“Хашаа” арга хэмжээ хаашаа алга болов

  • 7922
  • Төрийн захиргааны байгууллагын хүчингүй болгосон зөвшөөрлийг шүүх сэргээчихдэг
  • МҮЭСТО-ны баруун талд байрлах энэ хашааны газарт БГД-ийн Засаг дарга газар эзэмших эрх олгосноос хойш барилга байгууламж барилгүй 15 жил болжээ. Харин хуульд хоёр жил ашиглаагүй бол төр буцаан авахаар заасан бий
  • Б.Бат-Өлзий: Эзэмших эрхийг нь цуцалсан ч шүүхээс гурван удаа сэргээсэн газар бий
  • Хууль зөрчиж газар олгосон анти үзүүлэлтээр Баянгол дүүрэг тэргүүлж байна. Тус дүүрэгт 112 байгууллага, иргэний газар эзэмших эрхийг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн ч арга хэмжээ авч чадалгүй өнөөг хүрсэн байна

Олон жил хууль зөрчиж буй үйлдлийг таслан зогсоох, нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулахаар хуучин хашаануудыг буулгахад шүүх засаглал, дүүргийн удирдлагууд саад болж байна. Нийслэлийн удирдлагын зүгээс гудамж талбайн эрээвэр хураавар шат, хашлагыг чөлөөлөх зорилгоор “Явган хүний зам” арга хэмжээг зохион байгуулж, дураараа авирласан цөөнгүй байгууллагын шатыг нураасан нь олон нийтэд таалагдсан. Нурааж буулгахдаа бус хууль, дүрэм журам зөрчсөн үйлдлийг залруулж, эмх цэгц тогтоосонд иргэд тун талархаж билээ. Харин хотын өнгө үзэмжийг гутааж байгаа том хашаануудыг цэгцлэх ажилд зориулан жил бүр төлөвлөгөө гаргадаг ч ахиц гарахгүй өдий хүрч байна. Ялангуяа, нийслэлийн төв талбайг тойрсон хуучин хашаа, зам дагуу олон жил шавар шавхай, ялгадас шивтрээр бузарлагдсан том хашаануудыг буулгах ажилд огт ахиц алга. Цөөн хэдийг дурдвал, Ардчилсан намын байр барина хэмээсэн төв талбайн зүүн талд буй хашаа есөн жил, түүний урд зам дагуу орших Ахмадын холбооны барилгын суурьтай хашаа 11 жил, Баруун дөрвөн замд байрлах хашаа 15 жил болж буй. Энэ мэтчилэн энд тэнд хашаа татаад “мартчихсан” иргэн, байгууллагыг тоолоод баршгүй. Тэдгээрийг эмх цэгцэд оруулж, хуулийн хэрэгжилтийг хангахад юу саад болоод буйг тандвал хуулийн олон заалтын өмнө ирээд мухардаж байна. 2019 онд нийслэлийн захиргаа хашаа татаад олон жил болсон 330 байгууллага, иргэнд газар эзэмших эрхийг нь цуцлах мэдэгдэл хүргүүлж байхад нийслэлчүүд бид цэлгэр сайхан өнгө үзэмжтэй болохыг мөрөөдөн хүлээж байлаа. Гэвч хуучин хашааг цэгцэлж дийлэхгүй хүчин мөхөстөж эхэлжээ. Уг нь Газрын тухай хуулийн 40 зүгээр зүйлд “Гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” заалт бий. Хуульд бүр тодорхой заачихсан уг зохицуулалтыг  дагуу хуулийн байгууллагад хандаж газар эзэмших эрхийг цуцлах, албадан буулгах бүрэн эрх байгаа юм. Хууль ялгаваргүй үйлчилдэг байх ёстой. Хуулийн зарим заалтыг хэрэгжүүлж явган хүний замыг чөлөөлж болж байхад хоёроос дээш жил ашиглаагүй хашаа хатгаад орхисон газруудын эрхийг цуцалж яагаад болохгүй гэж. Тэр тусмаа Улаанбаатар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж, улсын нийслэлийг гутаадаг, ойр хавиар нь явахын аргагүй шивтэрт нэрвэгдсэн хуучин хашаанаас даруй салах нь нэн тэргүүний ажил байх ёстой. Гэвч нийслэлийн захиргаа арга хэмжээ авалгүй өдий хүрсэн нь цаанаа өөр олон шалтгаантай аж. Нийслэлийн газар ашиглалт, бүртгэлийн хэлтсээс хашаа арга хамжээ яагаад алга болсныг тодруулахад олон зовлон тоочиж байна. Тус хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Нийслэлийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгодог ч үр дүнд хүрэхгүй байна. 2012 оноос хойш дээрх үндэслэлээр 100 гаруй байгууллага, иргэний газар эзэмших эрхийг цуцалсан ч шүүхийн шатанд бүгдийг нь эргэн сэргээдэг. Эдгээрийн дийлэнх нь нэг удаа эрхийг нь сэргээсэн газрууд бий. Зарим нь бүр хоёр, гурван удаа ч шүүхээр эрхээ сэргээлгэсэн газар байгаа. Ийм тохиолдолд манайхаас ямар ч арга хэмжээ авах боломжгүй. Газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, манай хэлтэс газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэдэг. Гэтэл шүүхийн тогтоолоор эрхийг нь сэргээчихээр төрийн захиргааны байгууллага яаж ч хичээгээд ажил маань гацаад байна. Улс ч авч чаддаггүй, хувийн байгууллага ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог” хэмээв. Нийслэлийн Газар ашиглалтын хэлтсийн газар чөлөөлөх ажлыг гацаадаг бас нэгэн шалтгаан нь дүүргийн Засаг дарга нартай холбоотой аж. “Засаг ноёд” нийслэлээс үл хамааран өөрийн эзэмшлийн нутагт дур мэдэн газар олгодог, шаардлага тавихаар үл хэрэгсдэг нь хашаа арга хэмжээний утгыг бүрэн алдагдуулжээ. Өнөөдөр ч гэсэн газар эзэмших эрхийг нь цуцлах мэдэгдэл хүргүүлсэн 330 газрын дийлэнх нь “засаг ноёдын ивээлд” багтаж нийслэлийн шийдвэрийг үл тоожээ. Тэд гээрээс хамгийн их хэл ам дагуулж буй нь Баянгол дүүрэг. Тус дүүрэгт 112 байгууллага, иргэний газар эзэмших эрхийг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн ч арга хэмжээ авч чадалгүй өнөөг хүрсэн байна. Мөн бусад дүүрэгт 218 газар эзэмшигчийн эрхийг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн ч бас л гацаанд оржээ. Дүүргийн Засаг дарга нар нийслэлийн удирдлагаас хариуцлага тооцох эрх зүйн үндэс байхгүй учир ийн “дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх” боломжийг олгосоор байгаа талаар Д.Бат-Өлзий тайлбарласан юм. Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга дүүргийн удирдлагуудад үүрэг, чиглэл өгөх эрхтэй ч огцруулах эрх мэдэл байдаггүй нь газар чөлөөлөлтийн ажилд саад болж байна. Дүүргийн Засаг дарга улс төрийн албан хаагч учраас ИТХ-аас нь хариуцлага тооцохоос бусдаар арга хэмжээ авах боломжгүй. Үүнийг дүүргийн үе үеийн удирдлагууд ашиглаж, газар эзэмших эрхийг замбараагүй олгосоор байна. Уг нь нийслэлийн Засаг дарга хот төлөвлөлтийн дагуу газар олгох эсэхийг шийдэх ёстой боловч дүүргийн Засаг дарга нар төлөвлөлт мэдэхгүй байж нийслэлийн эрх мэдэлд халдан дураараа газар олгосноос ийм хүнд байдалд хүрсэн” хэмээв. Түүний тайлбарласнаар Газрын тухай хуулийн 31.1.2 дахь заалтыг зөрчиж газар олголт хийсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг нь цуцлах мэдэгдлийг хүргүүлдэг ч дүүргийн Засаг дарга нарын эрх мэдлийг давалгүй, хууль зөрчсөн үйлдэлд “бууж өгч” байгаа аж. Газрын тухай хуулийн 31.1.2-т дүүргийн Засаг дарга нар иргэнд өмчлүүлэх 0.07 га, хүнсний ногоо тарих 0.1 га-гаас илүү газрыг иргэн, ААН-д олгохдоо дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр заасан. Гэтэл дүүргийн Засаг дарга нар хуулийн энэ заалтыг баримтлалгүй дур мэдэн газар олгосоор байгаа юм. Хуульд заасны дагуу бол эрхийг нь цуцалсан 110 ААН-ийн газрыг Нийслэлийн газар ашиглалт, бүртгэлийн хэлтэс дахин дуудлага худалдаанд оруулах, төсөл арга хэмжээний журмаар дахин бусдад эзэмшүүлэх ёстой. Гэтэл төр өмчөө захиран зарцуулах эрхгүй болж хотын захиргаа гацжээ. Үүнээс гарах арга зам байна. Энэ нь мэдээж хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор шүүхийн шатанд эрхийг нь сэргээхгүй байж үнэнээр шийдвэрлэх явдал юм. Мөн дүүргийн засаг ноёдын газар олгох эрхийг хязгаарлах өөрчлөлтийг Газрын тухай хууль болон Нутгийн захиргаа, түүний удирдлагын тухай хуульд тодорхой тусгах хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр хотын өнгө үзэмжийг сайжруулах мянган алхам хийгээд ч нэмэргүй. Нийслэлийн төвийн хуучин хашаанууд дээр сурталчилгааны том том самбар байршуулж “нүглийн нүдийг гурилаар хуурч” хэчнээн жилийг үдэх билээ. Тэгээд ч хуулийн зарим заалт хэрэгждэг, зарим нь хөсөр хаягддаг байж таарахгүй. Хүчгүйг нь дээрэлхэж, хүчтэйд нь хууль ёс гудайдаг байж таармааргүй сэн.

  • Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.