Хотын иргэд хорт утааны багаар ”гоёх” боллоо

Гудамжаар алхаж яваад хорт утаанаас хамгаалах баг өмссөн хүнтэй таарлаа. Кино, клипнээс л ийм зураглал үзэж, байснаас биш хэн нэг иргэн жирийн үед багтай алхаж байхтай таарна чинээ бодож явсангүй ээ. Гэхдээ онцгой байдлынхны хэрэглэдэг шиг том баллонгүй ч төмөр хамгаалалт бүхий хор нэвтрэхээргүй га­даргуутай “сүрхий” эд харагдана билээ. Үүнийг гэнэт хараад гайх­ширсан ч энэ явдал ичиж, нэрэл­хээд байх зүйл биш юм. Өнөө­гийн бодит байдал нийслэлчүүд биднийг ийм “гоёл” зүүхэд хүргэж буйг ойлгох цаг иржээ.
Энэхүү багны тухай сураг тавихад Замын цагдаагийн газраас ажилтнууддаа хорт утаанаас хамгаалах багийг хамгийн түрүүнд олгож, эрүүл мэндэд нь анхаарал тавьсан байна. Түүнчлэн иргэд ч энэ багийг хэрэглэж эхэлжээ. Харамсалтай нь үүнийг нэгдсэн журмаар худалдаалж буй газар одоогоор байхгүй бөгөөд Замын цагдаагийн газар ажилтныхаа хэрэгцээнд зориулж гадаадаас авч ирсэн гэнэ. Мөн гаднаас бараа авч ирдэг хүмүүс өөрсдөө зүүхээр оруулж ирдэг гэж сонслоо.
Өнөөгийн байдлаар Улаан­ба­а­тарыг утаанд умбуулах болсон гол хүчин зүйлээр жилд таван сая тонн түүхий нүүрс шатаадаг, техникийн элэгдэлд орсон гурван том цахилгаан станц, мөн хугацаанд сая шахам тонн нүүрс түлдэг гэр хорооллын 80 мянган айл, хотын замыг мөнхийн түгжрэлд оруулдаг 70 гаруй мянган хуучин автомашин тодорсон. Эдгээр хор үйлдвэрлэгчээс болж жил бүр 4000 орчим монгол хүн цагаасаа эрт хорвоог орхидог гэх тоог Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гар­гасан байх юм.
ХСҮТ-ийн судал­гаагаар жилд 4400 хүн хорт хавдар хэмээх аймшигт өвч­нөөр өвчилж, үүний 70 хувь нь мөн амиа алдаж байна. Тэдний 80 орчим хувь нь уушги, элэгний хорт хавдар бөгөөд буруутан нь “УТАА”. Хамгийн эмгэнэлтэй нь утааны хор хөнөөл 0-7 нас­тай хүүхдүүдэд хамгийн их тусдаг бөгөөд мөнөөх хорт хавдар сүүлийн жилүүдэд эрс залуужиж байгаа аж. Тодруулбал, утаатай орчинд эхийн хэвлийд торниж, төрж өссөн хүүхдүүдийн уушги маш эмзэг болдог тул үргэлж шахам хатгалгаа, брон­хитод ээрүүлдэг. Үүнээс болж уушгины салст гэмтсээр эцэст нь хорт мөөгөн­цөр ургах нөхцөлийг бий болгодог аж.
Энэ онд улсын төсвөөс утааг бууруулахын тулд 34 тэрбум төгрөг баталж, дээр нь “Цэвэр агаар” сан 31 тэрбум, “Монголын мянганы сорилтын сан” 21.5 тэрбум төгрөг хандивлажээ. Маш их хөрөнгө. Гэтэл зарцуулах төлөвлөгөө нь инээд хүрмээр. Энэ мөнгөөр нийт 10 мянган ширхэг утаагүй зуух, 30 мянган ширхэг сайжруулсан зуух худалдан авахаас гадна Дэнжийн-1000-ын зуухуудыг дахин сайжруулахаар болсон байна. 90 гаруй сумын төсөвт элбэг хүрэлцэхүйц дээрх мөнгө ердөө хэн нэгний ша­хааны бизнесийн хөрөнгө оруу­лалт болоод дуусах болол­той.
Яг үнэндээ утаагүй зуух дэл­бэр­лээ, халдаггүй хэрнээ нүүрс их зарцуулдаг гэж сонссоноос биш утааг багас­гасан гэж дуулаагүй юм байна. Утаагүй зуух мэт­хэнээр оролдож, бизнесээ өргө­жүүлж байх хооронд үр хүүхэд нь утаанд идэгдэж байгааг мэддэггүй бололтой. Эсвэл улсын хөрөнгийг утаа­гаар дамжуулан сорогсод хор­ноос хамгаалах баг хэрэг­лэдэг байж таарна. Үгүй бол утаа бууруулахад зарцуулж, үр дүнгүй цацаж байгаа мөнгөөрөө хорт утааны баг худалдан авч иргэддээ үнэгүй тараамаар юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих