Допингийн шинжилгээ бизнес болсон уу

doping_sport_b3ee73702edbd25c6de1188671253fcbЭ.Оюунболд үндэсний бөхийн хоёр холбооны тэмцлийн золиос уу

Э.Оюунболд аварга Монголын үндэсний бөхийн хоёр холбооны тэмцэл, маргааны золиос болсон байхыг үгүйсгэх аргагүй. Тус холбоог булаацалдсан хоёр талын талцал хуваагдал эцэстээ хүрсэн нь монгол бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа. Бөхчүүдийн жалга довны үзэл дээд хэмжээнд хүрсэн. Бүгдээрээ монгол хүн байж нутгархдаг болсон. Яагаад зүүн аймгаас аварга бөх төрж болохгүй гэж.

Ерөөсөө элдэв төрлийн эм, тариа, сэргээш хэрэглэх байдал монгол бөхөд бугшаад удсан гэх тэнэмэл яриа олны дунд явдаг. Үндэсний бөхийн холбоо Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтарч “Допинггүй монгол бөх” аяныг зохион байгуулж байлаа. Бөхчүүдээс санал авсны эцэст түүврийн аргаар үндэсний бөхөөр барилддаг 35 бөхөөс шинжилгээ авсан байдаг. Тэдний таваас нь буюу улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас допинг илэрсэн тухай мэдээлж байлаа. Тухайн үедээ бөөн хэл ам гараад өнгөрсөн уг явдлаас тэгвэл сургамж авсан бөхчүүд байна уу. Ер нь бөхчүүд, болон бөхийн холбоо хамгийн ихээр ёс жудаг ярьдаг. Тэгсэн мөртлөө хамгийн жудаггүй занг түрүүлж гаргадаг болчихоод байгаа билээ. “Начны найраа” гэдэг зүйл утгаараа бизнес болчихсон. Хэн дуртай нь бараг мөнгөө төлөөд начин цол хүртдэг. Бүр цаашлаад аварга, арслан хүртэл ч барилдаж болдог гэх яриа бөх сонирхогчдыг дургүйг хүргэсээр байна.

ДОПИНГИЙН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРӨӨС МӨНГӨ БОСГОДОГ БАЙЖ МАГАДГҮЙ

Mонгол Улсын даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Х.Баянмөнх Допингийн Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулахаар хандаж, гомдлоо өгсөн билээ. Тэрбээр “Допингийн эсрэг төвийн  гүйцэтгэх захирал нь “Аварга” дээд сургуулийн орлогч захирал Г.Сүхбат, тус төвийн их эмч Д.Энхсанаа нь Г.Сүхбатын шавь, хянагч нь их эмч Д.Энхсанаагийн нөхөр, шинжилгээний дээж авагч Хайдавдорж энэ хүмүүстэй хамаарал бүхий хүн” гэж мэдэгдэж байлаа. Энэ хүмүүс бөхчүүдээс “Шээснээс чинь допинг илэрсэн, зарлалаа шүү” гэж мөнгө нэхдэг, мөнгө өгсөнгүй гэж олон нийтэд зарладаг, худал дүгнэлт гаргаж, шинжилгээний хариуг сольж,  ид барилдах насан дээрээ байгаа олон залуусын амьдрал, нэр хүнд, хувь заяагаар тоглож байна гэж мэдээлсэн. Допингийн эсрэг төвийнхөн нэг бөхөөс 30-100 саяыг нэхэж бизнес хийдэг гэдэг яриа бөхчүүдийн дунд бий. Үндэсний бөх, фитнесс клубүүдэд хүч тамир оруулагч, өсөлт дэмжих уураг, амин дэм, витамин, булчингийн масс хөөлгөх тариа, бэлдмэл гэсэн нэрээр допингийн төрлийн бодисыг зарж борлуулдаг сүлжээ бий болсон байна. Уураг амин дэм, витамин, эм тариа зарж буй хүмүүст тавьдаг хяналт байдаг нь тодорхойгүй. Хувь хүмүүс гараас гарт дамжуулан эдгээрийг нууц хэлбэрээр зардаг бололтой.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба Монголын Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран 2017 онд “Допингийн эсрэг үндэсний хяналт төсөл”-ийн сарын аяныг Үндэсний шигшээ багийн тамирчин,

дасгалжуулагч нарт сургалт, лекцээр явуулж багагүй хөрөнгө мөнгийг “Салхинд хийсгэсэн” байна.  Тус төслийн хүрээнд “Допингийн эсрэг дэлхий нийтийн арга хэмжээ”, “Допингийн шинжилгээ өгөх арга зүй” сэдвээр Монголын Допингийн эсрэг үндэсний төвийн захирал доктор, профессор Г.Сүхбат, мөн тус төвийн их эмч Д.Энхсанаа нар илтгэл тавьжээ. Харин “Допингийн хор хөнөөл”сэдвээр допингийн  эсрэг үндэсний төвийн захирал, доктор, профессор Г.Сүхбат  лекц уншсан байна. Мөн сургалтад ирсэн дасгалжуулагч, тамирчид “Допингийн гаж нөлөө”, Хориглосон жагсаалт-2017, “ADAMS-3.0″ , “Допингийн шинжилгээ өгөх арга зүй” Допингийн зөрчлийн эрх зүй гэх мэт олон төрлийн гарын авлагатай болцгоосон байх юм. Спортыг дэмжих сангийн 2018 оны төсөв гурван тэрбум төгрөг батлагдаж нийтдээ санхүүжилт хүссэн 54 төсөл хүлээж авсан. Түүнээс БСШУС-ын сайдын 2018 оны “Спортыг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, зардал батлах тухай А/423 тоот тушаалаар 24 төсөл арга хэмжээнд хоёр тэрбум 470 сая 378 мянган төгрөгийн санхүүжилт, сангийн дотоод үйл ажиллагаанд зургаан сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ.  2017 онд энэ сан нэг тэрбум төгрөгийн төсөвтэй байхад Допингийн эсрэг үндэсний төвд 200 сая төгрөгийг нь Допингийн эсрэг үндэсний хяналт гэдэг төсөлд өгчихсөн байгаа юм.

А/423 тоот тушаалаар 24 төсөл арга хэмжээнд хоёр тэрбум 470 сая 378 мянган төгрөгийн санхүүжилт, сангийн дотоод үйл ажиллагаанд зургаан сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

2019 онд Их спорт эмэгтэйчүүд академид өндөр зэрэглэлийн эмэгтэй тамирчид, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, допингийн боловсрол олгох, хөгжүүлэхэд 50 сая төгрөг олгожээ. Мөн Биеийн тамир, спортын газарт олимпын наадамд оролцох, эрх авах, оноо цуглуулах тэмцээнд оролцох тамирчдад допингийн мэдлэг олгох, допингийн хяналт тавихад 250 сая төгрөгийг тус сангаас олгосон байна.
Улсын баяр наадмын өмнө допингийн шинжилгээний төсөв гэж баталдаг. Нэг шинжилгээ 250-300 ам.долларын хооронд хэлбэлздэг. Энэ хэлбэлзэл дундаас ямар нэг байдлаар мөнгө унагадаг бололтой. Тэд төсвөө батлуулчихаад, төсөв нь баяр наадмын комиссоос  МҮОХ-ны дансанд орж ирдэг. Шинжилгээгээ аваад сорьцоо БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн байгууллага руу явуулдаг юм. МҮОХ БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын Допингийн хяналтын лабораторитой нэг жилд 100 хүртэлх сорьцыг үнэ төлбөргүй шинжлүүлнэ гэсэн гэрээтэй. Үүгээр хэдэн тамирчин үнэгүй шинжлүүлсэнийг хэн ч мэдэхгүй. Допингийн шинжилгээний зардалд зарцуулахаар төсвөөс орж ирсэн мөнгө хаачсаныг МҮОХ, Допингийн эсрэг төв ч ил гаргадаггүй. Энэ хоёр байгууллагад Аудит, хяналт хийх шаардлагатай юм биш үү. Ер нь манай спортын салбарын удирдах байгууллагууд тамирчдынхаа  допингийн шинжилгээг  албаар будилаантуулан “хор найруулж” дотоод, гадаадын  төсөл хөтөлбөрүүдээс мөнгө завшдаг болчихсон байхыг үгүйсгэх аргагүй болжээ.

Үндэсний шуудан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.