Долоо хоногийн бороо /Өгүүллэг/

8370

Манай хотод долоо хоног өдөр шөнө амсхийлгүй бороо оров. Эцэст нь орсон хур арилдаг ёсоор тэнгэр нэг юм тэлрэв. Эргэн тойрон хаашаа л харна нуур далай мэт их усан цэлэлзэж байлаа. Би тэр өдөр ус туучин явсаар найзындаа хүрч очтол тэдний байшин байсан жалга үерийн усаар дүүрчээ. Айх гайхах зэрэгцэн хий дэмий л ийш тийшээ гүйж дэргэдүүр яваа хүмүүсээс сурагласан боловч хэн ч олигтой хариу өгсөнгүй. Бүгд л “мэдэхгүй” хэмээн мөрөө хавчин одно. Булингартай тэр ус найзыг минь залгиж орхисон бололтой. Бодохоос ч аймаар юм. Гэхдээ бодохгүй гээд ч бас яах билээ.

Анх түүнтэй танилцах үед юунд тийм их баярлаж хөөрдөг байсан нь мэдэгдэхгүй дандаа л инээж явдаг хүү байв. Зарим нэг хүн надад “хөөрхий минь, тэнэгдүү юм” гэж хэлж байж билээ. Харин би нэг л мэдэхэд өнөөх тэнэгдүү хүүтэй ойр дотно үерхэх болов. Намар орой голын харгиа чагнаж суухтай нь анх тааралдсан юм. Байгалийн тийм уянгалаг хөгжмийг шимтэн сонсох түүнийг би ямар нэгэн нууцлаг увдистай гэдгий нь мэдрээд байсан боловч чухам ямар гайхамшигтайг нь мэдээгүй билээ. Түүнд дөхөж очоод дэргэд нь суусан боловч тэр намайг анзаарсангүй.
- Голын харгиа чагнах сайхан шүү? гэсэнд тэр огт хариу хэлсэнгүй. Тэр байтугай над руу эргэж ч харсангүй. Дотроо жаахан эгдүү хүрч “энэ муу тэнэг чинь их зантай амьтан вэ? ” хэмээн бодоод, нилээд хөндий дуугаар:
- Хүмүүс чамайг тэнэг гэх юм билээ. Чи яагаад дандаа ганцаараа ярьж, инээж явдаг юм бэ? Харин энэ удаа тэр над руу харж удаан гэгч нь марсайтал инээгээд ус руу заав.
Голын ус тунгалагшсан намар цаг тул ёроолн чулуу бүхэн өнгө ялгаран харагдана. Үнэхээр үзэсгэлэнтэй ажээ. Хэдий жирвэлзэн одох урсгал ус ч хүүхэд багын гэнэн цагаахан дүрсүүд минь тодхон үзэгдэнэ. Тэр над руу дахин марсайтал инээснээ, угаалгүй удаад ширэлдчихсэн халимагтай, толгойгоо маажиж:
- Чи хөгжим тоглож чаддаг уу? гэж асуув. Хариуд нь би зөвхөн толгой сэгсрээд, мөнгөлөг хайрс нь наранд гялалзаад урсгал өгсөж яваа жараахай нь сүргийг ажиж суув. Хаашаа юунд ч юм бэ? яаран сүрэглэн явах тэр л загаснууд надад амь нэгтэй ахан дүүс мэт санагдах бөлгөө. Одоо ч гэсэн би олон загас сүрэглэн явахыг хараад ихэр тугал шиг ижилдэн дассан хэдэн муу нөхдөө санадаг юм. Тэд нарын минь нэг гэтэл усанд байшинтайгаа живчихсэн байдаг.
Яаран сандран гүйсээр цагдаагийн газар ирлээ. Тэнд нэг байшин байсан юм. Гэтэл одоо үерийн усанд живсэн байна гэсэнд, жижүүрийн бололтой цагдаа намайг их л сэжиглэнгүй харснаа, газрын зураг гаргаж удаан гэгч нь гөлөрснөө:
-Иргэн та тэнд байшин байсан гэдгийг баталж байна уу? Бидэнд байгаа зураг дээр таны хэлээд байгаа газар юу л тэмдэглэгдээгүй байна даа? Андуурч эндүүрээгүй биз гэлээ. Хариуд нь би :
- Муу найз минь тэнд хүн бүхэнтэй зөрсөөр яваад байшин барьж билээ. Гол нь жалганд нэг жижигхэн горхи урсдаг байсан юм. Тэр горхины хоржигнох чимээг сонсож байх гэж тэр шүү дээ?
-Тэгвэл зөвшөөрөлгүй газар буусан айл байна шүү дээ? Алив очиж үзье гээд ширээнийхээ араас дургүй нь аргагүй өндийв. Үерийн ус нилээд багасчээ. Найзын минь байшингийн төмөр яндан ёрдойж харагдана.
Тэр бид хоёр уулын орой дээр гарч суух дуртай байж билээ. Уул өөд өгсөж явах замдаа надтай юу ч үл ярина. Зөвхөн өндөр оргилыг гүн хүндэтгэлтэй ширтэж тэнд хүрвэл ч сайхан хөгжим олж сонсоно доо? хэмээн надад сонсогдохоор чанга хэлдэг байлаа. Өндөр уулын оргил дээр салхи ямархан сайхан хөгжим дуурсгадгийг бид хоёр хачин сайн мэддэг байлаа. Уулзах тоолондоо тэр
“саяхан Чайковскийг сонслоо. Хэдэн зуу дахин сонссон ч сонсох бүхэнд шинэ шинэ ухаан нэмэх юм. Бетховен, Моцарт хоёрт нэг гайхамшигтай ижил гүн ухаан буй. Түүнийг чи мэдрэх хэрэгтэй. Ялагдашгүй байх үргэлж тэмцэгч байхын хүслэн. Ямар их хүсэл байдаг гэж санана.”
-Чи төгөлдөр хуур тоглож сурмаар юм. Чам шиг хүнд хөгжим тоглож сурах амархан байлгүй.
Надад ч бол барахгүй даваа.
-Хүн бүхэнд л хөгжмийн авьяас байдаг гэнэлээ. Надад хөгжим тоглохоос илүү гайхамшигтай хүмүүсийн зохиосон хөгжмийг, тэр тусмаа байгаль гэдэг энэ агуу зохиолчийн хөгжмийг сонсох мэдрэх хувь оноосон бололтой гээд удаан гэгч нь марсайтал инээж билээ. Их сургуулийн хөгжим судлаачийн ангид орж суралц гэж түүнд олон удаа зөвлөсөн боловч тэр надаас зөрсөөр байгаад байгаль шинжлэлийн ангид орсон юмсан. Байгалийн хөгжим судлаач болно гэж хатуу шийдсэн ажээ. Тэгээд ямар сайндаа горхи дагаж жалган дотор байшингаа барихав дээ? Үнэхээр түүний амьдралд хөгжим үгүй бол ямар ч алтан сэнтий, мөнгөн ширээ байлаа ч тоож үзэхээргүй” тэнэг” хүн байсан даа?
Усанд шумбагч багийнхан олон удаа шумбаж байж найзыг минь олж гаргав. Хөөрхий минь үхэлтэй усан дотор уулзах учиртай л байж дээ? Хөдөөлүүлснээс нь хойш яг долоо хоногийн дараа зүүдэнд ирэв. Марсайтал инээснээ “ Бороо шаагиж эхлэхэд надад байшингаасаа зугтаж гарах боломж байсан. Даанч хүсэл байгаагүй. Чи бид хоёр дандаа л усны инээх сайхан дууг сонсож байснаас уурлан архирах дууг нь сонсож байгаагүй биз дээ? Би тэгээд үерийн усны дууг л сонсож мэдрэх гэсэн юм. Үнэхээр гайхамшигтай юм билээ. Бүр гайхамшигтай айдас төрүүлэхүйц юм билээ гэснээ усанд угаагдаж зөөлөрсөн халимагаа арагш нь илээд:
- Надад чамаас өөр найз байгаагүйг чи мэднэ. Би хэнтэй ч чамтай адил ойлголцож байгаагүй. Урт удаан насалсангүй. Тэгэхээр бусадтай адил яриад байх түүх намтар байхгүй. Гэхдээ нэг нууц бий. Түүнийгээ би чамд ярина гэж боддог байсан юм. Гэвч амьдадаа амжсангүй.
- Нууц аа.
- Тийм ээ. Яах аргагүй нууц. Аав ээж хоёр минь хэлгүй дүлий хүмүүс байсныг чи мэднэ. Тэд минь намайг хүүхэд байхад өөрсөд шигээ хувь дутуу болж төрөөгүйд яаж баярладаг байсныг би тод санадаг юм. Хоёр талд минь суугаад хөгжим сонсгодог байлаа. Хоёулаа уйлаад л суудагсан. Тэгээд ээлжлэн духан дээр минь үнсэж, аав минь босоод л хөл гараа савчин бүжиглэдэг байв. Түүнийг харсан би тэсэлгүй инээд алдана. Намайг дагаад ээж минь ч гэсэн учиргүй чангаар инээнэ. Ямар сайхан байсан гэж санана. Тэр хоёроосоо би хөгжмийг сонсох бус харин мэдрэх нь чухал гэдгийг ойлгосон юм шүү дээ?
- Тэгээд чи юуг нууцалж явсан юм бэ?
- Арван найм, естэй байх үеэс миний сонсгол муудаж эхэлсэн. Харин таван жилийн өмнөөс бүр юу сонсохоо больсон юм аа.
- Чи надтай зүгээр л ярьдаг байсан шүү дээ?
- Тийм ээ, би чамайг сонсдоггүй байсан. Харин чамайг мэдэрдэг байсан юм. Ертөнцийг сонсох биш харин мэдрэх нь чухал шүү дээ? Би олон жил сонсох бус мэдрэхэд л өөрийгөө зориулсныг чи гадарлаагүй. Бүгд л намайг…
Найз минь нэг их уртаар санаа алдснаа “ за муу ээж аав хоёрыгоо зорих цаг болжээ. Үзэх, харах, үнэрлэх амтлах, сонсох чухал биш. Бүгдийг мэдрэх л” гээд замхран алга болов.
Өглөө сэрээд би цонхоор харж зогсохдоо” сонсголтой мөртлөө дүлий, нүдтэй мөртлөө сохор” хүмүүсийн тухай бодлоо.
П.БАТХУЯГ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих