Энэтхэгт зөвшөөрөлгүй газар барьсан орон сууцны хорооллуудыг нурааж эхлэв

11_110474279_mediaitem110474276Энэтхэгийн Керала мужийн эрх баригчид Байгаль орчны тухай  хууль зөрчсөн болон нуур, далайн эрэг  дээр барьсан тансаг зэрэглэлийн орон сууцны хотхонуудыг нураах шийдвэр гаргажээ.  Өнгөрсөн жил мөн хэд хэдэн барилгыг нурааж байсан аж. Харин энэ жил 2000 орчим оршин суугчтай 343 орон сууцыг нураахаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн ням гарагаас  буулгаж эхлээд байна.

Нураахаар төлөвлөж буй барилгуудын дийлэнх нь байгууламж барихыг зөвшөөрөөгүй далайн эргийн зөөлөн хөрстэй  бүсэд баригдсан аж.  Тус улсад барилга, байгууламж барихыг хуулиараа хориглосон бүс нутагт өндөр албан тушаалтнууд зөвшөөрөл олгох тохиолдол олон байдаг байна.  Нураах жагсаалтад орсон тансаг зэрэглэлийн орон сууцыг худалдаж авсан хүний олонх нь банкир, өндөр албан тушаалтан,   тэтгэвэрт гарсан чинээлэг эрхмүүд байгаа гэнэ.  Нэгэн оршин суугч ВВС-д өгсөн ярилцлагадаа  2006 онд далайн эрэг орчмын бүсийн Альфа Серенэд байрлах  198 ам дөрвөлжин талбай бүхий орон сууцыг  70 мянган  ам.доллароор худалдаж авснаа ярьсан байна. Харин өнгөрсөн жил орон сууц нь 176 мянган ам.доллароор үнэлэгдэж байжээ. Хэдийгээр оршин суугчид орон сууцаа нураалгахыг эсэргүүцэж байгаа ч мужийн захиргаанаас хотхоны ус болон цахилгааныг хязгаарлаж, иргэдийг орон сууцаа орхихоос өөр аргагүйд хүргэж байгаа аж. Түүнчлэн Керала мужийн захиргаанаас оршин суугчдад 35 мянган ам.долларын нөхөн олговор олгохоор төлөвлөж байгаа юм байна. Английн баруун өмнөд хэсэгт орших Челтнем хэмээх жижиг хотод үүнтэй төстэй үйл явдал арав орчим жилийн өмнө болсон байдаг. Тус улсын томоохон барилгын компани “Тэйлор Вимпи” Челтнем тосгоны ойролцоо 24 давхар барилга барьж ашиглалтад оруулсан ч орон нутгийн захиргаанаас нураах шийдвэр гаргасан юм. Учир нь, барилга барьсан 1.8 га газрыг 1930 оны үед орон нутгийн иргэдтэй байгуулсан гэрээгээр түүхэн газраар бүртгэж авчээ. Тиймээс нутгийн оршин суугчид “Тэйлор Вимпи” компанид гомдол гаргаснаар орон нутгийн удирдлагын зүгээс барилгыг нураах шийдвэр гаргасан хэрэг. Улмаар барилга байсан газрыг тохижуулж, хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн барьсан юм. Түүнчлэн Оросын өмнөд нутгийн Краснодар мужийн эрх баригчид “Кадетская 9” орон сууцны барилгыг зөвшөөрөлгүй барьсан гэх үндэслэлээр мөн л нураах шийдвэр гаргасан юм. Тухайн үед шүүхийн тогтоолын дагуу “Кадетская 9” орон сууцны барилгыг нураахад оршин суугчид нь хэрхэн эсэргүүцэж, бухимдаж байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр хэсэгтээ л шуугиан тарьж байлаа. Ер нь дэлхийн улс орнуудад зөвшөөрөлгүй барилгуудтай ингэж тэмцдэг ажээ.

https://www.bbc.com


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.