Тоогүй ч юм боллоо доо, Тогтохсүрэн тэргүүт гишүүд минь

Гишүүд казинод орсноо хүлээсэн ч тоглоогүй хэмээн “нохойтлоо”. Тэгвэл тоглоогүйгээ батал

daaf555

УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон гишүүд мөрийтэй тоглоомын газарт явж буй зураг олон нийтийн сүлжээгээр тарж, дуулиан дэгдээгээд байна. Уг зурагт хамгийн тод гарч, булзах аргагүй болсон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр хэвлэлийнхэнд “УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, бид гурав Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүүтэй хамт казинод орсон. Бид казиногийн үйл ажиллагаатай танилцах зорилготой байснаас биш тоглоогүй. УИХ-д Казиногийн хууль ороод ирвэл казино гэж ямар юм байдгийг үзэж сонирхчихсон байя гэж бодсон” хэмээн мэдүүлсэн. Зураг дэлгэгдсэн өдрөөс нэр нь дурдагдаж, эрх баригч намын бүлгийн даргын мэдээллээр баталгаажсан УИХ дахь сөрөг хүчний зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Би Сиднейд анх удаагаа очиж үзлээ. Хөтөлбөрийн хүрээнд бидэнд нэг өдөр чөлөөт цаг гарсан. Энэ өдөр Сиднейгийн түүх дурсгалын газар, аялал жуулчлалын төвөөр орох хуваарьтай байсан.

Бид аялал жуулчлалын том төв болох “The Star Sidney”-гээр орох зуураа казиног нь сонирхсон. Харийн оронд бидэнд аль нэг намын ч юм уу, УИХ-ын гишүүн, жирийн иргэний ялгаа байдаггүй. Чөлөөт цагаа сайхан, чөлөөтэй өнгөрөөе гэсэн бодол хүн бүрт байдаг. Энэ утгаараа түүгээр ороод гарсан нь үнэн. Орсон шалтгаанаа ямар нэгэн байдлаар зөвтгөх, хамгаалах үндэслэл байхгүй. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа, мэдээллийн нууцлал гэж байхаа больсон ийм цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татах нь ч зөв.
Миний зураг гарсан байна билээ. Хүмүүс мөн үү, биш үү гэж лавлаад байна. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байгаа хүн би мөн. Тийшээ хөтөлбөрийн дагуу, үзэж сонирхохоор орсон. Өндөр хөгжсөн орнуудад казино бол аялал жуулчлалын нэг хэсэг гэж би ойлгож байгаа. Мөрийтэй тоглох гэсэн хүн л тийшээ ордог гэж бодохгүй байна. Тэнд ямар ч гишүүн тоглоогүй.  Бидний дунд мөнгөтэй гишүүн ч байхгүй. Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байхав дээ” гэсэн.
Ерөнхийдөө нэр холбогдсон гишүүд өөрийгөө өмөөрч, уснаас хуурай гарах гэсэндээ “Казино руу хүн сонирхож орж болно шүү дээ, ер нь бол хаашаа ч орж болно” гэх маягийн тайлбар хэлж дуулдсан. Тийм л дээ, хүн казинод орж болно, бүр тоглох ч эрхтэй. Гэхдээ иргэдийнхээ талхны мөнгөнөөс хугасалж хураасан татварын мөнгийг захиран зарцуулж буй, нийтийн өмнөөс шийдвэр гаргах эрх бүхий хүнд ийм эрх байхгүйг гишүүд маань ойлгоогүй л яваа нь харамсалтай. Хүн архи уух эрхтэй хэдий ч олон хүний амь хариуцаж, машин жолоодож явахдаа ийм эрхгүй болдогтой л адилхан шүү дээ уг нь. Эрх мэдэл, хариуцлага хоёр бол нэг зоосны хоёр тал. “Ялыг нь үүрсэн бол ямбыг нь эдэлнэ” гэж дураараа дургидагтайгаа адил эрхийг нь эдэлсэн бол хариуцлагыг нь ухамсарлах л ёстой, дарга нар минь.
“Хавар маш сэрэмжтэй байх ёстой улирал. Үг шидээд л хэрүүл, зодоон, оч үсрээд л ой, хээрийн түймэр, харц шидээд л хайр дурлал, хальтирч унаад л бөөн шавар” гэж олон нийтийн сүлжээнд инээдэм наргиа болгодог. Үүнтэй адил улстөрчдийн хувьд сонгуулийн жил хамгийн сэрэмжтэй байх ёстой үе нь. Хаа сайгүй өлөн нүдтнүүд ширтэж, хазгай гишгэхийг чинь хүлээн шиншилж байхад казинодож явах гэж, тоогүй ч юм боллоо доо, Тогтохсүрэн, Эрдэнэбат тэргүүт гишүүд минь.
Хэдэн жилийн хичээл зүтгэл, өчнөөн их хөрөнгө мөнгийг чинь ганц муу зургаар баллуурдчихаж мэдэх цаг үе шүү дээ. Ядаж байхад зарим нэг нь АТГ-т дуудагдаж, ядарч л яваа дуулдсан. Ганц оройн зугаа цэнгэл дарин дээр нь давс нэмчих вий дээ.

КАЗИНОД ОРСОН ГИШҮҮДИЙГ БУРУУТГАХЫН УЧИР

“Төсвийн мөнгө уйлдаггүй” гэх харгис афоризмыг сүлд дуугаа болгочихсон төрийн албан хаагчдын мөрийтэй тоглоом тоглох явдал хэрээс хэтэрсэн хэмээн үзэж, тэдэнд хариуцлага тооцох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталж, төрийн албан хаагчид гадаад улс орнуудад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхгүй байхыг тодорхой зааж өгсөн. Тухайн шийдвэрийн талаар мэдээлэхдээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтнууд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг албан хаагчид. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жилд манай албан тушаалтнууд мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нөхцөл байдалд Монгол төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн өмчит ААН-ийн дарга, захирлууд олноор холбогдох болсон.
Саяхан БНСУ-д ажлаар очиход тэндхийн казиногийн тусгай үйлчлүүлэгчид нь Монголын төрийн өндөр албан тушаалтан, төрийн өмчит газруудын дарга, захирал, удирдах албан тушаалтнууд байдгийг хэлж байсан. Байнгын үйлчлүүлэгчдийн нэрсийг ч гаргуулж авсан. Гэтэл багш, эмч, цагдаа зэрэг төрийн жирийн албан хаагчдын цалин нь амьдралдаа хүрэхгүй, Солонгост олон мянгаараа очиж, гурван сараар ажиллаж байгаа.

Засгийн газрын энэ шийдвэрийн дагуу Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын нийслэл Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нарыг мөрийтэй тоглоом тоглож, казиногоор үйлчлүүлснийх нь төлөө үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Тийм болохоор Засгийн газар үүнд анхаарч, Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд төрийн албаны бүх шатны дарга, албан хаагчид (үүнд Засгийн газрын болон УИХ-ын гишүүд багтана) гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих, мөрийтэй тоглоом тоглохгүй байхаар тусгах шийдвэр гаргалаа. Төрд ажиллаж буй хэн боловч гадаад, дотоодод казино, мөрийтэй бусад тоглоом тогловол ажлаас нь чөлөөлөх, хариуцлага хүлээлгэдэг болохоос гадна хэвлэл мэдээлэл, иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал” хэмээж байсан юм.
Засгийн газрын энэ шийдвэрийн дагуу Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн БНСУ-ын нийслэл Сөүл дэх төлөөлөгч С.Баатарцогт нарыг мөрийтэй тоглоом тоглож, казиногоор үйлчлүүлснийх нь төлөө үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. УИХ-ын гишүүд бол Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмыг үг дуугүй, үлгэр жишээчээр дагаж мөрдөх үүрэгтэй хүмүүс. Тэд Засгийн газрын шийдвэрээс ангид орших учиргүй.

Ямартай ч УИХ-ын гишүүд казинод орсноо хүлээлээ, гэхдээ тоглоогүй хэмээн булзаж, “нохойтлоо”. Тэдний худалчийг мэддэг, олон ч удаа чихэн дээрээ цэцэг ургуулж хаширсан олон нийт үүнд нь итгэхгүй байгаа нь мэдээж. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нар тоглоогүй гэдгээ баталж, олон нийтэд нотолгоог нь харуулах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол олон нийт  тэдний тоглосныг батлах баримт гаргаад ирэхийг хэн байг гэх вэ.

Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.