Хошууч генерал Р.Сүхбатыг Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч болгох нь

8559

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатыг албан тушаалаас нь чөлөөлөх гэж буй тухай яриа БХЯ, ЗХЖШ-ын офицерууд дунд эрчимтэй яригдаж байна. Түүнийг чөлөөлөөд Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч хэмээх албан тушаалд томилохоор болж байгаа гэнэ. Төрийн цэргийн байгууллагууд, яамд, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого зорилтын хэрэгжилтийг хянан шалгах үндсэн үүргийг Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчаар дамжуулан Батлан хамгаалахын сайд хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд өмнө нь хошууч генерал З.Болдбаатар уг албан тушаалыг хашиж байсан юм.

Харин ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар хурандаа Б.Жавхланбаатарыг томилуулахаар болж буй гэнэ. Б.Жавхланбаатарыг уг албан тушаалд очих гэж байгаа тухай мэдээлэл нэлээд эртнээс гарсан бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, түүнтэй ойр хүмүүс хэдэн сарын өмнөөс зүтгүүлсэн гэдгийг батлан хамгаалах салбарынхан ярьж байна. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Ц.Жавхланбаатарыг уг албан тушаалд томилуулах саналыг БХЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөр өнгөрсөн наймдугаар сард хэлэлцэн дэмжсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.
Тэгвэл энэ томилгоог эсэргүүцэх хүн БХЯ, ЗХЖШ болон анги салбаруудад олон байгаа аж. Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Дипломын болон түүнээс дээш боловсролтой, мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын ажлын байрны шаардлага, цэргийн алба хаагчийн ёс зүйн шаардлага хангасан байх” хэмээн офицер, ахлагчид тавих шалгуур үзүүлэлтийг хуульчилжээ. Харин ЗХЖШ-ын орлогч даргад нэр дэвшиж буй хурандаа Ц.Жавхланбаатарын хувьд цэргийн стратегийн түвшний дээд боловсрол эзэмшээгүй, ОХУ-ын ЗХЖШ-ын академи, АНУ-ын Нэгдсэн хүчний штабын коллеж (Joint Forces Staff College) зэрэгтэй ижил төрлийн сургууль төгссөн байх шаардлага хангаагүй хэмээн дургүйцэх офицер, ахлагч нар цөөнгүй байна.
Бэлтгэсэн: Д.Дайчин
Эх сурвалж: Өнөөдөр сонин

URL:

Сэтгэгдэл бичих