Популизм ба “зүүн талаар гүйцэж түрүүлэх” уралдаан Монголд

1075791416560990824_900_x_709

  • Зах зээлийн эдийн засагт шилжсэн хэрнээ популистууд үнэтэй байсан зүйлсээ ч үнэгүй, хүндгүй болгож байна
  • Популист бодлого өндийж ядаж байгаа эдийн засагт ямар бид хангалттай харсан, хүртсэн
  • Хэрэв улс төрийн мөчлөг дагасан популист улстөрчдийг сонгож, популист бодлого хэрэгжүүлсээр байвал 2030 онд Монгол Улс жинхэнэ утгаараа “Монсуэль” болоход ойрхон байна

Ерөнхийлөгч ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа төлж өгөх мэдэгдэл бүхий мэндчилгээ дэвшүүлсний араас бараг бүх улстөрч, нам хүчнүүд уг “сайн үйлс”-ийн автор болох гэж дор бүрнээ улайрсан өдрүүд саяхных. МАН баялгийг баячуудаас булааж, ард түмэндээ хүртээж байна хэмээн саймширсан бол баруун төвийн үзэл баримтлалаа хазайлгүй дагахаа тангараглаж, түүнийгээ Улсын дээд шүүхээр батлуулсан Ардчилсан нам цаашид нийт иргэдийн зээлийг тэглэх хэрэгтэй гэж мэдэгдэв. Харин МАХН зээл аваагүй байсан ахмад настан тус бүрт нэг сая төгрөг олгох ёстой…. гэх мэтчилэн улс төрийн намууд нэг нь нөгөөгөө “зүүн талаар нь гүйцэж түрүүлэх” уралдаанд хамаг хүчээ шавхаж байна. Гэвч энэ мэт популист бодлого өндийж ядан байгаа эдийн засагт ямар сөрөг талтайг хүүхэд төрүүлсэн, хүнтэй гэрлэснийх нь төлөө төрөөс өгсөн нийгмийн халамжууд, “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” зэрэг гоё нэртэй ч гай ихтэй амлалтын дараа бид хангалттай харсан, хүртсэн. Сүүлийн 20 орчим жил /2008 оноос/ монголчууд популизмтай танилцсан. Популизмын тодорхойлолтыг тайлбарлахдаа “Нийгмийн өөр өөр давхаргын хүмүүсийн өөр өөр үзэл бодол, эрх ашиг, ёс суртахууны ялгаанд үндэслэн “иргэд”-ийг төлөөлөгч гэж өөрийгөө тодорхойлсон нэг нөхөр “иргэд”-ийн эрх ашиг гэх тодорхой асуудлыг “элит” гэгч бүлэг этгээдийн өөдөөс сөргүүлэн тавихыг хэлнэ” хэмээн орчуулжээ. Популистуудын ярих нь сайхан ч зорилго нь хортой. Тэд олон нийтэд таалагдах, тэдний дунд нэр хүнд олж авах, эсвэл дэвшүүлсэн асуудлаараа далимдуулан ашиг орлого олох зорилготой. Гэхдээ популизмыг халамжийн бодлоготой андуурах вий. Дэвшүүлсэн асуудал нь байгалийн, нийгмийн, эдийн засгийн өөрийнх нь хууль, дүрмийг ихэвчлэн уландаа гишгэсэн, сөрсөн шинж чанартай байдаг нь халамжаас ялгаатайг санах хэрэгтэй. Популизмын давлагаа 2016 оноос /харин манайд 2008 оноос/ дэлхий даяар эрчимжсэн гэж хэлж болно. 2016 онд дэлхийн хамгийн чинээлэг 20 улсын ердөө найман хувь нь популист улс төрийн бодлого хэрэгжүүлж байв. Энэ тоо өнөөдөр 43 хувьд хүрчээ. Популистууд өнөөдөр дэлхийн мөнгийг удирдаж байна. Берлиний их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар, эдийн засгийн хямрал популист улстөрчдийг “үйлдвэрлэдэг”-ийг баталжээ. Тэгвэл 2030 он хүртэлх жилүүдэд эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгаа нь популизмыг одоо байгаагаас нь ч илүү хүчирхэгжүүлэх магадлалтай. Эдийн засгийн өсөлт удаашрах, хүн амын тоо нэмэгдэх, тэр дундаа нийгмийн халамж хүртэх шаардлагатай насны бүлгийн эзлэх хувь хэмжээ нэмэгдэхээр байгаа нь дэлхийд популизм ноёлох таатай хөрс болохоор байгааг “Засгийн газрын мэдээ” сонин “Дараагийн арванд юу болох вэ” нийтлэлдээ мөн хөндсөн. Популизмын зардлыг харин хэн төлж, хэн ашгийг нь хүртэж байна вэ гэдгийг эхлээд бодъё. 2011 онд Хятадын төрийн өмчит “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлж, түүнийгээ “Эх орны хишиг” хэлбэрээр иргэдэд тараачихсан. Тэгэхдээ нүүрсний зах зээл дээрх ханш хэд байхаас үл хамааран нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар “Чалко”-д тогтвортой өгөх хатуу гэрээ хийсэн юм. Уг гэрээний хүрээнд 350 сая ам.долларыг төлж барагдуулах хүртэл нүүрсээ “Чалко”-гоос өөр компанид өгөхийг хориглосон заалт мөн орсон байдаг. Ийм ашиггүй заалтаар гэрээ байгуулж зээлж авсан 350 сая ам.доллараа улстөрчид иргэн бүрт “Эх орны хишиг” болгон сардаа 21 мянган төгрөг тарааж байв. Ихэнх нь Эрээний “хог”, архины мөнгө болсон 21 мянган төгрөг хэч нээн сургууль, хэдэн эмнэлэг барьж, хэчнээн хүний ажлын байр шинээр бий болгон, хэдэн км зам тавих боломжтой байсан бол. Үнэндээ иргэн бүртээ тарааж байсан 21 мянган төгрөгөөс өнөөдөр үлдсэн ганц юм “21,000” нэртэй шоу нэвтрүүлэг л байна. Тэгвэл нийт 776 орчим тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг УИХ сая яаралтай дэгээр баталлаа. Улс төрийн тооцоол олтой болохоос эдийн засгийн үндэслэлгүй энэ шийдвэрийн дараа эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь чухал. УИХ-ын дарга Г.Занданшатар “Харин ч дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийг идэвхжүүлнэ. Яагаад гэвэл ахмадууд сүү, талх…зэрэгт л тэтгэврээ зарцуулдаг” гэж мэдэгдсэн бол энэ салбарыг тодорхойлогч эрхмүүд харин эсрэг дуугарч байна. “Физикийн хуулиар орчлонд ямар ч зүйл тэглэгдэж алга болдоггүйтэй адил эдийн засгаас ч мөнгө алга болохгүй. Амьд амьтан идсэн хоол хүнсээ ходоод гэдсээрээ дамжуулан боловсруулдаг шиг аливаа мөнгө үйлдвэрлэл, үйлчилгээний орлого, цалин хөлс болж байж эдийн засагт шингэдэг”-ийг эдийн засагчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаад ч тусыг олсонгүй, тэтгэврийн зээлийг тэглэх төслийг яаралтай дэгээр ярсхийтэл гараа өргөн батлав. Цагаан сараас өмнө 800 орчим тэрбум төгрөг зах зээлд гэнэт нийлүүлснээр инфляц өсөхөд нөлөөлж, төгрөгийн ханш суларч / юань 400 төгрөгт хүрсэн/, төсвийн тогтворгүй байдал бий болж, энэ нь цаашлаад ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй тусгай хөтөлбөрт сөргөөр нөлөөлөхөөр байгааг сануулж байгаа юм. Монгол хэлний их тайлбар тольд “үнэгүй” гэх үгийн хамгийн эхний утгыг “үнэ байхгүй”, “үнэ хүрэхгүй”, “үнэ цэнгүй”, “нэр хүндгүй” гэж тайлбарласан байна. Зах зээлийн эдийн засагт шилжсэн хэрнээ үнэтэй байсан зүйлсээ ч үнэгүй, хүндгүй болгож орхисон жишгээр ахмадуудын тэтгэврийг нэг удаа тэглэх хуулийн барьцаанд орж буй Салхитын мөнгөний орд хөрөнгийн зах зээл дээр ямар ч үнэ цэнгүй болж мэдэх юм. Хэрэв улс төрийн мөчлөг дагасан популист улстөрчдийг сонгож, популист бодлого хэрэгжүүлсээр байвал 2030 онд Монгол Улс жинхэнэ утгаараа “Монсуэль” болоход ойрхон байна. Хол мэт сонсогдож байгаа боловч 2030 он гэдэг шат шатны хоёр удаагийн сонгуулийн л мөчлөг. Сонгуулийн үр дүнгээр засгийн эрхэнд гарсан бодлого тодорхойлогчид улсын хөгжлийн урт хугацааны бодлого биш, дараагийн сонгууль хүртэлх дөрөв дөрвөн жилдээ “дөнгөлүүлж”, олон нийтэд таалагдах, талдаа татах хортой бодлого хэрэгжүүлсээр байвал улс орон сүйрэх нь цаг хугацааны л асуудал болдог гашуун түүхтэй орнууд бэлхнээ байгааг сануулъя.

Б.Энхжаргал

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.