Эзэн хаан эргэн ирлээ, энэ бол Конор

Өчигдөр өглөө АНУ-ын Лас-Вегаст холимог тулаан сонирхогчдын тэсэн ядан хүлээж байсан UFC 246 тэмцээн явагдлаа. Тэмцээний гол тулаанд жил гаруй хугацаанд рингэнд гараагүй Ирландын Конор МакГрегор Америкийн “Ковбой” Дональд Серронетой тулалдлаа. Конор нийт 25 тулалдаж, 21 ялсан бол Серроне 36 ялж, 13 ялагдсан.

Бооцоо тавигчдын бодлоор Конор ялах нь ойлгомжтой, МакГрегорын ялалтын хувь 1,27 байгаа бол Серронегийнх 3,80 байсан. Мэргэжилтэн, шинжээч нар ч Конор ялна гэж үзэж байлаа. Серроне хэдийгээр холимог тулааны таван рекордыг эзэмшдэг ч түүнд итгэл найдвар тавих хүн цөөхөн байсан.

Тулааны өмнө

Конор МакГрегор “Цус урсах болно. Би энэ жинд сайхан зохицож байгаа. Холимог тулаан сонирхогчдод би баяр баясгалан бэлэглэх дуртай. Энэ жинд агуу тулаан олныг хиймээр байна. Би Дональдыг хүүхдийн ном мэт уншиж чадна, бүх арга мэхийг нь ч мэдэж байна. Өөртөө дэндүү итгэлтэй байна. Хүнд цохилтоор ялах болно”

Дональд Серроне “Тулаан 4-5 үе үргэлжлэх байх. Би бэлэн байна, харин Конор бэлэн болов уу? Тулааныг сэтгэл догдлон хүлээж байна. Ялбал хүүгээ аваад амралтад явна. Дараа нь UFC холбооны тэргүүнд утасдаж, дараагийн тулаанаа сонирхох болно”

ОХУ-ын ахмад тулаанч Олег Тактаров “Конорын өрсөлдөгч нь нас ахисан, нэг жилд хоёр ялагдсан тамирчин. Хэн хэн нь хэвтээд муу, харин босоогоос Конор нь арай илүү. Ер нь бол энэ тулаан бокс байх болов уу”

UFC холбооны тэргүүн Дана Уайт “Конор МакГрегор Серронег ялах юм бол хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй болно. Өөрөөр хэлбэл тэр хүсээд байгаа зүйлээ авах юм. Хабиб Нурмагомедовоос даагаа нэхэх гэж тэр хүсэж байгаа. Энэ хоёр тамирчны даагаа нэхэх тулаан маш их орлого холбоонд оруулах болно”

Мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Тайсон Фьюри “Конор хүнд цохилтоор ялах болно. Би энэ цохилтыг нь харах гэж Лас-Вегаст очно”

Эдди Альварес “Серроне хэр бэлтгэл хийж, биеэ халаахаас их зүйл шалтгаална. Торонд орохоосоо өмнө хөлсөө гаргаж, хоёрдугаар үед гарч байгаа юм шиг байх хэрэгтэй. Конор дарамталж дайрч тоглох нь тодорхой”

Колби Ковингтон “Би Ковбойд бооцоо тавина. Конор бааранд сууж байсан хөгшнийг цохиод сандлаас нь унагааж чадаагүй шүү дээ. Тэгэхээр тэр яаж Серронег ялах билээ дээ”

Конор тулааны өмнөх хэвлэлийн бага хурал дээр урьд өмнөхөөс өөр байлаа. Өрсөлдөгчөө тэр муулж, дайраагүй. Энэ нь ч ялна гэсэн итгэлтэй нь холбоотой байсан биз ээ. “Тэрбумтан алхаа” гэж нэрлэдэг алхалтаа ч хийсэнгүй. Мөн дээр хэлсэнчлэн холбооны тэргүүн Дана Уайт ялбал Хабибтай даагаа нэхэх тулааныг зөвшөөрнө гэж хэлсэн болохоор түүний хувьд нямбай сайн бэлтгэх хэрэгтэй байв. Серроне ч Конортой муудалцаагүй. Учир нь түүний хувьд Конортой тулалдана гэдэг мөнгөний хувьд маш ашигтай тул тулааныг хүлээн авсанд нь талархахаас өөр аргагүй.

Конор тулаан эхлээд л дайрсан. Эхний цохилт зөрсөн ч барьж аваад дөрвөн ч удаа мөрлөлөө. Дараа нь түүний зүүн хөлийн өшиглөлт яг эрүүнд туссан.

Нэмж нүдээд ердөө 40 секундэд хүнд цохилтоор яллаа. Шүүгч Херб Дин хэт удаан харсан болохоос уг нь хорин хэдэн секундэд л ялсан юм. Тулааны дараа Ковбойд эмнэлгийн тусламж шаардлагатай болсон тул  тэр эмнэлэг явж, хэвлэлийн бага хуралд оролцсонгүй.

Ийнхүү Конор МакГрегор хуучин Конороос илүү болоод ирснээ харууллаа. Нэг жил хагас хэртэй хугацаанд торонд гараагүй тул тулааны мэдрэмж багассан байх талтай гэж бодож байсан ч харин Конор эсрэгээрээ тун сайхан амарч, холимог тулааны ядаргаа, стрессээсээ салаад ирсэн нь харагдаж байлаа.

UFC холбоо 2020 оныг их тулааны жил болгоод байгаа. Оны эхний тулаанаа Конороор эхэлсэн холбоо оны сүүлийн тулааныг Конор-Хабиб гэсэн супер тулаанаар өндөрлүүлэх зорилготой байгаа нь илт. Тулаан Москвад явагдах нь ч бараг тодорхой боллоо. Харин Конор энэ жиндээ аваргын бүс авахаар тулалдах уу, хөнгөн жиндээ эргэн ирэх үү гэдгээ шийдэх болно.

Тулааны дараа

Конор МакГрегор “Би эргэн ирлээ. Дахин түүхийг бүтээж эхэллээ. Маш сайхан байна. Би гурван өөр жинд эхний үед хүнд цохилтоор ялсан анхны тулаанч боллоо. Формдоо бүрэн орсон гэж хэлж чадахгүй ч тун ойрхон байна. Гэрийнхэнтэйгээ баяраа тэмдэглэж, амраад ахиад тулалдана. Хагас дунд жин надад таалагдаж байна. Гэхдээ би хөнгөн жинд ч тулалдаж болно. Тэнд хэдэн чалчаа жаал байгаа”

Дональд Серроне “Конор маш түргэн, шуурхай ажиллаж эхэлсэн нь гэнэтийн явдал байлаа. Тэгнэ гэж бодсонгүй. Гэхдээ би зодог тайлахгүй. Энэ спортдоо хайртай тул үргэлжлүүлэн тулалдах болно”

Нэйт Диас “Дональд Серроне гэж сул дорой хөгийн новш юм. Энэ тулаан зохион байгуулсан найраа байлаа”

Леброн Жеймс “Эргэн ирсэнд баяр хүргэе. Чи аварга”

Флойд Мэйведер “Аваргаа, одоо надаас даагаа нэхэж болно шүү”

Белал Мухаммад “Ковбой бууж өгсөн гэж бодохгүй байна. Зүүн хөл тулааныг шийдлээ. Сонирхолтой үе ирж байна.  Конор одоо Жастин Гэтжитэй тулалдвал жинхэнэ цус урсах болно”

Мэнни Пакьяо “THE NOTORIOUS!!!”

Дана Уайт “МакГрегор гайхалтай байлаа. Бид хагас дунд жинд дараагийн тулаануудыг хэрхэн зохион байгуулахаа бодох хэрэгтэй боллоо. Зарим хүн Конорт Серронег оноосон нь буруу гэж шүүмжилж байна. МакГрегор төлөвлөгөө ёсоороо ажиллаж, ялалт байгуулсан. Конор Хабибаас даагаа нэхэхийг хүсэж байна. Тэр үед Конор бүрэн бэлтгэл хийгээгүй байсан гэдгээ мэдэж байгаа. Харин Хабиб нэг ч ялагдаагүй аварга. Боксын Али – Форман, Али – Фрэйзер, Хаглер – Хирнс нарын өрсөлдөөнийг дурсан санацгаа. Конор Хабибын хоёр дахь тулаан дэлхийг доргиох болно. Хөнгөн жинд  аваргын бүсийн төлөө үзэлцүүлбэл илүү сонирхолтой. Хэрэв Хабиб Фергюсоныг ялаад дараа нь Конорыг ялбал түүхэнд нэрээ үлдээсэн шилдгүүдийг бүгдийг ялсан аварга гэж бичигдэх болно. Хабибт өөрт нь хэрэгтэй”

Zindaa.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.