Генерал Т.Бадрал нарын хэргийг шударгаар шийдэж чадах уу

7937

Албан тушаалаа урвуулан ашиглаж, татвар төлөгчдийн мөнгийг бөөн бөөнөөр нь хумсалж, хувьдаа завшигчид  төр, засгийн бүхий л салбарт бугшсаар байгаа билээ. Харамсалтай нь тэдэнд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал урьдын адил учир дутагдалтай хэвээрээ байна. Тэдний заримд нь ёс төдий ял тооцож шийтгэсэн нэр зүүгээд, төд удалгүй буцаагаад төрийн өндөр алба, эрх ямбын суудалд дахиад залдаг тул төрийн албан тушаалтнуудын авлига, хээл хахууль, мөнгө угаах гэх мэт зүсэн бүрийн хэргүүд ер тасрахгүй байгаа юм. Жишээлэхэд, Онцгой байдлын ерөнхий газарт олон жилийн өмнөөс хэдэн дарга нарынх нь ноцтой хэргүүд ар араасаа шилээ даран гарч байлаа. 2007 оны үед ОБЕГ-ын дарга асан генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргааар ажиллаж байсан Л.Алтангэрэл нарын хэрэг нэлээд дулиан тарьж байв. Улсын нөөцийн хөрөнгөөс тэрбум тэрбумаар нь зувчуулж, дураараа идэж уусан  энэ хэрэгт тэднийг харин 3.6 жилээр хорьж, улсад учруулсан хохирол хэмээн П.Дашаас 460 сая төгрөг, Л.Алтангэрэлээс 146.5 сая төгрөг тус тус гаргуулан ОБЕГ-ын дансанд тушаах шийдвэрийг шүүх гаргаж байлаа. Тэгээд тэд ялыг биеэр эдлэн шоронд суугаад гарсан ч тэрхүү хохирлын мөнгө төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Гэтэл Л.Алтангэрэл нь одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэргэд Зөвлөхийн алба хашаад сууж байна.

У.Хүрэлсүх тухайн үед Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд байхдаа өөрийнхөө багш гэгддэг генерал Ж.Үржинг  ОБЕГ-ын даргын ажлаас гэнэт зайлуулаад оронд нь Хил хамгаалах ерөнхий газрын дарга асан хошууч генерал П.Дашийг авчирч тавьсан байв. Мөн мань эр сайдын хувьд урьдын танил Л.Алтангэрэлийгээ Улсын нөөцийн газрын даргаар томилжээ. Нэг үгээр хэлбэл, П.Даш, Л.Алтангэрэл нар нь яалт ч үгүй У.Хүрэлсүхийн гарын хүмүүс аж. Тэгвэл ОБЕГ-ын одоогийн дарга хошууч генерал Т.Бадрал нь бас л У.Хүрэлсүхийн дотнын найз бөгөөд түүний дэмжлэгээр энэхүү албан тушаалд залагдаад удалгүй албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгөнөөс баахныг идэж уусан хэргээр Авлигатай  тэмцэх газрынханд шалгагдан гурван жил гаруй болж байна. Т.Бадрал нь уг албан тушаалд томилогдсоноосоо хойш  ОБЕГ-т ОХУ-аас тусгай тоноглолтой автомашин худалдан авсан нь ашиглах боломжгүй болтлоо тоногдсон техник байснаас гадна төсвийн хөрөнгөөр барьсан барилга дээрээ үйлчилгээний ангийнхаа албан хаагчдыг ажиллуулаад олигтой цалин урамшуулал олголгүй санхүүгийн бөөн будлиан үүсгэсэн, зарим ажилтнууд нь аваар ослын үед хөдөө орон нутагт ашигладаг автомашинаа хувийн зугаа цэнгэлд унаж ашигласан гэх мэт хэд хэдэн хэрэг зөрчил илэрчээ. Тэдгээрээс  хамгийн ноцтой, томоохон хэрэг буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, бусдад давуу байдал олгож, төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан асуудалд нь хуулийнхан эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ хэрэгт хошууч генерал Т.Бадралаас гадна ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан хурандаа Р.Дадам агсан болон Хангалт үйлчилгээний газрын дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” компанийн захирал Д.Лхагвасүрэн нар холбогдсон бөгөөд прокуророос саяхан тэдэнд яллах дүгнэлт гарган Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх рүү шилжүүлээд байгаа юм.

Эдгээр албан тушаалтнууд нийт 17 удаагийн тендерийг хуйвалдаанаар зохион байгуулж, төсвөөс их хэмжээний хөрөнгө мөнгө завшсан хэмээн анх шалгагдаж эхэлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад 8 удаагийн тендерийн баримт хуурамч болох нь тогтоогдсон байна.  Тухайлбал, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан хурандаа Р.Дадам нар нь 2015 оны тавдугаар сард найз Д.Лхагвасүрэнгийнхээ  “Орем трейд” компанийг автомашин нийлүүлэх тендерт шалгаруулан тусгай тоноглол бүхий “Газель” маркийн 15 машиныг зах зээлийн ханшаас  600 орчим сая төгрөгөөр илүү үнэлүүлэн 2.1 тэрбумаар худалдаж авсан бөгөөд ингэхдээ 1988 оны хуучирсан нэг машиныг дунд нь хавчуулж мөнгө завшсан, мөн гал унтраах, аврах ажиллагаанд ашигладаг майхан, галын хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн барааг ямар ч тендергүйгээр авчээ. Мөн түүнчлэн ОБЕГ-ын сургалтын төсвөөс Р.Дадамын хүргэнийх нь компанид 275 сая төгрөг шилжүүлэн, энд тэндэхийн хог хаягдал сэлтийг цулуулан дөрвөн машины гарааш бариулсан нь бас л мөнгө идэх нэг арга болсон байв. Түүгээр зогсохгүй хошууч генерал Т.Бадрал нь эрх мэдлээ хэтрүүлэн ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч С.Бямбасүрэнд 160 сая төгрөг өгч шаардлага хангахгүй засвар хийлгэн, төсвийн хөрөнгийг хувьдаа иджээ.

Тэдний эдгээр бүлэг хэрэг шийдэгдэлгүй олон жил сунжирсан нь үндсэндээ Т.Бадралын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгаагүйгээс болсон байна. Нөгөөтэйгүүр, хэргийг мөрдөн шалгах явцад гол хамсаатан гэгдэж байсан Р.Дадам нь нас барсан тул зарим талаар хүндрэл учирсан гэх яриа ч бас бий. Гэхдээ энэ нь тийм нөлөөтэй асуудал биш болов уу. Хамгийн гол нь хошууч генерал Т.Бадралын зүгээс хууль хяналтынханд ихээхэн нөлөөлж байсан бөгөөд мань эр танил талаа ашиглан яаж ийж байгаад хэргээс эвтэйхэн мултрах гэж оролдсоор өдий хүрсэн гэвэл хэтрүүлсэн болохооргүй байгаа юм. Иймд олон жилийн нүүр үзэж буй хошууч генерал Т.Бадрал тэргүүтний энэхүү бүлэг хэргийг шүүх шударгаар шийдэж чадах эсэх нь иргэдийн анхаарлыг ихээхэн татаж байна.

О.Баяр

Шуурхай.мн


URL:

Нэр: Weleestagma Огноо: 14 April 2020

buy cbd https://cbdoilwalmart.com/ – cbd vape cbd cream buy hemp oil

Сэтгэгдэл бичих