Дахин нэг монгол иргэн Вьетнамд халаасны хулгай хийжээ

1516852359_monguДахин нэг монгол залуу Вьетнамд халаасны хулгай хийж байгаад баригдсан бөгөөд өнгөрсөн бямба гаригт Монгол Улсын иргэн 24 настай И.Мөнхзориг гэгч нь Вьетнамын Хо Ши Мин хотын Тан Сон Нат олон улсын нисэх буудал дээр 79 настай Японы жуулчны хэтэвчийг хулгайлж байгаад баригдсан аж.

Японы жуулчны хэтэвчинд банкны карт, их хэмжээний бэлэн мөнгө байсныг хотын цагдаагийн байгууллага буцаан өгсөн байна. Сэжигтэн И.Мөнхзориг нь өнгөрсөн оны 11-р сарын 13-нд тус улсад очсон бөгөөд визний хугацаа нь нэг сарын дараа дуусах байжээ. Хо Ши Мин хотын цагдаагийн байгууллага сэжигтнийг саатуулан хэргийг шалгаж буй гэнэ.

Нэг жилийн хугацаанд Монголын 20 гаруй иргэн хулгайн хэргээр саатуулагдаад байна. Эдгээр хүмүүс нь Вьетнамд хамтдаа байр түрээслэн жуулчид их зорчдог газруудаар явж хулгай хийдэг гэдгийг тус улсын цагдаагийн газрын мөрдөн байцааж тогтоожээ.

Тэд ихэвчлэн гадаадын жуулчдын хэтэвчийг хулгайлдаг бөгөөд банкны картыг хувилан дэлгүүрүүдэд уншуулж, үнэт эдлэл, гар утас гэх мэт зүйлсийг худалдан аваад монгол руу авчирч зардаг гэнэ. Түүнчлэн Вьетнамд баривчлагдсан зарим монгол иргэдээс карт хувилагч машин, их хэмжээний үнэт эдлэл, гар утас зэргийг хураасан тохиолдол ч бий аж.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.