Хөгжлийн банк засаглалыг сайжруулж муу зээлийн эргэн төлөлтөд анхаарав

Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд 2019 оны ажлаа тайлагнаж эдийн засгийн сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар зээлийн эргэн төлөлтийг сайжруулах хүрээнд хийгдсэн шинэчлэл, банкны бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, бодлого, журмын шинэчлэл, ISO стандарт нэвтрүүлэлт, ханшийн эрсдлийн талаарх мэдээллийг онцлон танилцуулав.

Энэ оны эхээр Монгол Улсын Хөгжлийн банкны  үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар, Үндэсний Аудитын газраас  шалгалт хийсэн. Тус шалгалтын дагуу чиг үүргийн давхардал арилгах чиглэл өгсөн. Үүнийн хүрээнд тус банк нь бүтцийн өөрчлөлт хийж анхан шатны нэгжийн тоог 18 хувиар бууруулсан байна. 2019 оны цалингийн төсвийг 460 сая төгрөгөөр хэмнэжээ.  Мөн тусгай актив хариуцсан хэлтсийг байгуулсан. Тус хэлтэс байгуулагдсанаар таван сарын хугацаанд 3.8 тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн байна. Банкны зээлийн чанарыг бууруулж буй зарим томоохон зээлдэгчдийг Засгийн газар болон хуулийн байгууллагатай хамтран төлүүлэхээр ажиллаж байна.

   

Тайлант хугацаанд банкны бодлого, журмын шинэчлэлүүдийг хийсэн байна. Нийт 14 бодлого, журам, зааврыг шинэчлэн батлуулсан. Үүнээс зээлийн бодлого, эрсдэлийн  бодлого болон чанаргүй активыг бууруулах үйл ажиллагааны журам, зээлийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулсан. Мөн  ISO 9001-Чанарын удирдлага, ISO 27001-Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг  банкинд нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. 2020 оны 1 дүгээр улиралд бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны нийт актив хөрөнгө 2019 оны эхний 11 сарын байдлаар 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Банкны зээлийн багц тайлант хугацаанд 2.7 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд нийт зээлийн 46.7%-ийг ам.долларын зээл, 35.8%-ийг төгрөгийн зээл эзлэж байгаа бол евро болон иений зээлийн үлдэгдэл харгалзан 10.8%, 6.7%-тай байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь 2019 оны эхний 11 сард төсөл, хөтөлбөрүүдэд нийт 620.1 тэрбум төгрөгийн зээлийг олгосон бөгөөд үүнд Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 314.7 (51%) тэрбум төгрөг, Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт 107.2 (17%) тэрбум төгрөг, Уул уурхай, олборлолтын салбарт 83.8 (14%) тэрбум төгрөгийг олгосон бол бусад салбарт 113.7 (18%) тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь уул уурхайн бус эдийн засгийн үр өгөөжтэй экспортод гарах боломжтой төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байна.  Тухайлбал, ноолуур хөтөлбөрийн хүрээнд зах зээл дэх ноолуурыг дотоодын аж ахуйн нэгжүүд худалдан авах эргэлтийн хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх,  эргэлтийн хөрөнгийг аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход чиглэсэн технологийн хөрөнгө оруулалтруу чиглүүлэн дэмжиж ирсэн. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Ноолуур хөтөлбөрийг шинэчлэн баталснаар Монгол Улсын Хөгжлийн банк нь 2018-2019 онд нийт 34 үйлдвэрт 277.3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгож үйлдвэр эрхлэгчдээ дэмжин ажиллаж байна. Мөн Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн элэгдэж хуучирсан тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийн төслийг ОХУ-ын Внешэконом банкны хөнгөлөлттэй эх үүсвэрээр  хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжсэнээр Турбингенераторууд шинэчлэгдэж, суурилагдсан хүчин чадал 89 мвт, дулаан 152 Гкалаар тус тус нэмэгдэж, үйлдвэрлэлийн үр ашиг болон найдвартай ажиллагаа дээшилж, цахилгаан, дулааны нэгжийн өртөг буурч, үйлдвэрийн ажиллагаа 35 жилээр нэмэгдэх юм.

Охин компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт: МУХБ нь хөрөнгө оруулалтын “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг “Ди Би Эм лизинг” ХХК-иудыг байгуулан ажиллаж байна. Тус хоёр компанийн хувьд тухайн салбаруудад шаардлагатай хөрөнгө оруулалт түрээсийн үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийсэн дөрөв дэх удаагийн  албан ёсны айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг  ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК хооронд үзэглэсэн. Мөн тус компанийн “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-д 2019 онд эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж нийгэм эдийн засгийн өндөр өгөөжтэй төсөлд хөрөнгө оруулалт хийх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан, Улаанбаатар хотын захиргаа, Монгол Улсын Хөгжлийн банк, Арилжааны банкууд, орон сууц худалдан авах иргэдийн  хамтарсан 570.1 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд “Ди Би Эм Ассет менежмент ҮЦК” ХХК  нь Уур амьсгалын ногоон сангийн эх үүсвэрээс 75.7 сая ам.долларын амлалтыг авсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэх “Эко-хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-г үүсгэн байгуулах шатандаа ажиллаж байна.  “Ди Би Эм Ногоон хөгжил хувийн ХОС ТЗК” ХХК-ийг 2019 оны 12 сард Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүллээ.   Тус сан нь агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.

“Ди Би Эм лизинг” ХХК  нь Монголдоо хамгийн том тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага. Тус компани нь атрын 3-р аяны хүрээнд зөвхөн тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамтран  20 гаруй сая ам.долларын 835 ширхэг тоног төхөөрөмжийг газар тариалан эрхлэгчдэд санхүүгийн түрээсээр олгожээ.  “Ди Би Эм лизинг” ХХК нь  11 дүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу өөрийн хөрөнгийн хэмжээг 100.0 тэрбум төгрөг болгож нэмэгдүүллээ. Мөн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын банктай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулав.  Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өндөр өгөөж бүхий бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор БНХАУ-ын Хөгжлийн банк, Экспорт ба зээлийн даатгалын корпорацтай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь цаашид активын чанар, эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тэргүүлэх салбарын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, үйл ажиллагааг төрөлжүүлэх чиглэлүүдэд чиглэсэн ажлыг түлхүү хийхээр төлөвлөж байна.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК


URL:

Сэтгэгдэл бичих