Хятадуудын гарт байгаа мал төхөөрөх үйлдвэрүүд махны экспортыг урагшлуулах уу, ухраах уу

15764192495df63fb168a74Уул уурхай гэсэн ганцхан тулгууртай эдийн засгаа солонгоруулах боломж нь хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуй гэлцдэг. Монгол Улс эдүгээ 113.3 сая га бэлчээртэй, 70 сая шахуу тоо толгой малтай. Хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 12.2 хувийг үйлдвэрлэж байна. Харин үүний  87 гаруй хувийг нь мал аж ахуйн салбар дангаараа хангадаг.

Мал аж ахуйн гол бүтээгдэхүүн мах. Эдүгээ хүн төрөлхтний махны хэрэглээ улам бүр өсөж байна. Судлаачид 2050 он гэхэд махны хэрэгдээ 165 хувь өснө хэмээн тооцоолжээ.

Дэлхийд нүүдлийн мал аж ахуйтай сүүлчийн орон Монгол. Энэ нь нэг талаасаа боломж, нөгөө талаасаа бас бэрхшээл. Байгаль дээр эх дураараа бэлчээрлэж, дуртай өвс ургамлаа сонгож иддэг малын мах үнэ цэнэтэй. Хамгийн амттай чанарлаг мах энэ л байх учиртай. Монголын малын мах уургийн төгс эх үүсвэр болдгийг судлаачид нотолжээ. Тэгэхээр гадаад зах зээлд гаргаж, үнэ хүргэж чадвал Монгол руу урсах ногоон мөнгөний урсгалд нэг цутгалан нь болно.

Харин бэрхшээлтэй тал нь гэвэл бэлчээрийн малын махны экспорт улирлын чанартай байдаг. Өөрөөр хэлбэл зун, намар тарга тэвээрэг авахуулж байж экспортод гаргахаас өөр аргагүй. Хэрэв махны экспортыг улирлын хамаарлаас гаргая гэвэл эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай болно.

Монгол Улс өнгөрсөн жил 69.5 мянган тонн мах экспортолсон бол энэ жил 41.3 мянган тонныг гадагш нь гаргасны 78 хувь нь адууны мах байгаа юм. Харин хонь,  ямааны мах 16 орчим хувийг эзэлж байна. Өнгөрсөн жил Монголд мах магнаг болж,  кг нь 10 мянган төгрөгөөс давсан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, салбар яамных нь сайдын толгой махны үнээр дэнчин тавигдах хэмжээнд хүрсэн билээ.  Тиймээс өнгөрсөн зургадугаар сараас түр хориг тавиад байсан махны экспортыг өмнөх долоо хоногт цуцлав. Ингэснээр одоо он дуусахаас өмнө бэлэн байгаа 5000 тн махыг гаргана гэж байна.

Хойд,  урд хоёр хөршид “танигдаагүй” хонины мах

Манай улсын махны экспортын зонхилох хувийг адуу, үхрийн мах эзэлдэг.  Гэхдээ адуу, үхрийн махны экспортод тодорхой хязгаарлалт тавьдаг. Ингэхээс аргагүй, Монгол Улсын адуу, үхэр тоо толгойн хувьд тус  бүр 3-4 сая орчмоос хэтэрдэггүй.  Үхрийн махыг Казакстан руу тодорхой хэмжээгээр экспортолж байгаа бөгөөд ОХУ-руу гаргахад татвар нь дэндүү өндөр учир төдийлөн амжилтад хүрдэггүй.

Манай улс хонь, ямааны махыг нэлээд ахиу хэмжээгээр экспортлох боломжтой ч бас тээг саад бий. Тухайлбал, манай хоёр хөрш Монголын хонины махыг нэг их ойшоодоггүй. Өөх ихтэй хэмээн өөнтөглөдөг. Үндсэндээ орос, хятадуудын аль аль нь хэрэглэж дадаагүйгээс хонины мах бараг сонирхдоггүй. Гэхдээ  Монголын хонины махны экспортонд Арабын орнууд, Ойрхи Дорнодын асар том зах зээл бараг нээлттэй шахуу байгаа юм. Арбаын ертөнцийн үхрийн махны хэрэглээний 48 хувийг Бразид, Энэтхэг улс хангадаг бол Австрали, Шинэ Зеланд зэрэг улс хонины махаа тус бүс нутагт нийлүүлдэг юм байна.  Үнэ ханш ч боломжийн байдаг аж. Тухайлбал, тус зах зээлд Австрали  улс нэг хонийг дунджаар 92-124 ам.доллараар нийлүүлж байгаа нь Монголын хонины махнаас 2-3 дахин  үнэтэй байна гэсэн үг юм.

  Монголчууд бид өөрсдийгөө мах их хэрэглэдэг гэж тодорхойлдог ч Арабын орнууд биднээс  ч илүү хэрэглэдэг ажээ.  Хонины махны гол импортлогч нь одоогоор Иран улс байна. Гэхдээ Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон, Иран мөн хориг арга хэмжээнд орсон зэргээс шалтгаалан төлбөрийн асуудал ихээхэн хүнд, махныхаа үнийг олж авахад хэцүү байдаг.

Одоогооор Ойрхи Дорнод, Арабын бүс нутаг руу 12 улс орон мах экспортолдог бөгөөд гол шаардлага нь малыг “Халал” аргаар бэлтгэсэн байх ёстой. Халал гэдэг нь цэвэр ариун гэсэн утгатай үг аж. Харин ямааны махны хувьд Зүүн Өмнөд Азийн орнууд том хэрэглэгч байх боломжтой гэдгийг ажил хэргийнхэн онцолж байгаа юм.

Мал төхөөрөх үйлдвэрийн дийлэнх нь Хятадуудын мэдэлд байдаг

Сүүлийн хэдэн жилд Монголд мал төхөөрөх үйлдвэр олноор байгуулагдсан. Яг л нөгөө борооны дараах мөөг гэдэг шиг. Ийм томоохон 65 үйлдвэр бүртгэгдсэн бол бусад жижиг үйлдвэр, цехүүдтэйгээ нийлээд мал нядалгааны 120 гаруй том,  жижиг газар байна. Эдгээрээс 13 нь мах экспортлох зөвшөөрөлтэй бол адууны мах  боловсруулах 9 үйлдвэр байна.

Харин энэ 100 гаруй үйлдвэрийн дийлэнх нь буюу 80-90 хувь нь Хятад эзэнтэй ажээ. Мах бол монголчуудын хувьд стратегийн бүтээгдэхүүн. Тэгвэл тэр мах бэлтгэх, мал төхөөрөх, нядалгааны хэсэг нь хятадуудын гарт байгаа гэсэн үг.

Мах экспортлохоор зорьж зүтгэж яваа хүмүүсийн хувьд мал төхөөрөх үйлдвэрээ цөөлж,  энэ чиглэлийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжээч ээ гэсэн санал бодлыг ихээр илэрхийлэх юм билээ. Цаашид махан бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх, дайвар бүтээгдэхүүнийг  боловсруулж экспортод гаргахад  үндэсний үйлдвэрлэлээ дэмжих шаардлага байгааг хэлж байгаа юм.

Махны экспортыг ухаалаг тооцоо судалгаатай хийхгүй бол дотоодод үнэ ханш нь хөөрөгдөж, үүнээс үүдэн иргэд гадагшаа мах нийлүүлэх асуудалд тааламжгүй ханддаг нь бас нэг бэрхшээл болж байна.

http://www.zaluu.com/read/40e195034


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.