“Хууль батлаад “Саарал жагсаалт”-аас гарчихгүй”

712-1579479365d8c4b8fe-f506-4547-aa74-0b59161b0b34-(1)УИХ-ын чуулганаар Мөнгө угаах болон терро­ризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлц­лээ.  Хуулийн төсөл­тэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Сангийн яамнаас асууя. Далд эдийн засаг, сүүдрийн эдийн засгаа ил гаргах талаар хийж байна вэ. Хар тамхи гэдэг асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаа­рах асуудал. Хар тамхины худалдаа, хүн худалдах, дээрэм зохион байгуулах зэрэг гэмт хэргийг араасаа дагуулдаг аюултай. Далд эдийн засаггүй улс гэж алга. Яг бодит байдал дээр саарал жагсаалтад орсон оношоо зөв тогтоож чадаж байна уу.
Сангийн дэд сайд Х.Бул­гантуяа:
-Монгол Улс 2010 оноос далд эдийн засгийг тооцож эхэлсэн. 9.2-15.7 хооронд хэлбэлзэж байсан. Далд эдийн засгийг багасгахад ялангуяа манай НӨАТ-ын шинэ хууль нэлээн үр дүн өгсөн. Татварын тайланг хялбаршуулсан байгаа. Татварын хуулинд өөрчлөлт оруулсан, 135 улсын оффшор бүстэй мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Саарал жагсаалттай холбоотой дөрөвхөн л асуудал байгаа. Түүнийг биелүүлсэн тохиолдолд саарал жагсаалтаас гарна. Авлига авсан хү­мүүс мөнгө угаасан байх магадлалтай гэсэн асуудлыг анхааруулсан. Хилээр орж ирж байгаа мөнгийг нуугаад орж ирж байгаа дээр тавьж байгаа хариуцлагаа сайжруул гэсэн асуудал бий. Энэ заалтуудыг зассанаар Саарал жагсаалтаас гарна гэдэгт итгэж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Хэдэн хуульд өөрч­лөлт оруулж, хууль ба­талс­наар саарал жаг­саал­таас гарахгүй. ФАТФ манайхыг саарал жаг­саалтаас гарахын тулд шалгалт нь зургаан сар үргэлжлэх юм байна гэсэн мэдээлэл бий. Нэгд, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёрт төр хувийн хэвшлийнхний хоорондын механизмыг бэхжүүлэх. Хууль л батал­чихвал Саарал жагсаалтаас гарчихна гэсэн ойлголт байгаад байна. Цаана нь зөндөө асуудал байна.
Мөнгө угаах болон террориз­мыг санхүү­жүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ба­талъя гэсэн санал хураалтад 45 гишүүн оролцсоноос 23 нь дэмжиж, 51.1 хувийн саналаар хууль батлагдав.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих