Ирэх жил зэсийн зах зээлээс их юм хүлээлтгүй

7959

  • Зэсийн эрэлт багасаж, үнийн уналт тасралтгүй үргэлжилсээр байна

Дэлхийн зах зээлд алтнаас бусад ашигт малтмалын үнийн уналт үргэлжлэх төлөвтэй байхад манай улс ирэх оныхоо төсөвт таваарын ханшийг ихээхэн өөдрөгөөр төсөөлж баталсан. Төсвийн орлого биелэхгүйд хүрвэл алдагдлыг өрөөр нөхөхөөс өөр аргагүй. Монголд төдийгүй дэлхийн хүчирхэг гүрнүүдэд сонгууль угтсан улстөржилт эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг шинжээчид анхааруулсаар байна. Гэтэл валютын ханшийн өсөлттэй уялдаад импортоор авдаг бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, эргээд экспортод гаргадаг уул уурхайн голлох таваарын ханш унаж буй нь манай эдийн засгийн сорилт болох нь. Энэ эрсдлийг тооцолгүй ирэх оны төсвийн орлого, зарлагын зөрүү эдийн засагт хүндрэл учруулахаар баталсан нь харамсалтай.

Зэсийн үнийн уналт үргэлжилнэ

Монголбанкнаас 2015 онд зэсийн экспортыг тооцоолохдоо “Эрдэнэт”-ээс 500 мянган тонн, Оюутолгой, Цагаан суваргын ордоос 2022-2027 онд 3.9 сая тонн хүртэл зэсийн баяжмал гаргана гэж үзэж байв. Харамсалтай нь, зэсийн эрэлт багасаж, үнийн уналт тасралтгүй үргэлжилсээр байна. Тухайлбал, 2016 оны зэсийн ханшийн уналт давтагдаж болзошгүйг суурь үзүүлэлтүүд илтгэж байна. Хятадын PMI, даацтай үйлдвэрүүд байрладаг хөгжиж буй орнуудын MSCI EM индекс бүгд зэрэг унаж байна. Дээрх үзүүлэлтүүдээс хамгийн аюултай нь Хятадын PMI буюу Худалдан авагч менежерүүдийн индекс юм. Тухайн индексээр БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын тэлэлт, агшилтын хандлагыг тооцож болдог болохоор индекс сулрах нь зэсийн эрэлт буурах өндөр магадлалтайг илтгэдэг гэж шинжээчид сануулсаар байна. Тонн нь 6174 ам.доллартай тэнцэж байгаа өнөөдрийн ханшийг ирэх онд 5991 ам.доллар болно гэж Bloomberg тооцоолсон. Манай улсын төсөвт уул уурхайн салбараас олох орлогын дийлэнхийг бүрдүүлдэг “Эрдэнэт”, “Оюу-толгой ”-гоос орж ирэх орлого энэ хэрээр багасах юм. Үүнээс гадна АНУ, Хятадын худалдааны дайнаас улбаалан үйлдвэрлэл саарч байгаатай холбоотой зэсийн эрэлт багассаар байгаа нь экспортын хэмжээг эрс бууруулна.

Нүүрснээс 1.4 их наядын орлого төвлөрүүлж чадах уу

Энэ оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон ч биелэх боломжгүй болсон. Гэхдээ тонн нүүрсний үнийг багаар тооцсон тул төсөвт эрсдэл үүсэхгүй гэж найдаж буй. Тэгвэл ирэх оны төсөвт мөн 42 сая тонн нүүрс гаргана гэж тусгасан. Ингэхдээ тонныг нь 75-125 ам.доллараар борлуулж, төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэв. Энэ нь өмнөх оныхоос 14 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийнхүү монголчууд өөдрөгөөр төсөөлж байхад дэлхийн зах зээлд нүүрсний эрэлт мөн л багассаар байна. Байгаль орчны хамгаалал, ногоон бодлогын хүрээнд нүүрсний хэрэглээг бууруулах зорилт тавьж буй Евро бүсийн нөлөө, түүнчлэн урд хөрш нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдээ хааж, олон уурхайн үйл ажиллагааг зогсоож байгаа зэрэг нь хар алтны зах зээлд тулгарч буй сорилт юм. Үүнийг манай улсын санхүүчид ирэх жилд хараахан нөлөө үзүүлэхгүй хэмээн үзэж, энэ оны биелээгүй гүйцэтгэлтэй адил хэмжээний нүүрс экспортолно гэж “гүрийсээр” буй. Сонгуулийн жил улстөрчдийн тоглох гол цэг энд төвлөрнө. Харин ханшийн уналт үргэлжилж, эрэлт багасаж, экспорт буурахад алдагдлыг нөхөх арга зам тодорхойгүй хэвээр байна.

Алт өснө гэвч….

Ирэх оны төсөвт алтыг унц нь 1545 ам.доллараар тооцож, 19 тонныг төлөвлөсөн. Дэлхийн зах зээлд ганц өсөлттэй байгаа метал бол алт. Худалдааны дайн, валютын ханшийн уналт зэргээс шалтгаалж улс орнууд алтны нөөцөө нэмэгдүүлсээр буй. Алтны эрэлт өссөнтэй уялдаад ханш нь өмнөх оноос 16 хувиар өссөнийг төв банкны гуравдугаар улирлын тайланд дурдсан. Гэвч манай улс татварын шинэчлэлээр Монголбанкинд тушаах алтны хэмжээг эрс бууруулах эрсдэлийг мөн л тооцсонгүй. “Энэ жил өнгөрсөн оноос бага алт тушааж байгаа нь 2.5 хувь байсан АМНАТ таван хувь болж нэмэгдсэнтэй холбоотой” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байв. Дэлхийн зах зээлд өсөлттэй байгаа алтны үнэ манай эдийн засагт төдийлэн сайн үзүүлэлт авчрахгүй, харин ч нууцаар хилийн дээс давуулж болзошгүй тул үнэт металлын салбараас ихийг хүлээх хэрэггүй.

Э.Батцэцэг

Эх сурюалж: Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.