Н.Төгсцогт: Миний хүсээд байгаа бүс Г.Рассельд байна

-8548104207135721677_900_x_967

  • Тулааны тасалбар суудлаасаа хамаараад 30-200 ам.долларын үнэтэй бөгөөд нийт тасалбарын 80 хувь нь хэдийн зарагджээ 
  • “Энэ жингийн бусад аварга яагаад надтай хүч үзэхгүй байгаа юм бэ гэдгийг юуны өмнө асуумаар байна.  Миний хувьд энэ хүчирхэг өрсөлдөгчийн эсрэг (Н.Төгсцогтыг хэлж байна) бүх л авьяас, хүч чадлаа харуулах болно” хэмээн Г.Рассель ярьжээ

Одоогоос яг са­рын дараа буюу хоёрдугаар сарын 8­-нд Монголын боксчин Н.Төгсцогт WBC холбооны дэлхийн аварга Гэри Рассельтай нударга зөрүүлэх болно. Тулаан ойртсонтой холбогдуулан гаднын хэвлэлүүд хоёр боксчны талаарх мэдээллийг цацаж эхэллээ. Мэргэжилд орсноосоо хойш 31 тулаан хийхдээ 30 ялж, нэг ялагдсан Рассель Төгсөөтэй хийх тулааны талаар “Энэ жингийн бусад аварга яагаад надтай хүч үзэхгүй байгаа юм бэ гэдгийг юуны өмнө асуумаар байна. Би WBC­-гийн аваргын бүсийг хамгийн удаан эзэмшиж буй хүн. Гэтэл аваргууд дотроос миний бүсийн төлөө үзэлцэх хүн ганц ч гарч ирэхгүй юм. Миний хувьд энэ хүчирхэг өрсөлдөгчийн эсрэг (Н.Төгсцогтыг хэлж байна) бүх л авьяас, хүч чадлаа харуулах болно” хэмээн ярьжээ. Тэрбээр 2015 онд WBC-­гийн аварга болс­ноос хойш цолоо дөрвөн удаа амжилттай хамгаалаад буй. Гэх­дээ жилд ганцхан тулаан хийж байгаа нь шүүмжлэлд өртөх шалтгаан болдог. Тэрбээр манай Н.Төгсцогттой тулалдахгүйн тулд янз бүрийн арга хэрэглэсээр өдийг хүрсэн. Гэвч Төгсөөтэй ну­дарга зөрүүлэхгүй бол бүсийг нь хураана гэж холбоо сүрдүүлснээр аргагүйн эрхэнд тулахаар болсон юм. Харин Төгсөө өрсөлдөгчийнхөө талаар “Хоёрдугаар сарын 8­-нд халуухан тулаан болох байх. Г.Рассель бол авьяас чадвартай мундаг аварга. Миний хүсээд байгаа бүс энэ хүнд бий. Түүнийг ялахын тулд бэлтгэлээ маш сайн хийж байгаа. Тулаанд бэлэн байна. Гайхалтай тулаан болно гэдэгт эргэлзэх хэрэггүй” хэмээн ярьжээ. Манай хүний хувьд 2015 онд мэргэжилд шилжсэнээсээ хойш 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад буй. Эхний хэдэн учраагаа бүгдийг нь нокаутаар сөхрүүлсэн бол сүүлийн дөрвөн тулааны гуравт нь шүүгчийн саналаар ялалт авсан. Шат өгсөх тусам өрсөлдөгчид чангарч байна гэсэн үг. Харин одоо хийх энэ тулаан түүний карьер цааш хэрхэн үргэлжлэхийг шийдэх хамгийн чухал мөч байж магадгүй. Тэрбээр өрсөлдөгчөөсөө дөрөв дүү (28­-32). Мөн арваад см өндөр (172-­163). Ихэнх тулаанаа хүнд цохилтоор дуусгадаг гээд давуу тал их. Тулааныг зохион байгуулах TGB Promotions­-ийн ерөнхийлөгч Том Браун “Гэри Рассель бол элит түвшний боксчин. Энэ спортын тавцанд шилдэг нь гэдгээ хэдийн харуулсан. Хурдтай, хүчтэй, чад­вартай энэ тамирчны тулаан заавал үзэх ёстой тоглолтын нэг байх болно. Дийлдэшгүй Төгсцогтыг ялахын тулд энэ хүн чадах бүхнээ хийх болно. Хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдэх тулаан болох нь гарцаагүй” хэмээн ярьжээ. Тэдний тоглолт АНУ­-ын Пен­сильвани мужийн Аллентаун хот дахь 10 мянган хүний суудал­тай PPL ордонд болно. Тулааны тасалбар суудлаасаа хамаараад 30­-200 ам.долларын үнэтэй бөгөөд нийт тасалбарын 80 хувь нь хэдийн зарагджээ.

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.