Д.Цогтбаатар сайд аа, хариуцлагаа хүлээгээд огцор

7999

Монголын дипломат албаны нэр хүнд шороотой хутгалдаад, дэлхий дахинд шившиг болоод дууслаа.  Эхлээд Монголын дипломатчид тамхины наймаа хийж байгаад баригдаж, нүдний булай болсон.  Дараа нь хар тамхи хил давуулан зөөж, олон улсад Монголын нэрийг хараар будсан. Одоо Элчин сайд хүн оффшор бүсэд мөнгө угаасан нь илэрч, хууль, хяналтынхан баривчлаад байна.  Визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдож, шалгуулж байгаа нөхөр бол Франц улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд А.Баттөр  байсан талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд эхэллээ.  Дэлхий нийтээрээ хар тамхи, авлига хээл хахуул, оффшор бүстэй тэмцэж байхад манай дипломатууд бүхий л болохгүй, бүтэхгүй бүхнийг хийсээр.

Д.Цогтбаатар сайд аа, одоо хариуцлагаа хүлээ 

2017 оны аравдугаар сард Д.Цогтбаатар гэдэг эрхэм ГХ-ын сайдаар томилогдож байлаа. МАН дотор гадаад харилцааны чиглэлээр илүүтэй мэргэшсэн хүн гэж түүнийг үздэг. Эхлээд хувь хүн рүү хандаагүй гэдгээ хэлье.  Тэр хувьдаа ямар нэг алдаа гаргаж, элдэв зүйлтэй орооцолдоогүй. Харин ч сайн ажиллаж байгаа. Харин Гадаад харилцааны яамны бодлого алдагдаж байгааг дипломатууд хар тамхи зөөж, тамхи наймаалж байгаагаас харагдана.  Зөвхөн 2019 онд гэхэд  Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг буюу гурван сая еврогийн үнэ бүхий геройныг албаныхаа машинаар тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын гаалийн ажилтнуудад саатуулагдаж, хоригдчихоод байна.

Гадаад харилцааны яамныхан нуух гэж оролдоод бараагүй, яах аргагүй үнэнд гүйцэгдсэн.  Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зардаг гэсэн хэл аманд орооцолдсон.  Ямар ямар машинд дипломат дугаар зүүж зарсан. Түүнээс машин авсан хүмүүсийг Хятадын хууль, хяналтынхан баривчилсан гэх мэдээлэл ч цацагдсан.   Харин өчигдөрхөн Франц улсад суугаа Элчин сайд оффшор бүсэд мөнгө угаасан гэх асуудал босож ирлээ.

Монгол Улсад худлаа ярьж, хулгай хийж, хар тамхи зөөж, хууль бус наймаа хийчихээргүй дипломатич олдохгүй байгаа хэрэг үү.  Элчин сайдаар явуулах, дипломат албанд ажиллах хүмүүсийг сонгохдоо судалдаггүй хэрэг үү.  Албан тушаалаар шагнуулсан ашиг сонирхлын зөрчилтэй, адгийн авлигачийг оруулж ирэхэд нь харанхуй кноп дараад явуулчихдаг юм уу. Сүүлийнх нь тодорхойлолт л үнэн болж таарах гээд байна. Хаа байсан 2001 оноос хойш Монголын дипломатчид хууль бус наймаа хийж, хар тамхины хэрэгт орооцолдсоор ирсэн. Хар түүх байсаар байтал улсынхаа нэр нүүрийг бодохгүй, хэнийг ч хамаагүй явуулж буйн хар гай энэ.  Одоо байдал хэрээс хэтэрч, дипломат албаны машинаар Германы хилээр хар тамхи авч орох гэж л байдаг. Арай л хэрээс хэтэрч байна. Оффшор дансанд мөнгө нуусан, авлигачин нөхрийг Элчин сайдаар томилоод. Өнөөх нь усан үзмийн талбайтай тансаг хаус авч томроод л…

Элчин сайдуудаа ч томилж чадахгүй гацсаар 

Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаатай.  ГХЯ-ын сайтад мэдээлснээр дэлхийн 30 оронд Элчин сайдын яамтай, 2 оронд Байнгын төлөөлөгчийн газартай. Үндсэн 32 Элчин сайд гадны оронд сууж байна гэсэн үг.  11 оронд Ерөнхий консулын газар, Консулын газар, нэг улсад Худалдаа,  эдийн засгийн төлөөлөгчийн газар байна.  Тэгвэл 4 улсад Элчин сайдгүй, түр хамаарагч хариуцаж байгаа. Тодруулбал, Киргизийг Т.Ганболд, ОХУ-ыг  О.Очирмаа, БНСУ-ыг Д.Эрдэнэтуяа Шведийн хаант улсыг З.Шүрэнчимэг нар түр хамаарч байна.  Шведээс М.Энхсайханыг татаад жил тойрчихлоо. Солонгост суух Элчин сайдыг томилж чадалгүй өнө удав. Элчин сайдгүй хоёр жил гаруй болчихлоо. Б.Хурц гэдэг авлига, албан тушаалын хэрэгт хутгалдсан нөхрийг зүтгүүлээд бараагүй. Солонгосын тал хүлээж аваагүй гээгүй байгаа даа.

Ардчилсан намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан дарга Ц.Сүхбаатар “ДТГ-ын тэргүүн солигдоход нэг сараас илүү хугацаа орох ёсгүй юм  уг нь.  Гэтэл манайд дотоод улс төрийн нөхцөл байдлаас болж 1-2 жил томилгоо хийхгүй байх явдал хүртэл гарч байна. Тухайлбал, БНСУ-д манайхаас  хоёр жил элчин сайдгүй байна. Тэнд ямар нэг асуудал гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Энэ мэт засаг төрийн уялдаагүй байдал, бүлэглэл, фракцуудын тэмцлээс болж Монгол Улсын чухал албан ажил эзэнгүйдэж, хариуцлага алдах, гэмт хэрэг гарах нөхцөл байдал үүсч байна.  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар салбарт нь гарсан энэ том асуудалд хариуцлага хүлээж, сайн дураараа албан ажлаа өгөх ухамсартай байх ёстой” хэмээн ярьсан.

Гадаад харилцааны яамныхан хууль зөрчсөн нь илэрлээ

АТГ-аас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх 5 яамны нийтийн албан тушаалтнууд үндсэн ажлаасаа гадна давхар ажил эрхэлж байна уу гэдгийг шалгасан. Тэгэхэд 6 албан тушаалтантай холбоотой зөрчил илэрсний гурав нь ГХЯ-ных байсан юм билээ.  Тэр дундаа тус яаманд ажиллаж байгаад гарсан нэг албан тушаалтан 5 жил гаруйн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн ноцтой зөрчил илэрсэн.  Энэ мэт зөрчил илэрч байхад салбарын сайд юу ч мэдээгүй явсан уу, эсвэл…Энэ мэт салбартай нь холбоотой маш олон зөрчил гарч байхад сайд ёс зүй гаргаад, огцрох цаг болсон юм биш үү.

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих