АН-ын залуус ахиад л нар үзэхгүй нь бололтой

5d1995b8a6ea5УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Гэтэл Ардчилсан намын залуус гомдолтойхон сууна. Яагаад гэвэл дахиад л тэдэнд хүрд эргүүлэх боломж  олдохгүй нь бололтой. Ардчилсан нам намын дүрмээ шинэчлэн баталж, намдаа шинэчлэл хийх тухай их ярьсан. Гэсэн ч эсрэгээрээ шинэ салхи сэвэлзээсэй гэсэн залуусын хүсэл мөрөөдлийг ор мөргүй хийсгэсэн гэж хэлж болно. Намын дарга С.Эрдэнэ өөрт ашигтай заалтуудыг л нэмсэнээс бус өрөөл бусдад боломж олгохыг хүсэхгүй байгаа нь харамсалтай. Намын дарга үүргээ хангалттай биелүүлж байгаа эсэхийг санал хураалтаар шийддэгийг болиулаад зогсохгүй Намын хяналтын хороог хараат бусаар ажиллах эрхийг нь хаасан юм. Энэ бүхэн нь шүүмжлэл сонсож чаддаггүй түүний хувьд тийм ч гайхаад байх зүйл биш.
Нөгөө л дарангуйлсан аргаар намаа хагалан бутаргаж, залуу боловсон хүчнээ дорд үзсэн сэтгэхүй нь хэвээрээ. Нэгэнт ийм лидертэй болохоор энэ удаагийн УИХ-д ч нас залуу, цус шингэн сийрэг толгойтой нөхөд нэр дэвшиж чадахгүй нь. Угаасаа намдаа өгөх 100 сая төгрөгийн дэнчинг ч нэхэж, “Дэмжээд явах 100 найзгүй бол улс төрөөс хол бай” гээд хэлчихсэн.
Энэ нь зөвхөн намын залууст төдийгүй нийгэмд ч муухай харагдаж байна. Ийм их хэмжээний мөнгөө өгч улс төрд орсон хүн яаж мөнгө олох, авилга авах тухай бодохгүй байж чадах вэ. Харин Монгол Ардын нам нэр дэвшигчээс дэнчин мөнгө авахгүй, хүчтэй зорилготой хэн бүхэнд нээлттэй хэмээн сонгуулийн зарчмаа тодорхойлчихлоо. Залуу үеэ ч харьцангуй дэмжиж, тэдэнд боломж олгодог нь эрхгүй залуу хүний хувьд атаархал ч төрүүлэх шиг. УИХ-ын гишүүн, яамдын төрийн нарийн бичгийн дарга, намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэхчилэнгээр залуусаа дэмжин өндөр албан тушаалд томилдог. Бүүр Засгийн газрынхаа гал тогоог ч бариулж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаараа мэдлэг чадвартай, хариуцлагатай залуусаар багаа бүрдүүлэн ажиллуулж байна.
Үргэлж шинэчлэл, өөрчлөлт ярьдаг ч өөрчлөгдөн шинэчлэгдэж чаддаггүй ийм намыг сонгосондоо гутрах юм хэмээн дотроо шүүрс алдах Ардчилсан намын залуус олон. Гэвч эх орныхоо төлөө хийж бүтээе, сурсан мэдсэнээ түмэн олондоо зориулахсан гэсэн хүсэл нь хэвээрээ.
Алийн болгон Ардчиллын алтан хэмээн өөрсдөдөө цаасан малгай өмсгөсөн өвгөчүүлийг харж суух вэ. Өөрсдийн гэсэн орон зайгаа бий болгож, намдаа хүчээ өргөмөөр байна. Гэвч дэнчин хандив нэхэж, нохойд барьдаг мод шиг байлгахаас өөрөөр залуус бидний хүчийг огт ашиглахгүй  байна. Нэр дэвших эрхийг зөвхөн “Алтан хараацай” ах нарын маань үрс л өвөртөлж байна. “Олгой хагаравч тогоон дотроо” хэмээн бодож, чамгүй удаан тэссэн жирийн гишүүд дэмжигчдийн тэвчээр алдарч басхүү урам хугарч байна.
Э.Мягмар
СОНИН.МН

URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 19 January 2020

Мэлхийг үтэр түргэн зайлуулахгүй бол ардчилсан нам алуурчин нам болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.