Бороо Гоулд-аас хөөгдсөн канадууд Монголын нүүрсийг шороо болгох нь

Дэлхийн уул уурхайн салбарын томоохон гигант компаниуд хайгуулын болон олборлолтын чиглэлд хуваагддаг. Хайгуулын компаниуд нь орд газруудыг хайж илрүүлээд олборлогч компаниудад үнэ хүргээд зарчихдаг. Харин Роберт Фридландын “Айвенхоу Майнз  Монголия Инк”-ийн охин  компани “Саусгоби сэндс”  Монголын Овоот Толгой, Цагаан толгой, Сүмбэр-Билүүтийн ордуудын лицензүүдийг хятадуудад зарж байгаа нь үүнээс өөр асуудал. Тус компани 2008 оноос эхлэн Овоот толгой ордоос олборлолт хийж 5 сая тонн нүүрс Хятад руу экспортлоод байгаа юм. Гол нь Овоот толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц бүрдүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр барихын тулд гэж байгаал БНХАУ-ын  “China Investment Corporation” –оос 500 сая ам.доллар зээлсэн. Энэ үүднээс нь харахад “Саусгоби сэндс” хайгуулын компанийн хувиар Овооттолгой төсөл дээр орж ирээгүй ч, зээлсэн мөнгөнийхөө оронд Захирлуудынхаа зөвлөлд нэг  хятад эрийг оруулж ирсэнээс харахад анхнаасаа ямар санаатай байсан нь анзаарагдаж байгаа юм. Гэсэн ч Монголын баялгаар барьцаа хийн олон улсын бирж дээр хувьцаа гаргасан тэднийг монголд уул уурхайн үйлдвэрлэл явуулж, олон зуун ажлын байрыг бий болгоно гэж харсаар байтал 29 хувийг нь хятадуудад дамлачихаад уурхайн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоо юу юугүй умартчихсан. 600-гаад хүнийг ажлын байраар хангаж байна гэж бахархдаг тэд 420 гаруй ажилтнаа сул зогсоогоод нэг сарын нүүр үзэх гэж байна. Шалтгаан нь Овооттолгой уурхайгаас олборлож ил гаргасан нүүрсээ борлуулж, дуусаад л хятадуудтай наймаагаа эцэслэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойг эх сурвалжууд хэлж байсан.
Тэгвэл сүүлийн мэдээллээр  уурхайн склад дахь нүүрс хараахан борлогдож дуусаагүй байгаа гэнэ. Гэхдээ шинэ эзэн болох хятадын тал тэрийг хүлээлгүйгээр “Саусгоби сэндс”-ийн удирдлагын эрх мэдлээ шилжүүлж авахаар Улаанбаатарт ажиллаж байгаа юм байна.
Харин  Р.Фридландын  үнэнч албатууд болох “Бороо Гоулд”-аас хөөгдсөн канад удирдлагууд болох  Александр Молино, Курт Черч, Жастин Капла нар монголын ордуудыг хятадуудад зарах үйл ажиллагаагаа гүйцэтгэж  байх зуур тэдний хөрөнгө оруулалттай тансаг зэрэглэлийн ресторан  Моннис цамхагт үүдээ нээж байх юм.
2010 оноос эхлэн ажилчдаа халах бодлого баримталсан Курт Черч, Жастин Капла нарын тухайд дуулгахад, өмнө нь Бороо гоулд компанид ажиллаж байгаад, хөөгдсөн хүмүүс аж. Мөн тэдний гар хөл болж, монголчуудынхаа эрх ашигт харшилсан үйлдлийг хийлцэж байгаа нэгэн бол Мягмар-Эрдэнэ гэгч. Тэр ч бас Бороо гоулд компанид ажиллаж байсан бөгөөд Саус Гоби Сандс-ын монгол  ажилчдыг халахад хувь нэмрээ түлхүү оруулж ирсэн нэгэн юм байна. Мягмар-Эрдэнэ эхлээд хангамжийн менежер гэх албан тушаалд ажиллаж байсан бол улмаар  дэвшээд Ерөнхий менежер болсон аж.
Мөн  Бороо гоулд компанид ажиллаж байхдаа олон арван хүнийг ажилгүй болгож байсан Earl Crowdl гэх нөхөр Саус Гоби Сандс-ын Хүний нөөцийн менежер юм байна. Тэрбээр Бороо гоулд компанид байхдаа Засгийн газар тогтвортой байдлын гэрээ хийхгүй гэсний араас баахан ажилчдаа халж байсан туршлагаа, Хятадуудад зарж буй Саус Гоби Сандс компанидаа ч хэрэгжүүлжээ. Тэгэхээр монголын уул уурхайд дөрөөлөн чамгүй хөлжиж байгаа нөхдүүд Овооттолгой зэрэг томоохон ордуудыг гартаа оруулчихаад, өдгөө ийн даварч байгаа дүр зурагтай. Овооттолгой орд гэхэд л стратегийн гэх тодотголд багтаж явдаг Нарийнсухайтын ордын шууд үргэлжлэл гэдгийг өмнө нь дуулгаж байсан билээ. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд Саус Гоби Сандс-ын канад удирдлагууд хятадуудтай нийлэн дураараа дургиж байна. Тэд дуртай тохиролцоогоо хийн, сая сая ногооноор хэтэвчээ түнтийлгээд зогсохгүй, монголын нүүрсний зах зээлийг хятадуудын эрхшээлд оруулж байна. 700 гаруй сая тонноор хэмжигдэх нөөцтэй нүүрсний ордууд хятадын мэдэлд орж байгаа нь Тавантолгой ордын нүүрсийг үнэгүйдүүлэх боломжийг бий болгоно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа ч, тэдний энэ алхмыг зогсоох чадамж Монголын төрд үнэндээ алга байх шив.

URL:

Сэтгэгдэл бичих