Монголын Ванаүти

Өнөөдөр хэн цаг үеэсээ хоцрохгүй, шинэ зүйлд суралцаж, дасан зохицож чадаж байгаа нь бусдаасаа хүчирхэг болж, сайн сайхан амьдрах боломж олж авдаг болсон. Харин манай, улсад шинэ бүхнээс татгалзаж, хуучны харанхуй бүдүүлэг үеэ санагалзах болсон нэг өвөрмөц хүн байна.

Гэхдээ тэр жирийн нэг иргэн бус, Монгол Улсын гавъяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртсэн дуучин нэгэн билээ. Хэдхэн жилийн өмнө Соёл урлагийн их сургуулийг төгсч амжаагүй байхаасаа л нийтийн дууны ертөнцийн “Ханхүү” болтлоо тодорч нэр алдар, өнгө мөнгөний амтанд орж байлаа. Олсон мөнгөөрөө томоохон үйлчилгээний төв худалдан авч бизнес хийж, үнэтэй машин хөлөглөн шинэ цагийн баячуудын тоонд багтахаа шахаж байв.

Гэтэл гэнэт л нэг өдөр эртний ёс заншилтан болж хувираад “Орчин цагийн үйл хэрэг бүхэн улс орныг минь сөнөөх гээд байна” хэмээн сурталдах болов. Бүр “Гал үндэстэн” нэртэй хөдөлгөөн хүртэл байгуулж, бусдыг өөр шигээ “Эртний хүн” болгохын төлөө зүтгэж байна. Солмоны арлуудын Ванаүти хэмээх жижигхэн улсын иргэд 100 жилийн өмнө нутагт нь ирээд буцсан Жон Фрам хэмээх Америк цэргийн тохууралд итгэн түүнийг бурханы элч хэмээн өнөөдрийг хүртэл бишрэн шүтэж, хүлээдэг юм гэсэн.

Монголын алдарт дуучин маань ч бас орчин цагийн ололт амжилтыг умартан эртний балар байдлаар явбал тэнгэрээс ямар нэгэн элч бууж ирээд өөрийг нь өөд татна гэж итгэдэг бололтой юм. Тэр уг нь Ванаүтичүүдийг бодвол хэд хэдэн цомог гаргачихсан, мундаг мундаг клип хийдэг, шинжлэх ухаан технологийн дэвшлийг хангалттай мэдэрсэн л хүн юмсан. Гэвч Ванаүтичүүдээс огт ялгарахгүй байна.

Ч.Дашдэлэг


URL:

Сэтгэгдэл бичих