Томуу дөнгөж эхэлж байна, цаашдаа улам нэмэгдэнэ

  • 7759
  • Хүүхдүүд голдуу хоёрдогч төрлийн буюу нянгийн халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэж байна
  • Томуугийн улирал гуравдугаар сарын 2 хүртэл үргэлжилдэг учраас эцэг эхчүүд хүүхдүү­дийнхээ дархлааг дэмжихэд илүү анхаарах хэрэгтэй

Монголын багачууд амьсгалын замын өвчинд нэрвэгдэж гүйцлээ. Томуу төст өвчин улам нэмэгдэж байна. Эмнэлгүүд ачааллаа дий­лэхгүй байна гэсэн мэдээ хөврөх болсон ч эрүүл мэндийн байгууллагынхан өнгөрсөн жилийн өдий­тэй харьцуулахад томуугийн дэг­дэлт харьцангуй гайгүй байгаа гэсэн хариулт өглөө. ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний төвийн гаргасан мэдээллээс харахад Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт 6,7 хувьтай байна гэсэн дүн гаргажээ. Энэ нь өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад бага үзүүлэлт аж. Томуугийн дэгдэлтийг 15 хувьд хүрвэл улс орон даяар хөл хорио тогтоодог. Одоогоор тийм байдалд хүрээгүй байна гэж НЭМГ­ын ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан хэллээ. Тэрбээр “Азийн бүс нутагт А хүрээний вирусийн дэгдэлт гараагүй. Манай улсад В хүрээний вирусийн цөөн тохиолдол бүртгэгдсэн. Гадуур тархаад байгаа вирус бол ханиадных. Олон төрлийн вирусээр үүсгэгдсэн ханиаданд бага насныхан өртөмтгий байдаг. Тиймээс эмнэлгүүд ачаалалтай байгаа юм. Амархан хатгалгаа боллоо гэж яриад байна. Вирус нь анхдагч болон хоёрдогч хэлбэрээр хатгалгаа үүсгэдэг. Анхдагчаар хатгалгаа үүсгэсэн тохиолдолд уушгины завсарын эд үрэвсдэг. Нөгөөтэйгүүр хүний биеийн дархлаа дарангуйлагдсаны улмаас нянгийн халдвар авч, хоёрдогч төрлийн хатгалгаа болж хүндэрч байна. Хүүхдүүд голдуу хоёрдогч төрлийн буюу нянгийн халдвараар өвчилж, эмнэлэгт хэвтэж байна. Нярай болон бага насныхан хатгалгаагаар хүндэрч байгаа нь эцэг, эхчүү дийн хариуцлага хүүхдийн дарх лаажуулалттай холбоотой. Хүүхдийн дархлаа муу байх тусам дахин дахин хатгалгаа авах магадлалтай байдаг. Амьсгалын замын өвчлөл элбэг байгаа учраас дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн бямба гарагт 10-16 цагийн хооронд ажилл аж байгаа. Өрхийн эм­ нэлгүүд ч 19:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Гэтэл эцэг, эхчүүд ажилтай­ гаараа шалтаглаж, өрхийн эмнэлэгтээ хандахгүй амралтын өдөр шууд дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж ачаалал үүсгэдэг. Уг нь ажлаасаа ганц хоёр цагийн чөлөө аваад хүүхдээ үзүүлж болно шүү дээ. Манайхан дэндүү хариуцлагагүй байна” хэмээн ярилаа. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн эмч нар дотоод хяналт сайн тавих ёстойг анхаарууллаа. Ялангуяа, ханиад томуутай хүүхдийг хүлээж авахгүй байх хэрэгтэй гэдгийг НЭМГ-ын мэргэжилтэн сануулсан юм. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт гэхэд зургаан эмч ажиллаж байна. Хэрвээ хүүхэд чинь ханиад хүрсэн тохиолдолд чөлөө авч асрах хэрэгтэй гэсэн сануулгыг эрүүл мэндийн байгууллагаас өгч байна. Энэ жил харьцангуй дулаан байсан тул томуугийн дэгдэлт нэлээд аажим эхэлж байтугай эмч нар хэлж байгаа юм. Томуугийн улирал гуравдугаар сарын 2 хүртэл үргэлжилдэг учраас эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дархлааг дэмжихэд илүү анхаарах хэрэгтэй аж. Шахмал түлшнээс шалтгаалан агаар дахь хүхрийн хүчлийн агууламж өндөр гарч байгаа ч энэ нь ханиад томуу тархахад төдийлэн нөлөөлөхгүй гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан онцолж байна. Сургуулийн хүүхдүүд толгой нүцгэн ороолтгүй явдагаас болж биеийн дархлаа нь суларч, ханиад томуунд өртөмтгий болдог. Эцэг, эхчүүд өөрсдөө булган шуба, годон гутлаар гоёчихоод хүүхдүүдээ нимгэн хүрэмтэй явуулж байгааг эмч нар шүүмжилсэн юм. Одоо ханиад томуугийн улирал дөнгөж эхэлж байгаа учраас цаашид тархалт улам нэмэгдэнэ гэж эрүүл мэндийн байгуул­лагынхан үзэж байна. Тиймээс дархлааг нь дэмжих хэрэгтэйг эцэг, эхчүүдэд санууллаа. 2017 онд В хүрээний вирусийн тархалт өндөр байжээ. Харин өнгөрсөн жил А хүрээний вирусийн халдвар тархсан байна. Гэтэл 2019 оны эхний улиралд А хүрээний вирус тархсан бол одоо В хүрээний вирусийн дэгдэлт гарч байгаа гэсэн тандалт судалгаа гарчээ. Гэхдээ сургуулийн сурагчид амарсан тохиолдолд ханиадны тархалт буурдаг юм байна. Тиймээс удахгүй хүүхдүүдийн өвлийн амралт болох учраас ханиадны тархалт буурна гэж үзэж буй аж. Одоогоор манай улсад аденовирус, коронавирус, покавирус гээд олон төрлийн вирус дэгдэлттэй байна. Эдгээр вирус нь мутацид орж өөрчлөгдөж буй учраас эмчилгээг нь байнга өөрчлөх шаардлага тулгардаг ажээ.

Эх сурвалж: Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих