд хүртээмжтэй Энэтхэг, Номхон далайн бүс нутаг нь тус бүс нутгийн бүх орны төдийгүй дэлхий дахины урт хугацааны эрх ашигт нийцнэ гэдэгт санал нэгдэв гэжээ.
Тэгвэл Хятадын ГХЯ-ны төлөөлөгчөөс “Энэтхэг-Номхон далайн стратеги мэтийн элдэв долоон аргаар Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын үйл хэрэгт гар дүрж байна. Хэн нь Ази-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг бусниулж байгааг бүгд тодорхой харж байна” хэмээн 180 градус зөрүүлээд (манай байр суурийн бүр эсрэгээр) шүүмжилжээ.
“Хятадын үйлдэл нь Энэтхэг далай, Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг эвдэж байгаа учраас бид хэдэн сарын дотор Азид дунд зайн тусгалтай пуужин байршуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер ярьсанд Хуа Чүньин юу гэж хариулсныг хөрвүүлье: – Энэ яриа ямар ч хариуцлагагүй яриа юм. Америкийн тал Ази-Номхон далайн улс орнуудын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцсоор ирсэн бөгөөд улс төрийн хувьд хоёр нүүрлэн бусад улсын дотоод үйл хэрэгт гар дүрж, эдийн засгийн хувьд өөрийн ашиг сонирхлын төлөө бусдыг хохироож, цэрэг армийн хувьд элдэв аргаар холбоотны тоогоо нэмсээр ирсэн. Хэн нь Ази-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг бусниулж байгааг бүгд тодорхой харж байна. Нэгэн үе Америкийн тал “Хятадын пуужингийн заналхийлэл” гэгчийг бий болгож, оргүй газар овоо босгон үймүүлсэн. Энэ бол бусдыг шүүмжлээд хариуцлагаас мултрах арга заль нь юм. Одообүр олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл тоон Дунд ба ойрын зайн тусгалтай пуужин устгах гэрээнээс гарч, Азид дунд зайн тусгалтай пуужингаа байршуулах гэж байна. Энэ нь АНУ уг гэрээнээс гарсан шалтаг ил болж байгааг илтгэн харуулж байна гэжээ.
ШХАБ-ын гишүүд Энэтхэг, Пакистан хоёрын зөрчил туйлдаа хүрэх дөхөж байна. Кашмираас болж олонтаа дайтсан, 2019.08.05-наас дахин хурцадлаа. Жамму ба Кашмир мужийнхаа онцгой статусыг Энэтхэгт халчихсан, автоном эрхтэй, өөртөө хууль тогтоомжтой байсан нь цуцлагдсан. Нутаг дэвсгэрийг нь хоёр хувааж, Энэтхэгийн Үндсэн хуулийг үйлчлүүлээд хөрөнгө оруулалт хийх, бусад мужуудаас чөлөөтэй зорчихыг нь хангачихсан. Пакистан хариуд нь дипломат харилцааныхаа түвшинг бууруулж, худалдаа хийхээ зогсоолоо. Жамму, Кашмирын Хаант улс байсныг нь Энэтхэг, Пакистан хоёр хувааж аваад аль алин нь бүгдийг нь захирах гээд 70 гаруй жилийг туулахдаа санал нэгдэж байсан тохиолдол нэг ч байхгүй, харин ч цэрэг төвлөрүүлэн дээд зэргээр милитаристчилж иржээ. “Азад Кашмир” гэх нэртэй хүлээн зөвшөөрөгдөөгүй улсыг Пакистаны бүрэлдэхүүнд байгуулахаар зэхэж байхад нь Энэтхэг онцгой эрхийг нь цуцалчихсан болж таарчээ. Пакистан гомдлоо НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд мэдүүлжээ. Дайны өмнөх байдал биш үү? Яах вэ бид?
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Baabar.mn сайтаас зохиогчийн зөвшөөрлөөр авч нийтлэв.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.