Алхам тутамд аюул отож байгааг анзаараач, аав, ээж нар аа !

7152993284546198449_900_x_1350

  • Цахилгааны утас, угаарын хий, ил жорлонгоос гадна худгаас зөөж ирсэн хувинтай ус хүртэл хүүхдийн амийг авч одох “зэвсэг” болж буй нөхцөлд хүүхэд хамгааллын асуудлыг хууль-чилж чанга руулах шаард лагатай байна
  • Хүүхдээ галд өргөж, усанд үйж, үхэл рүү түлхдэг эцэг эхчүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Жцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж хүүхэд нас барсан бол 2-8 хүртэл жилээр хорих ял оноодог

Дөнгөж хөлд орсон ой гарантай бяцхан үр нь хагас метр хүрэхгүй хувинтай усанд толгойгоороо унаж хорвоог орхино гэдэг хэний ч санаанд багтамгүй харамсалтай тохиолдол. Үрээ цаг бусаар алдсан эцэг эхийн шаналанг үл хайхран, хэдхэн хором хүүхдээ хайхралгүй орхисон гэм зэмийг нь нийгэм даяар буруутган жигшиж байна. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гарсан уг эмгэнэлт хэрэг хүүхэд хамгааллын асуудлыг дахин өндрөө авахад хүргэлээ. Арван сар тээж төрүүлээд, алхаж эхэлсэн алдрайхан үрээ алдсан ээжийн уй гашууг хатуу үгээр зэмлэн буруутгах гэсэнгүй. Харин урьдчилан сэргийлж болмоор энгийн шалтгаанаар дахин олон ээж аав үрээ алдах вий гэсэндээ үүнийг бичиж байна. Цахилгааны ил утас, угаарын хий алдагдсан зуух, ил жорлонгоос гадна худгаас зөөж ирсэн хувинтай ус хүртэл хүүхдийн амь авч одох “зэвсэг” болж буй нь аймшигтай.Үүн дээр эцэг эхчүүдийн үл хайхрах хүчирхийлэл, архидалт, осол, гэмтэл гээд бяцхан зүрхийг тарчилгаж, халуун амийг нь егүүтгэх хэмжээнд хүрсэн тохиолдлуудыг тоочоод барамгүй. Хүүхэд хувинтай усанд “живсэн” харамсалтай хэрэгтэй зэрэгцээд Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр настай хүүхдийг гэрт ганцааранг нь цоожилж 24 цаг орхисны улмаас осгож, гар, хөл нь хайрагдсан бас нэг тохиолдол гарсан. Ажлаар хөдөө явсан ээж нь садангийн хүндээ найдаж үлдээсэн ч “итгэлт” хүн нь архи ууж согтуурснаас хөөрхий балчир ийнхүү хаягдсан байна. Гэвч эдгээр эмгэнэлт хэргүүд нийгэм даяар хэрүүлийн бялуу хуваасан тэтгэвэр тэглэх дуулианд нам цохиулж хэний ч анхаарлыг таталгүй замхрав. Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрх зөрчигдөх үзэгдэл газар авсан хэдий ч таслан зогсоож, урьдчилан сэргийлж чадахгүй байна. Монголын ирээдүй болсон балчруудыг хамгаалах ажил үндсэндээ орхигдож буй. Хамгийн хэрцгий гэмт хэргийн золиос, сумны тусгал нь хүүхэд болсныг анзаарч харах ард түмний мэлмий сохроод удлаа.
Эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас болж 2018 онд 150 хүүхэд амиа алджээ. 2019 оны зун л гэхэд есөн хүүхэд голд осолдож амь насаараа хохирсон гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан байна. Түүнчлэн 2019 онд Цагдаагийн ерөнхий газрын тайланд бичсэнээр 0-7 насны 208, 8-13 насны 496 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Ийм байдлаар монголчуудын хэнэггүй зан хүүхдээ золиосолж байна. Уг нь арван сар хэвлийдээ тээж төрүүлсэн хүүхдээ нүдний цөцгий мэт нандигнах учиртай. Гэвч өнөөгийн харгис нийгэмд хүүхэд ердөө хоногийн хоол залгуулах хэрэгсэл болж буй. Ингэж хэлэхийн учир нь ажил гүйдэл, ядуурал өдрөөс өдөрт тэлж хүүхдийн мөнгөөр амь зуудаг бүлэг бий болсон. Төрүүлсэн хүүхдээ хайраар халамжилж, анхаарал хандуулахгүй байна. Эцэг, эхчүүдийн энэ “зэрлэг” байдал хүүхэд цаг бусаар амиа алдах гол шалтгаан нь болдог. Хайраар дутаж өсөж буй хүүхдүүд гэмт хэрэгт уруу татагдаж, цэвдэг сэтгэлтнүүдийн бамбай болж буйг холбогдох мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй 4000 хүүхэд бий
Монголчууд цөөхүүлээ учраас хүн амаа өсгөх бодлого барих ёстой. Гэтэл үүнд төр засаг төдийлэн анхаарал хандуулахгүй байгаа нь нэн харамсалтай. Хүн амаа өсгөхийн тулд хүүхэд хамгааллыг сайжруулах шаардлагатай. Ингэж чадахгүй байгаагаас болж хүүхдүүд хохирч байна. Цагдаагийн байгууллага гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бүхий 4000 хүүхдийг бүртгэжээ. Эдгээр хүүхэд хүнд нөхцөлд амьдарч байна. Эцэг, эх нь архины хамааралтай, асран хамгаалагч нар нь урд өмнө гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан, амьжиргааны түвшнээс доогуур айл өрхийн, мөн асрамжийн газрын хүүхдүүд энд бүртгэгджээ. ЦЕГ-аас 2019 оны гэмт хэргийн гаралтын мэдээнд гэмт хэрэг өмнөх оноос 20 хувиар буурсан гэж дүгнэжээ. Гэвч гэр бүлийн хүчирхийллийн хэрэг өссөн үзүүлэлттэй байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид нь ихэвчлэн өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхдүүд байдаг. Тиймээс хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Гэмтлийн эмнэлгийн гол үйлчлүүлэгчид нь хүүхэд байдаг
ГССҮТ-өөр үйлчлүүлэгчдийн 70-80 хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлж байна. Үүний гол шалтгаан мөн л эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдал. Эмнэлэгт хандсан хүүхдүүдийн 90 хувь нь гэртээ байхдаа цахилгаан тогоо, хоол ундандаа түлэгдсэн байдаг аж. Түлэгдэлтээс болж нас барагсдын 76.5 хувь нь 0-5 насны хүүхэд юм. Монголчуудын хүүхдээ үхэл рүү түлхдэг хайхрамжгүй араншин гадныхныг гайхшируулдаг. НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч нэгэнтээ “Эцэг, эхчүүд хүүхдээ халуун тогоонд түлж байгаа нь нялх үрсийнхээ эсрэг үйлдэж буй гэмт хэрэг мөн” гэж хэлж байв. Энэ улсын ирээдүй хойч болж, эх орны хөгжилд хувь нэмрээ оруулах иргэд нь цаг бусаар хорвоог орхиж буй нь дэндүү харамсалтай. Ингэж хүүхдийнхээ амийг золигт гаргачихаад ямар хариуцлага хүлээдэг нь бүрхэг байна. Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийн эрхийг зөрчсөн бол Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байх юм. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн Хүүхдийн эрхийг зөрчих гэсэн хэсгийн долдугаарт “Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Ийм торгууль хүлээдэг хүн хэчнээн байгаа нь тодорхой бус байгаа юм.

Хүүхдийн эрхийг зөрчигчид хуулийн хариуцлага хүлээдэг үү
Мөн Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. Түүнчлэн эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж хүүхэд нас барсан бол 2-8 хүртэл жилээр хорих ялаар шийтгэдэг заалттай юм байна. Гэвч хуулийн хариуцлага хүлээдэг эсэхийг цагдаагийнхан олон нийтийг цочрол автал мэдээлээд байдаггүй нь учир дутагдалтай. Нийгмийг ийм гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, цочрол өгөх үүднээс хэргийн нөхцөл байдлаас гадна ял шийтгэлийг нь мэдээлж байвал дахин хүүхэд амиа алдсан гэмт хэрэг гарахаас сэргийлэх боломжтой баймаар. Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүд хуулийн мэдлэг тун хангалтгүй байна. Хүүхэд хамгааллын тухай хууль байдгийг мэддэггүй хүмүүс хөдөөгүүр дүүрэн бий. Зарим нэг нь сонсоод гайхаж байсан удаатай.Нэгэн аймагт амьдардаг хижээл насны эмэгтэй А бага насны хоёр хүүхдээ дагуулан баар, шөнийн цэнгээний газар хэсэж архиддаг байв. Түүнд нэг удаа хэсгийн ахлагч нь “Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар хэлж, бага насны эмэгтэй хүүхдүүдийг дагуулж баар цэнгээний газар хэсэх нь хүүхэд бусдын хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй болох цаашлаад согтуу нэгний хүчингийн хэргийг хохирогч болж ч болзошгүй” гэж анхааруулснаар тус эмэгтэй хуулийн мэдээлэлтэй болж, дахин ийм үйлдэл гаргахаа больсон байна. Энэ мэт иргэд хуулийн мэдлэг дутмагаас болж гэмт хэргийн субьект болдог аж. Тиймээс иргэн бүрт хуулийн талаар мэдлэг олгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй болов уу. Хүүхэд хамгааллын асуудалд хүн бүр хүчээ нэгтгэе. Энэ улсын бяцхан иргэдийг гэнэтийн үхлээс аврахад хүн бүрийн үүрэг оролцоо чухал байна.

Б.Гандолгор

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: Weleestagma Огноо: 14 April 2020

buy hemp oil hemp cbd cbd gummies cbd cream

Сэтгэгдэл бичих