УИХ-ын Ц.Гарамжавын “Монполимет” компанийн 10 тэрбумын хэрэг хэзээ цэгцрэх вэ?

garamjavmonУИХ-ын гишүүн Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан “Монполимет” компанитай холбогдсон хэрэг, маргаан тасрахгүй байна. Уул уурхайн чиглэлээр зонхилж ажилладаг энэ компанийнхны байгаль орчинд учруулсан хохирол цөөнгүй. Тухайлбал, 2016 оны сонгуулийн дараа Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны 13дугаар хороолол дахь компанийнхаа оффисын барилгын ойролцоо “Отгонтэнгэр Ирээдүй” ХХК-ийн нэр дээр байсан 1240 мкв газар руу хүч түрэн орж, барилгын сууриа цутгаж эхэлснээс болж маргаан үүссэн. Энэ маргаан явсаар байж шүүх дээр очсон. Өнгөрсөн оны наймдугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх маргааныг “Монполимет” компанийн талд шийджээ. Газар өмчлөх, эзэмших, ашиглах бүх маргаан Захиргааны хэргийн шүүх дээр шийдэгддэг байтал ийнхүү Иргэний хэргийн маргаан мэтээр авч үзсэн нь хачирхалтай.

Мөн Монгол банкинд төлөх 10 гаруй тэрбум төгрөгийн төлбөртэй холбоотой асуудал байгаа. “Монполимет” компани нь Монгол банктай 2001-2007 онд алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх нэрийн дор гэрээ байгуулан их хэмжээний мөнгө авчээ. Гэвч гэрээт үүргээ биелүүлээгүй тул 10.615.924.551 төгрөгийн хохирол учирч, маргаан үүссэн байна. Бас өр төлбөрөө төлөхгүй явсаар шүүх дээр очжээ. Шүүх нь мөн л Иргэний хэргийн шүүх байсан аж.

Энэ хэрэг маргааныг шүүн хэлэлцсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх харин Монголбанкыг үл тоож, Ц.Гарамжавын талд шийджээ. Тодруулбал, 2016 оны зургадугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдаанаас “…“Монполимет” ХХК-иас 10.615.924.551 төгрөг гаргуулах “Монгол банк”-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай…” гэжээ. Ингээд энэ маргаан дууссан байдаг. Харин Монгол банк нь давж заалдалгүй хаясан сурагтай.

2017 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч Монгол банкны 2012-2016 оны мөнгөн гүйлгээ, алдагдлын талаар шалгах явцдаа дээрх 10 тэрбумын асуудлыг ил болгосон байна. Энэ 10 тэрбумын хэргийг Авлигатай тэмцэх газар өнгөрсөн оноос шалгаж эхэлжээ.Энэ хэргийн шалгалтын явц ямар байгааг АТГ-аас тодруулахад“Монполимет” компанийг 10 тэрбумын асуудлыг шалгаж байгаа. УИХ-ын Ц.Гарамжав гэдгээр шалгаагүй. “Монполимет” компаниар шалгаж байгаа. Тухайн үед ирсэн өргөдлийн дагуу шалгагдаад явж байгаа” гэв.

Энэ хэргийн шалгалтын ажиллагаа хэзээ дууссах нь тодорхой бус. Одоо “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэг хаагдчих байх гээд гишүүн тоох янзгүй байгаа аж. “Монполимет” компанийн 10 тэрбумын хэрэг хэзээ цэгцрэх вэ?

Арван тэрбумын Ц.Гарамжав гэж хэн бэ?

1975 ондНийслэлийн 33дугаар дунд сургууль төгссөн. 1981 ондМонгол Улсын их сургуулийн Геологи уул уурхайн сургууль, инженер, геологич мэргэжлээр төгссөн. 1984 ондЗХУ, Ломоносовын нэрэмжит Москва хотын их сургуулийн уул уурхайн факультетийг хөрс судлаач мэргэжлээр суралцаж төгссөн. 1994 ондИтали улсын Ром хотноо олон улсын ашигт малтмалын гэрээ, эрх зүйн мэргэжилтний сургалтыг төгссөн. Тэрээр1983-1989 ондБарилгын зургийн институт, инженер, Геологийн товчоонд инженер, ахлах инженер, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан. Мөн 1989-1992 ондБарилгын зургийн институтын Инженер хайгуулын товчоонд эрдэм шинжилгээний ажилтан.1992-2012 онд “Монполимет” ХХК-ийг үүсгэн байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж байсан. 2012 оны хоёрдугаар сараас 2012 оны есдүгээр сардЭрдэс баялаг, эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд 2012-2016 онд “Монполимет” группийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн болсон байна.

Medeed.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.