2050 онд Монгол Улс байх уу?

712-15780155875c6d0ed856f23Энэ үг ямар сонсогдож байна вэ. Эвгүй сонсогдож байна уу. Мэдээж, үгүй л дээ. Монгол Улс байж л байна. Учир нь манай Монголын тулгуур төр 2229, Их Монгол Улс 814 жилийн түүхтэй юм.

“2050 онд Монгол Улс байх уу” гэсэн маань учиртай. 2050 он гэхэд Тулгуур төр 2259, Их Монгол Улс 849 насыг “зооглосон” байх болно. Гэхдээ тэр хүртэл дэлхийд ч, Монголд ч их зүйл өөрчлөгдөнө.
Гэхдээ Монгол Улс яг ямар байхыг бид мэдэхгүй. Харин төрийн төсөөлөл бол байж болно. Төлөвлөгөө гэсэн үг. Соц нийгмийн үед төддүгээр таван жилийн төлөвлөгөө гэж байсан даа. Түүн лүгээ хэдэн жилээр нь тооцоолсон хөгжлийн хөтөлбөрийг төр засаг гаргаж, түүнийгээ мөрдөж ажилладаг. Угаасаа дэлхийн улс орнуудын хөгжлийн үндэс суурь нь ийм урт хугацааны хөтөлбөр байдаг аж.
Европын Холбооны гишүүн орнууд “Европ 2020: Ухаалаг, тогтвортой, хүртээмжтэй өсөлт” хэмээх урт хугацааны бодлогоо 2010 онд баталж, хэрэгжүүлжээ. ОХУ 2008 онд “ОХУ-ын нийгэм-эдийн засгийг 2020 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал”-ыг, БНХАУ 2013 онд “Хятад-2030” урт хугацааны бодлогоо тус тус батлан хэрэгжүүлж байна.
Үнэнийг хэлэхэд Монгол Улс 1990-ээд оноос хойш ийм агуулгатай бодлогын бичиг баримт маш ихийг боловсруулж, баталж байжээ. Нийт 567 ширхэг урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр байна. Заримынх нь хугацаа дууссан. Эдгээр бичиг цаас хэрэгжсэн эсэхийг бид мэднэ. Мэдээж, хэрэгжээгүй.
Хэрвээ хэрэгжсэн бол өнөөдөр монголчууд б.ид яалаа гэж баялгийн 99.9 хувийг эзэмшдэг гучхан гэр бүлтэй, баялгийн 0.1 хувь оногддог “бусад”-тай, дэлхийд байхгүй өндөр хүүтэй банк нэртэй ломбардуудтай, улс төр нь мафийн системд орчихсон, дэлхийн санхүүгийн саарал жагсаалтад бичигдчихсэн, хорт хавдраар дэлхийд тэргүүлчихсэн, гадаадын бүх улс оронд хууль бус наймаа, хулгай хоёроороо зарлагдчихсан байх билээ дээ.
Тиймийн учир Монгол Улсыг 2050 оныг хүртэл хөгжүүлэх Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газар боловсруулжээ. УИХ-аар удахгүй хэлэлцэж эхлэх юм байна. Харин У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Монгол Улсын хөгжлийг 30 жилээр төлөвлөсөн нь зарим улс төрийн хүчин, хэсэг бүлэг хүнд таалагдсангүй бололтой.
Сонгууль ойртсон нь ч бас нөлөөлөв бололтой. “2050 оныг хүртэл бид амьд байх уу”, “Эд нар 2050 он хүртэл төрд үлдэх санаатай байна”, “Гурван жилийн дараахыг мэдэхгүй байхад 30 жилээр төлөвлөнө гэж юу байдаг юм бэ” гээд л сөрж байна.
Уг нь үр минь үлдэх хорвоо гэдэг сэн. Гэтэл “Бид амьд байх ч юм уу, үгүй ч юм уу” гэж байгааг ойлгоход тун бэрх. Мөн 30 жилээр төлөвлөсөн Урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй улстай гадны улс орнууд, санхүүгийн байгууллагууд ч итгэж ажиллах сайн нөлөөтэй. Одоо хар даа. Сонгууль дөхөхөөр гадаадын хөрөнгө оруулалт татардаг. Сонгуульд хэн ялснаас шалтгаалаад хөрөнгө оруулалтын хэмжээ их, бага болдог. Зөвхөн энэ асуудал дээр гэхэд гадаадын хөрөнгө оруулагчид хувь улстөрчидтэй бус, Монгол Улстай харилцдаг болно. Хамгийн гол нь тогтвортой. Ийм л учраас Тулгуур төр 2259, Их Монгол Улс 849 жил хүрэх 2050 оныг хүртэл хөтлөх Урт хугацааны хөгжлийн хөтөлбөр хэрэгтэй юм. Хөтөлбөр хэрэгжсэн 30 жилд, 2050 оны хүртэл дэлхийд ч, Монголд ч их зүйл өөрчлөгдсөн байх болно.

URL:

Сэтгэгдэл бичих