ДЭМБ: БНХАУ-д дэгдсэн өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус байж магадгүй

4397БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн уушгины хатгалгаатай төстэй өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус байж магадгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Энэ төрөлд амьсгалын цочмог  хам шинж буюу “SARS”, “MERS”,  өвчин багтдаг. Уг вирусийг электрон микроскопоор олон мянга дахин томруулж харахад гадаргуугын уургууд нь титэм мэт харагддагаас коронавиурс буюу титэмт вирус хэмээн нэрлэх нь ч бий.

Хэдий тийм боловч саяхан БНХАУ-ын эрх баригчдын зүгээс энэхүү өвчнийг “SARS”, “MERS”, томуу, шувууны томуу болон “аденовирус” биш гэсэн лабораторийн шинжилгээний хариу гарсан талаар мэдэгдсэн билээ.  Азийн 37 оронд 2002-2003 онд “SARS” тархаж 8000 гаруй хүн халдвар авснаас 774 хүн амиа алдаж байсан юм. Түүнчлэн Ойрхи Дорнодод 2012 онд “MERS” –ээр 851  хүн амиа алдсан билээ.

БНХАУ-ын Ухань хотод  өнгөрсөн сарын 12-ноос шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаатай төстэй өвчин бүртгэгдсэн бөгөөд одоогоор өвчилсөн хүний тоо 59-д хүрээд буй.

Тус улсын орон нутгийн мэдээллийн хэрэгсэл өвчний голомт махны зах байж магадгүй гэж мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор аль болох түүхий маханд хүрэх болон хэрэглэхээс түр татгалзахыг эрүүл мэндийн байгууллагаас нь сэрэмжлүүлээд буй. Мөн уг өвчнөөр өвчилсөн байж болзошгүй, Ухань хот руу зорчсон бүртгэлтэй Хонконгийн 21 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүнчлэн Өмнөд Солонгост уг өвчнөөр өвчилсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын Үндэсний өвчний хяналт,  урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр, БНСУ-д ирсэн БНХАУ-ын 36 настай иргэн өнгөрсөн лхагва гарагт  эмнэлэгт хүргэгджээ. Өвчтөн өнгөрсөн  сарын 13-17-нд Ухань хотод байсан нь тогтоогдсон байна. Одоогоор түүнийг тусгаарласан бөгөөд эмчийн хяналтад байгаа аж.  Энэ сарын 25-нд БНХАУ-ын Цагаан сар болно. Жил бүрийн энэ үеэр олон сая хятад иргэн гадаад орон руу аялдаг. Үүнтэй холбоотойгоор Азийн бусад орон нисэх буудлын хяналтаа чангатган зорчигчдод зориулсан халуун хэмжих дэлгэц ажиллуулж эхлээд байна.

Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих