АТГ-ынхны “спорт загасчлал”

1b0f3a65037519575ea883f87ecadd9dЦагдаагийн байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж эхэлсэн талаар ЦЕГ-ын газрын албан ёсны сайтад мэдээлжээ. Уг мэдээлэлд, “Ч.Сайханбилэг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тодорхой хүнтэй уулзахыг хориглох”

хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараагаар буюу 2019 оны 08 дугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна” гэсэн байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг 2015 онд Дубайд байгуулсан Оюутолгойн ордын хоёр дахь шатны хөрөнгө оруулалт буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөг батлахдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр АТГ-аас мөрдөн шалгаж, 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулсан бөгөөд үүнэээс хойш хоёр сарын дараа зургадугаар сарын 8-ны өдөр батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан юм байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь өнгөрөгч аравдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, үүний дараа тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорьсон тухай хэвлэлүүд мэдээлжээ. Энэ мэдээлэл цацагдсанаас хойш хоёр сар өнгөрсний дараа буюу өнгөрөгч долоо хоногт АТГ-ынхан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж, ЦЕГ-аас түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Ч.Сайханбилэгийг эх орондоо эргэн ирсэн болон байгаа газарт нь баривчлан саатуулсан талаар албан ёсны мэдээлэл гараагүй боловч ЦЕГ-аас эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийн дундаас Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилсан талаарх мэдээлэл алга болжээ.

Товчоор хэлбэл, Ч.Сайханбилэгт тавьсан хилийн хоригийг шүүхийн шийдвэрээр цуцалсны дараа тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад зорчсон нь түүнийг хэргийг мөрдлөгөд саад учруулах зорилгоор оргон зайлсан гэх үндэслэл мөн эсэх, хэрэв тийм бол АТГ-ынхан өнгөрсөн хоёр сарын турш түүнийг яагаад эрэн хайсангүй вэ гэдэг ч бас анхаарал татаж байна.

Анзаарахад манай хууль, хүчний байгууллагууд улс орныг донсолгосон ямар нэг хямралт асуудал гарах болгонд Оюутолгойн гэрээ, түүнтэй холбоотой шалгагдаж байгаа этгээдүүдийн талаар олон нийтийг цочоосон гэнэтийн гэмээр мэдэгдлүүд хийдэг болсоор удаж байгаа. Тэр нь асуудлын гол цөмөөс олон нийтийн анхаарлыг холдуулах гэсэн улс төрийнхний ов мэх байж, хуулийн байгууллагууд түүнд нь ашиглагдаж байгаа мэтээр харагдах болсоор удаж байна.

АТГ-ынхны үе үе олны анхаараллыг өөр дээрээ татдаг “барилаа, тавилаа” гэх дуулианыг манайхан хуулийн байгууллагуудын “спорт загасчлал” хэмээн нэрийдэх болсоор бас их удаж байна.

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn


URL:

Сэтгэгдэл бичих