Казах Үндэстний уугуул соёл иргэншлийг хадгалж чадсан нь ганцхан Монгол Улс

БНКазахстан улс болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг өнгөрсөн пүрэв гарагт тэмдэглэлээ.
1992 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Алмааты хотод талууд тусгай протоколд гарын үсэг зурсан өдрөөр дипломат харилцааны эхийг тавьсан билээ. 1997 оны 5 дугаар сард Казахстан улсын Монгол дахь дипломат төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод нээгдэж, 2007 оны 11 дүгээр сарын 7-нд БНКазУ-ын Элчин сайд Монгол улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, Дипломат төлөөлөгчийн газар нь Элчин сайдын яам болж өргөжсөн юм. БНКазУ-ын Ерөнхийлөгч 1993, 1999, 2008 онд Монгол улсад айлчилж, Монгол улсын Ерөнхийлөгч Казахстанд 1998, 2007 онд албан ёсны айлчлал хийсэн байна.
1991 оноос хойш Казахстан болон Монгол улсын хооронд 40 гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Монгол, Казахстаны харилцааны үндсэн чиглэлүүд нь цаашид ч улам өргөжин хөгжиж, зөвхөн улс төрийн хүрээнд бус, олон талт түүний дотор худалдаа эдийн засгийн чиглэлээр хөгжиж байна. Энэ жил Казахстан, Монголын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн болон соёлын хамтын ажиллагааны талаарх Засгийн газрын комисс хоорондын ээлжит VI хуралдаан Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 2008 оны Х дугаар сард Монгол улсад Казахстаны соёлын өдрүүд, 2010 оны XI сард Астанад Монголын соёлын өдрүүд өндөр түвшинд зохион байгуулагджээ.
2012 оны 3 дугаар сард Монгол Улсын Гадаад хэргийн сайд Г.Занданшатар болон Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын Астанад хийх албан ёсны айлчлал төлөвлөгдөөд байна. Түүнчлэн энэ жил Астана-Улаанбаатарын чиглэлд агаарын тээврийн байнгын нислэг нээх, ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотод Астанагийн өдрүүдийг явуулах, хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимийн бизнес чуулган болон үзэсгэлэнг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Энэ үеэр Казахстан улсын тусгаар тогтносны 20 жилийн ойн медалиар Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, түүхч профессор Х.Ислам нарыг шагналаа.
УИХ-ын гишүүн байсан Сандалхан “Тухайн үед харилцаа холбооны талаар арга хэмжээ авах, шуудангийн холбоо, телевиз Казахстанд хэвтрүүлэх гэрээнд миний бие гарын үсэг зурж байжээ. Ерөнхий сайд П.Жасрай 1994 онд Казахстанд төрийн айлчлал хийсэн бөгөөд төрийн сайдын хувьд би мөн очиж хоёр улсын хооронд ажиллах хүч илгээх, хүлээн авах гэрээнд мөн гарын үсэг зурж байжээ. Ингэснээр Монголоос Казахстанд ажиллах очиж байсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, халамжийг нь сайжруулах, хамгаалалтад авах зэрэг олон асуудлыг санал болгон оруулж хэрэгжүүлж байлаа.
Ер нь 38 улс оронд казах үндэстэн байдаг. Эдгэрээс казах үндэстний уугуул соёл иргэншлийг хадгалж чадсан нь ганцхан Монгол улс юм. Энэ бол Монгол улсын төр засгаас казах үндэстний талаар бариталсан бодлого зөв байсны үр дүн юм. Казахстанд очсон өлгийчүүд ч, тэндхийн казахууд ч “КАЗАХ ХЭЛЭЭРЭЭ ХАМГИЙН ЗӨВ ЯРЬДАГ НЬ МОНГОЛООС ОЧСОН ХҮМҮҮС БАЙНА” гэлцдэг. Дэлхийн казахчуудын уулзалт зөвлөгөөнийг хэд хэдэн удаа хийхэд би оролцож байлаа. Тэгэхэд тэр олон улсаас ирсэн казахчууд Монголын төрийн бодлогыг магтаж байдаг. Монголын казахчууд малаа хүртэл Казахстан руу гаргаж байлаа. Монголын иргэншлээс гарч Казахстанд очсон хүн дараа нь эргээд Монголын иргэншлээ сэргээхэд нь хэн ч эсэргүүцэж байсангүй ээ. Энэ бол маш том соёл бөгөөд бахархал юм даа” гэсэн бол Монгол улсаас Казахстан улсад Элчин сайдаар сууж байсан Ю.Сандаг гуай “Миний амьдралд Казахстантай холбогдсон нэлээд зүйл байдаг. Би 1996-2001 онд Казахстан улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж байлаа. Би ЗХУ дахь Монголын ЭСЯ-нд зөвлөхөөр 5-6 жил, нийтдээ ЗХУ-д 15 жил суралцаж ажилласан хүн. Өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад  нь Казахстан, Тажикистан, Узбекистан, Киргиз зэрэг улсуудад очиж үзэж байлаа.

Дахиад очтол маш их өөрчлөгдсөн байв. Ард түмэн нь их урам зоригтой, маргааш өдөртөө итгэлтэй, ялангуяа Ерөнхийлөгч Нурсултан Назарбаеваа маш ихээр хүндэтгэдэг, Назарбаев ч ард түмнийхээ амьдралын төлөө бодитой харагдахуйц их зүйл хийсэн байлаа. Үүний үр дүнд Казахстан нь дэлхийд тоогдох хэмжээний томоохон улсын тоонд орсон байлаа. Яагаад гэвэл Казахстан нь 20-иод сая хүн амтай, 2.5 сая квадрат км газар нутагтай, Менделеевийн үелэх систем дэх бүх эрдэс баялагтай, нефтиэ олж илрүүлсэн ерөнхийдөө бол хөгжих бүрэн бололцоотой нь харагдаж байв.
Энд би зориуд нэгэн зүйлийгтэмдэглэхэд зөв мэргэн удирдлага бол улс орны хөгжлийг урагшлуулах, ард олныхоо амьдралыг дээшлүүлэхэд ямар нэг хэмжээгээр дэм тус болдгийг Казахстанд байхдаа харж байсан.
Монгол-Казахстаны харилцаа маш сайн хөгжсөн. Н.Багабанди Ерөнхийлөгч 1998 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод хамгийн анхны айлчлалаа Казахстанд хийж байв.
Би одоо хүртэл нэг зүйлийг мартдаггүй юм. Ерөнхийлөгч Н.Назарбаевт итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсныхаа маргааш нь Казахстаны засгийн газрын албан ёсны хүмүүстэй танилцах уулзалт хийхдээ Ерөнхий сайдын орлогч бөгөөд Боловсролын сайд Нуриев гуайтай уулзсан. ЗХУ-ын үед манайхаас олон хүн Казахстанд суралцаж байсан нь тасалдчихсан байлаа. Ингээд ярилцсаны үндсэн дээр Засгийн газрын тэтгэлгээр 10 оюутнаа Казахстанд сургах асуудлыг ярилцсанаар ирэх намраас нь анхны 10 оюутан засгийн газрын тэтгэлгээр очиж суралцаж байв. Харин одоо манай оюутны тоо бараг 500-д хүрсэн гэсэн.
Балхашын зэсийн үйлдвэрт манай Эрдэнэтээй гаргасан зэсийн жаахан өр байлаа. Энэ өрийг хоёр байгууллагын хоорондын өр шир мэтхэн ярьсаар байсныг Засгийн газар хоорондын дээрх комиссын хуралдаанаар хэлэлцээд “Казахстаны Засгийн газар энэ өрийг бололцооныхоо хэрээр нэн ойрын хугацаанд Монголд төлж туслах болно” хэмээн тогтож байсан. Энэ нь манай хоёр улсын эдийн засаг, худалдаа, техникийн хамтын ажиллагааны эхлэл болсон болов уу гэж боддог” хэмээн ярилаа.

С.Энх-Амар


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих