Парламентын хар баасан гараг

Монголын төр дахь амьгүй албатууд мэдлэггүйгээрээ ёстой нэг гайхуулах шиг болж, хэзээд монгол үндэстний эсрэг ажилладаг гэдгээ дахин батлан харууллаа. Хоосон чалчихаас өөрийг мэддэггүй урдахаа харах мэлмий нь сохорсон, учраа үл мэдэх эрх баригчид монгол үндэстний хөгжлөөс ээлжит удаагаа татгалзлаа. Инновацийн хуульд эрх мэдэлтнүүд эргэлзсэн нь монгол үндэстний хувьд харуусалтай хар өдөр болж тэмдэглэгдэж байна. Мэдлэгийн хэлтэрхийгүй улс төрчид инновацийн хуулийг ойлгосонгүй. Мэдлэгийг баялаг болгож, шинэ мэдлэг, шинэ технологийг бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн ашиглах замаар нийгмийн баялаг бүтээж болдог гэдгийг алт нүүрсээ ухаж зарахыг баялаг бүтээж байна гэж ойлгодог маанагнуудад хүлээж авах ухаан дутлаа.
Инновацийн хууль гарлаа гэдэг нь монгол улс мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засагт шилжих эхний алхам байсан юм. Харамсалтай нь согогтой нөхдүүд үүнийг ойлгосонгүй солиотой шийдвэрээ гаргаж монголын ард түмнээр тохуурхлаа.
Инновацийн хуулийг эрх мэдэлтнүүд батлахгүй байна гэдэг нь монгол улсын хөгжлөөс шууд  татгалзаж байна гэсэн үг юм. Монгол улсыг хөгжүүлж, монгол хүнийг сайхан амьдруулахыг тэд хүссэнгүй. Улс орны хөгжлөөс татгалзсан нь эрх баригчдын монгол үндэстний эсрэг хийсэн ээлжит том гэмт хэрэг болсон юм.
Ямар ч мэдлэггүй улс төрчдөөсөө болж монгол улс хүн төрөлхтний доог тохуу шившиг боллоо. Мэдлэг рүү, хөгжил рүү тэмүүлсэн ард түмний хүсэл, эрч хүчийг тэд нухчин дарлаа. Улс орны ирээдүйд чиглэсэн  алсын хараатай байхыг тэд хүссэнгүй. Өөрсдийн ашиг сонирхлыг урьдаар үзэж улс орны байгалийн баялгийг хурдан хугацаанд зөөн дуусгаж, идэж шамшигдуулахыг хамгийн ихээр хүсэж шунал хүсэлдээ баригдлаа.
Монгол хүн мэдлэгийг хүссэн.  Хийж бүтээхийг хүссэн юм. Мэдлэгийн асуудал бол аль нэг хүний, нэг суурингийн асуудал биш нийт монгол үндэстний мэдлэгийн  асуудал юм шүү гэдгийг дампуу улс төрчид бодоо ч үгүй биз. Тархиа мухар сүсэг, худал хуурмагийн хогоор дүүргэсэн эрх мэдэлтнүүд төрд гарч мэдлэгийн дээр хаан сууснаар мэдлэг ямарч үнэ цэнэгүй болж, хөгжихгүй, сайжрахгүй, гарах гарцгүй болсны баталгаа нь инновацийн хуулийг хэрхэн тохуурхсанаар нь харагдаж байна. Тэд зүгээр бүхэл бүтэн тусгаар тогтносон улс үндэстний ирээдүйгээр наадчихлаа.
Монгол улсад шинжлэх ухаан, улс төр хоёр хутгалдсан жинхэнэ бантанг бид харж, хэлмэгдэж, олон жил мад тавиуллаа. Шинжлэх ухааныг улс төр дарангуйлснаараа өөрийн гэмт хэргээ нууж, үнэнийг дэвсэлдэг юм.
Монголын төр дахь албатууд мэдлэгийг нухчин дарснаар өөрсдийн болхи, хорон аргаар хөрөнгжих, ард түмнийг мунхруулах үйлдлээ нууж чадлаа. Тийм учраас шинжлэх ухааны байгууллага, улс төр хоёр тусдаа байх ёстой юм. Шашин, төр хоёр тусдаа байдаг шиг.
Гэвч монголд шашин, шинжлэх ухаан, улс төр холилдсон дэлхийд байхгүй хосгүй гамшигт үзэгдэл бий болчихоод байна. Улс төр мэдлэгтэй хутгалдвал хор хөнөөл ихтэй түймэр асах учраас  мэдлэг биеэ даасан байх шаардлагатай байдаг. Мэдлэг биеэ даагаагүй байна гэдэг хохирол сүйрэл нь тооцоогүйгээр үр дагавар дагуулж  төр юу ч харахгүй болж нүд нь хаагдаж, хаашаа явж буйгаа үл ойлгон юу дуртайгаа хийнэ мөн хөгжлийг зогсоодог, ухраадаг.
Өнөөдөр монгол улсад Шинжлэх Ухааны Академи гэх төрийн бус байгууллагын статустай боловч тэргүүнийг нь Ерөнхий сайд томилдог ямар нь үл мэдэгдэх байгууллага байна. Хүн төрөлхтний шинжлэх ухаан хаашаа явж байгааг судалдаггүй, шинжлэх ухааны салбараас гарсан шинэ мэдлэгийг эдийн засагт оруулах инноваци байхгүй. Тэр шинэ мэдлэг хаана байгаа нь бүү мэд. Хүний биенээс гал гардагийг баталсан гэж яриад дэлхийн шинжлэх ухааны шившиг болоод явж байна. Шинжлэх Ухааны Академийн тэргүүн байсан нөхөр нь юу ч мэддэгүйгээ харуулж  чөтгөрийн гал гэж нэрлэгдсэн цөмийн түлшийг, бурхнаас хайрласан бэлэг гэж солиорч, улс төрчдийг дэмжин мөнгө халаасалж явна. Ийм шинжлэх ухааны байгууллагад монгол үндэстэн итгэх үү.
Дэлхийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагийг аль байгууллага нь тодорхойлдог нь тодорхойгүй. Ийм юм байдаг гэдгийг мэддэггүй согогтонгууд бодлого гаргаад өөрсдөө хэрэгжүүлж байна. Энэ нь шинжлэх ухаан зааж, төр гүйцэтгэх тэр л хяналтын системийг устгаж байна. Нэгэнт ажлаа хийж чадахгүй байгаа Шинжлэх Ухааны Академийг сольж үндэс сууриар нь шинэчлэх хэрэгтэй. Ийм шинжлэх ухааны академи инновацийг хийдэггүй юм. Мөн чаддаг ч үгүй юм.Улс үндэстнийхээ төлөө ямарч ажил хийгээгүй, шинэ мэдлэг гаргаагүй байж халуун дулаан байраар хангагдаж, төрийн мөнгийг үрж, баяжиж суугаа хүмүүсийг шүүн таслах  хэрэгтэй. ОХУ Шинжлэх Ухааны Академийнхаа хүмүүсийг шүүгээд эхэлсэн улс үндэстнийхээ төлөө юу ч хийгээгүйнх нь хариуцлагыг нь хүлээлгэж байгаа.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад шинжлэх ухаан зааж, улс төр гүйцэтгэдэг байна. АНУ, Англи улсын мэдлэгийн академиуд улс төрөөс хараат бус биеэ даасан байдаг. Шинжлэх Ухааны Академи нь жил бүр хүн төрөлхтний шинжлэх ухааны хөгжилийн чиг хандлага ямар байгааг хаашаа явж байгаа талаар тайлагнаж шинжлэх ухааны төлөвлөгөө, төсөв гаргаж засгийн газартаа өгдөг байна. Засгийн газар их мөнгө гаргах боломжгүй гэж үзвэл хоёр тал зөвшилцөж асуудлаа шийддэг ажээ.
Өнөөдөр монголын эрх барьж буй намууд нь өөрсдийгөө доктор гэж нэрлэсэн хэдэн хүнээр улс орны ирээдүйн талаарх  хөгжлийн хөтөлбөр гэх юм  хийлгэж түүнийгээ шинжлэх ухааны судалгаа шинжилгээн дээр тулгуурласан мэтээр тунхагласан ээлжит солиорол явагдлаа.  Эрх баригч нам хөгжлийн хөтөлбөрөө дуусдаг баялаг тулгуурласан мөнгө л олох тухай ярьж байна. Дэлхийн дахинд үлэг гүрвэл болсон уул уурхайн салбарыг ярьж түүгээр л улс орон босох юм шиг дэндүү эндүүрч байна.
Хөгжил гэдэг зөвхөн мэдлэгийн л хөгжил гэдгийг хоосон толгойтой эрх баригчид ойлгосонгүй. Алт, зэс, нүүрсийг ухаад л дуусгадаг. Харин мэдлэг хэзээд хөгждөг цэцэглэдэг, баялаг бүтээдэг. Улс орны ирээдүйг харах чадваргүй согогтой улс төрчид өөрсдийн эрх ашгаа бодож монгол орны хөгжих боломжыг таслан зогсоолоо. Ард түмнийг юу ч мэдэхгүй харанхуй чигээр нь байлгахыг хүсэж, улс орныг хөгжүүлэх талаар сонирхох ч үгүй байгаа нь учраа мэдэхгүй парламентын гишүүдийн үйлдлээс нь харагдаж байна.
Ийм эргүү хог новш болсон улс төрчдөөс салж улс үндэстнээ яаж аврах вэ. Эрх барьж буй намуудын эрүүл, цэвэр гэсэн улс төрчид фракц байгуулан нэгдэн нийлж улс орноо балчиг шавраас нь татан  нь гаргаж муу муухайгаас нь ангижруулах хэрэгтэй байна. Өнөөгийн улс төрийн намууд татан буугдаж, бохир нам бохир улс төрчдыг монголын төрөөс арчин хаях хэрэгтэй. Монгол үндэстэн хөгжлийг хүсч байна. Мэдлэгийг хүсч байна. Сайхан амьдралыг хүсч байна. Улс үндэстний хөгжилд садаа болно гэдэг өөрийн толгойдоо олс угласнаас ялгаагүй л зүйл шүү  гэдгийг толгойтой бүхэн нь ойлгоод авбал зүгээр л юм даа.
Г. ДАВАА


URL:

Сэтгэгдэл бичих