Тэтгэврийн даатгалын санд төр 14 их наяд төгрөгийн өртэй

olloo_mn_1575851303_6e9d3ilae9qitf2unepon6fh2t_bМонгол Улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарсан талаар хэлсэн. Энэ асуудлаар УИХ дахь эрх баригчдаас бусад хоёр намын төлөөллийн байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ асуудалтай холбогдуулан хуулийн төсөл санаачилсан байна.

С.ЭРДЭНЭ: АРД ТҮМЭНД ТААЛАГДАХЫН ТУЛД ШОУДАЖ БОЛОХГҮЙ

-Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн. УИХ-ын гишүүн, АН-ын даргын хувьд та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ямар тооцоо, судалгаан дээр суурилж, тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ярьсан бэ. 2020 оны улсын төсвийг батлахад тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж яриагүй. Ерөнхийлөгч АН-аас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж байх шиг харагдаж байна. ҮАБЗ гэдэг зөвхөн Ерөнхийлөгч биш. 700 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад байгаа. Арилжааны банкуудад баахан мөнгө өгөх нь. Эх үүсвэрээ яаж тооцсон нь тодорхойгүй. Бодит зүйлийг ярих хэрэгтэй. Ард түмэнд таалагдах гэж худал шоудаж болохгүй. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл 76 гишүүн улс эх орны эрх ашгийн төлөө явах ёстой. Түүнээс бус хүнд таалагдахын тулд ярьж болохгүй.
-Салхитын мөнгөний ордоос орж ирэх мөнгөнөөс өгөх юм биш үү?
-Салхитын мөнгөний хөрөнгө оруулагч гадаадынх. Энэ ордын олборлолт, борлуулалт ямар байх вэ. Нарийн тооцоо судалгаа алга. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцсан байх. Гэтэл ямар ч тооцоо судалгаагүй зөвшөөрсөн. Дөрвөн жилийн улсын батлагдсан төсвийн нийт алдагдал есөн их наяд төгрөг болсон. Ерөнхийлөгч төсөвт оролцох эрх байхгүй. Энэ ажлыг дангаараа хийх хүн Ерөнхий сайд. Ерөнхий сайд нь өөрөө Ерөнхийлөгчид ямар мэдээлэл өгснийг мэдэхгүй байна. Товчхондоо, Ерөнхий сайд ямар тооцоо хийснийг мэдэхгүй. Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт итгэнэ. ҮАБЗ-ийн энэ гурван хүн дотор эдийн засгийн бодлогыг голлон барих хүн нь Ерөнхий сайд шүү дээ.
-Өмнө нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудал яригдаж байсан уу?
-Тэтгэврийн зээлийг тэглэх талаар өмнө нь хэзээ ч ярьж байгаагүй. Харин тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаар   ярьж болно. Тэтгэврийн зээл авалгүй, амьдралаа болгоод байсан хүмүүс хохирох уу. Ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийн даатгалын 25 жил хоосон байгаа. Одоо нэрийн дансны бичилтээр л явж байна. Улс төрд зориулсан шийдвэр гаргаж байхын оронд ирээдүйд чиглэсэн ажлаа хийх хэрэгтэй. Тэтгэврийн даатгалын санд төр 14 их наяд төгрөгийн өртэй.

О.БААСАНХҮҮ: ХЭРЭВ МӨНГӨ НЬ БАЙГАА БОЛ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Таны санаачилсан хуулийн төслийн гол концепц юу вэ?
-Ахмадуудыг алагчилж болохгүй. Зээлтэй ахмадуудын тэтгэврийг тэглэх бол зээл аваагүй хөгшчүүдийг ч мөн орхиж болохгүй. Тэдэнд зээл авах  эсвэл мөнгийг нь өгөх боломж олгох ёстой. УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах эрхтэй. Би эрх баригчдаас хоёр зүйлийг тодорхой болгохыг шаардаж байна. Нэгдүгээрт, Салхитын мөнгөний ордыг төрд өмчлөх шийдвэр шүүхээр эцэслэн гарсан уу.  Хоёрдугаарт, төрд 230 мянган ахмадын тэтгэврийг тэглэх 776 тэрбум төгрөг байна уу. Газар доор байгаа алтыг гаргаж ирэх гурван арга бий. Нэгдүгээрт, өөрийнхөө мөнгөөр ухах, эсвэл хэн нэгнээр ухуулаад ашгаа авах. Бонд гаргах замаар шийднэ гэвэл зээл. Тавантолгойн орд дээр өнөөдрийг хүртэл бонд гаргаж чадаагүй байна.
-Тэгэхээр яана гэсэн үг юм бол?
-Зээл тэглэхэд 776 тэрбум буюу 200 орчим сая ам.доллар хэрэгтэй. Хэрэв мөнгө нь байгаа бол сар шинээс өмнө ахмадуудын зээлийг тэглээд, зээлгүйд нь мөнгө өгөх хэрэгтэй. Иймээс би 776 тэрбум төгрөг байна уу, хэзээ өгөх вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатайг эрх баригчдад хандаад  байгаа юм. Эрсдэлийг нь төр дааж байгаа бол хариуцлагыг ч  мөн үүрнэ. Зээлийн барьцааны 80 хувь нь мал байдаг.  Иргэд малаа барьцаалаад зээл авдаг. Монгол Улс 70.1 сая малтай гэдэг боловч энэ бол ХААН банкны тоо. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшороос 17 тэрбумыг оруулж ирэн, тэтгэвэр, цалин, оюутны зээлийг тэглэнэ гэсэн.
-Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах тухайд та юу хэлэх вэ?
-Оффшор нь бүтэхгүй болонгуут Салхитын мөнгөний орд гэдэг юм гараад ирснийг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж ярьж байна. Гэхдээ энэ ордын өмчлөгч нь хаана байгаа юм. Төрд бол мөнгө байхгүй. Төв банкны шинэ ерөнхийлөгч саяхан эдийн засаг сэргэсэн гэх мэтчлэн худлаа ярьж байна лээ. Мөнгө хэвлэх гээд байгаа юм уу. Түүнээс өөрөөр зээлийг тэглэх ямар ч боломжгүй шүү.

Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих