Хурандаа нарыг “намнах” Ерөнхийлөгчийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр Б.Хурц ажлаа эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамга атгасан цагаасаа хойш шүүх эрх мэдлийн шинэтгэл нэрээр прокурор, шүүх, Авлигатай тэмцэх газрыг атгандаа оруулж авсан. Шүүх, прокурор элдэв хэл амгүйгээр эвтэйхэн ороод ирсэн бол эсэргүүцэл ихтэй, бас бага биш хугацаа шаардаж байж өөрийн болгосон нь АТГ.

Хууль хүчний байгууллагаас толгойд нь өөрийн хүнээ тавьж амжаагүй байгаа нь үндсэндээ ганц цагдаа. Тиймээс эрхэм Ерөнхийлөгч энэ удаа овоо хараагаа цагдаа руу чиглүүлжээ. Тэрбээр онилсон нум нь эрчтэй, онох сум нь мэргэн байлгахын тулд эхлээд цагдаагийн хурандаа нарыг “намнахаар” төлөвлөсөн бололтой.

Cap орчмын өмнө, Тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор УИХ-ын хүндэтгэлийн чуулганы индрээс Ерөнхийлөгч “Төдийлөн хөндөгдөөгүй үлдээд байгаа боловсон хүчний нэг асуудал бол цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарыг тойрсон яриа юм. Цагдаагийн бие бүрэлдэхүүнд хөрөнгөлөг хурандаа нар цөөнгүй байгаа. Тэднийг шалгаж хөрөнгийн эх үүсвэрийг нь тогтоох шаардтагатай” гэж хэлсэн нь цагдаагийн хурандаа нарт “Үгэнд орохгүй бол” гэсэн сануулга сэрэмжлүүлэг болж сонсогдсон биз.

Хурандаа нар гэлтгүй юм ойлгодог ард иргэд ч түүний үгийг ингэж л хүлээж авсан. Хууль бусаар хөрөнгөжсөн гэхдээ тулбал цагдаагийн хурандаа гэлтгүй төрийн бүх байгууллагад удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүс бүгд багтана. Эрхэм Ерөнхийлөгч өөрөө ч бас тэдний нэг байх магадлал тун өндөр. Хууль бусаар хөрөнгөжсөн гэж хардагсдаас онцолж, хурандаа нарыг чиглэсэн довтолгоогоо Ерөнхийлөгч өөрийн хамгийн сайн чаддаг, нийгэмд таалагдахын тулд бусдын тархийг угаах ээлжит аргаараа эхлүүлсний дараахан АТГ-аас Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газарт хадгалж байгаа хурандаа нарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг татан авч шалгаж эхэлсэн байна.

Ингэснээр цагдаагийн хурандаа нарыг “намнах” гэсэн Ерөнхийлөгчийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эхэллээ хэмээн ойлгож болох аж. Түүнээс гадна эл төлөвлөгөөг гардан хэрэгжүүлэгч нь АТГ-ын дэд дарга Б.Хурц гэдэг нь хэнд ч ил тод болжээ. Ингэхэд, Еронхийлөгчид цагдаагийн хурандаа нарыг халаасалж авах ямар шаардлага байгаа билээ гэдэгт анхаарлаа хандуулъя.

“Долдугаар сарын 1-ний хэрэг” гэсэн тодотголтой тавын таван жирийн иргэнийг буудаж хөнөөсөн хэргийн буруутнаар цагдаагийн дөрвөн хурандааг тодруулж, тэднийг яллахын тулд Ерөнхийлөгчийн халаасан дахь прокурор, шүүхийн байгууллага тун ч идэвхтэй байгаа. Энэ идэвх нь жинхэнэ буруутныг олны анхаарлаас холдуулах гэсэн оролдлого хэмээн үзэх хүн олон.

Жинхэнэ буруутан хэн бэ. Үймээн самуун гарахад өдөөсөн хүний тухай ярихад овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэсэн ухаант ардын мэргэн үгийг ч саналтай. Сонгууль будилаантай болсон хэмээн хамгийн ихээр уурсан, хамгийн түрүүнд хамгийн чангаар хашгирсан хүн хэн билээ гэдгийг ард түмэн мартаагүй. Магадгүй чухамдаа тэр хүн тэр өдөр олон түмнийг өдөөн турхираагүй бол өнөөдөр цагдаагийн дөрвөн хурандаа гэмт хэрэгтэн болоод сууж байхгүй байсан.

Энэ бол яаж ч бултах аргагүй үнэн юм. Түүхийг гуйвуулж болдог гэдэг шиг хэн нэгнийг аврахын тулд, нэр хүндийг нь унагахгүйн тулд таван хүн амь алдсаны бурууг цагдаагайн дөрвөн хурандаа үүрч гарах ёстой болж байгаа нь ч үнэн.

Ерөнхийлөгчийн цагдаагийн хурандаа нарыг онилсон төлөвлөгөөг АТГ-ын удардлага, тэр дундаа Б.Хурц хэрэгжүүлж байгааг интернэтэд “http://www.iaac. mn/index.php?cid=63 хаягаар хөрөнгөлөг бөгөөд хүн дарамталдаг хурандаа нарыг бичээрэй, маш яаралтай бичээрэй” гэсэн сэтгэгдэл тавигдсанаар баталж болох. АТГ-ын албан ёсны вэб сайт нь www. iaac.mn. Тиймээс авлигатай тэмцэгчдийг цагдаагийн хурандаа нарын “но”-г байгууллагынхаа вэб сайтаар ч болтугай олж авахыг ихэд хичээж байна хэмээн ойлгогдож буй юм.

Тэгээд ч АТГ-ын шинэ удирдлага тэр дундаа дэд дарга Б.Хурц ардчилсан Ерөнхийлөгчид энэ насаараа төлж үл дийлэх, мөнгөөр үл үнэлэгдэх их өртэй. Харийн нутагт зовж зүдэрч явахад нь аварсан хүнийхээ ачийг хариулахын тулд юу ч хийхээс буцахгүй шилдэг чанар түүнд бий. Тийм ч учраас цагдаагийн байгууллагыг өөрийн болгох Ерөнхийлөгчийн төлөвлөгөөг гардан хэрэгжүүлэх хоточ банхрын үүргийг Б.Хурцаас илүү сайн биелүүлэх хүн үгүй л болов уу.

Муу муухайтай тэмцэж, булхай бусармаг бүгдийг цэвэрэж цэгцлэх чин санаатай гэх эрхэм Ерөнхийлөгчийн энэ үйлдэл яг үнэн хэрэгтээ цагдаагийн эсрэг нийгмийг хандуулах сөрөг нөлөөтэй байж болохыг бодолдох ёстой юм. Тэртээ тэргүй манайхан цагдаад таатай биш. Хуулиар дарангуйлж хүчээр бүгдийг шийдэх, өөрсдөөсөө бусдыг үл тоон харилцдаг цагдаад тогтсон нийтлэг хандлага нь тэднийг ард түмнээс алхам зайтай байлгадаг.

Энэ зайг ойртуулж иргэд цагдаад итгэдэг, цагдаа нь иргэддээ итгэгддэг байлгахын төлөө эвийг эрхэмлэгч эрхэм Ерөнхийлөгч санаа тавих ёстой баймаар. Гэтэл дарин дээр давс нэмж улам бүр дургүй болгох замаар Монголын цагдааг гартаа оруулна хэмээн тооцсон нь нэг л ойлгогдохгүй байгаа юм. Тэрбээр УИХ-ын чуулганы хүндэтгэлийн индэр дээрээс “Хууль бусаар гэнэт их хөрөнгөжсөн тийм хүмүүсийн асуудлыг би энд хөндөж байна. Тэд хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй атлаа хуулийг зөрчдөг, шударга ёсыг сахиулах томилгоотой, тийм тангарагтай мөртлөө шударга бусыг хийдэг. Төсөв нь алдагдалтай төрөөс цалин авч, хувцас өмсөж, албан тушаалын зарим хангалт авдаг мөртлөө мөнгө хөрөнгө нь бялхсан, багтаж ядсан байдаг тухай би сонссон. Зөвхөн би ч биш энэ тухай өнөөдөр Монгол сонсож байна. Итгэсэн ардынхаа элэг рүү ингэж өшиглөж болохгүй. Хууль завхруулдаг хууль сахиулагчид байж болохгүй” гэж хэлсэн нь ийм хар төрүүлж байна.

Яг өнөө Хонгорт хорт хавдраар сард 2-3 хүн амиа алдаж байна хэмээн барин тавин хэлчихээд араас нь Тамгын газрын даргаараа залруулга хийлгэсэнтэй адил. Баримт нотолгоогүй, зөвхөн сонссон, дуулснаараа ард олныг төөрөгдүүлж нэр хүндийг нь унагах замаар хүчний байгууллагынхаа хүчийг сулруулах том бодлого явуулаад байгаа юм биш биз гэх хардлагыг ч дагуулж буй юм.

Н.Гэрэл
Эх сурвалж: “Өдрийн шуудан”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих