Дөрвөн хүний амь бол ердөө эхлэл

-3770288653075177903_900_x_506

  • Өөртөө хайртай бол Цагаан сарын shopping аялалд явахаасаа өмнө дахин нэг бод
  • Хэдхэн хоногийн дараа болох билгийн тооллын сар шинийн баярын амралтыг ар гэртээ тэмдэглэхээр Хятад даяар гурван тэрбум аялал болох гэж байгаа нь вирусийн тархалтыг ихэсгэх аюултай

Хятад даяар гурван тэрбум аялал айсуй нь вирусийн тархалтыг ихэсгэх аюултай

Төв Хятадад дэгдсэн шинэ вирус дөрөв дэх хүнийхээ амийг авч, халдвар эмнэлгийн ажилтнуудад дамжсан нь билгийн тооллын сар шинийн баярын амралтаар аялан зорчих гэж буй сая сая хүмүүсийн дунд SARS төст өвчин тархах вий гэсэн айдас үүсгэв. Шинэ өвчин үүсгэгч таамаглаж байсан шиг зөвхөн мал амьтнаас хүнд бус, хүнээс хүнд дамждаг болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) тогтоогоод байна. Одоогоор эмнэлгийн 15 ажилтанд вирус халдварласнаас нэгийнх нь биеийн байдал муу байгааг БНХАУ-ын төрийн мэдээллийн Шиньхуа агентлаг мэдээлэв. Шинэ вирус нь 17 жилийн тэртээ 800 орчим хүний амийг авсан SARS буюу амьсгалын замын цочмог хурц үрэвсэлтэй нэг төрөл болж буй учраас эрүүлийг хамгаалах салбарын ажилтнуудад маш эрсдэлтэй. Хэд хэдэн улсад илрээд буй шинэ өвчин хүнээс хүнд хялбар дамждагийг олж тогтоосон нь түгшүүрийг бүр ихэсгэснийг Австралийн Үндэсний Их Сургуулийн анагаах ухааны профессор Санжаяа Сенанаяке тайлбарласан юм. Урьд дэгдсэн SARS-тай харьцуулахад “одоогоор үхлийн тоо бага байгаа нь сайн хэрэг” хэмээн профессор өгүүлэв. Шинэ корона вирусын халдвараар дөрөв дэх хүн нас барсныг өвчний голомт төв Хятадын Ухань хотын эрүүлийг хамгаалах албаны хүмүүс мэдэгдлээ. Даралт ихэсдэг, чихрийн шижин, зүрхний титэм судасны өвчтэй 89 настай хөгшин энэ сарын 18-нд эмнэлэгт хэвтсэнийхээ маргааш нь өнгөрчээ. Уханьд өдгөө өвчний халдвартай 200 орчим хүнийг бүртгээд байна. Халдвар мөн Бээжин, өмнөд Хятадын Гуандун мужид ч илэрчээ. Мөн Ази, Номхон далайн бүсийн Өмнөд Солонгос, Тайланд, Японд ч Уханьд аялаад ирэгсдийн дундаас өвчний тохиолдол бүртгэсэн юм. Хятадад халдварын тохиолдолд долоо хоногийн эцэс, амралтын өдрүүдэд ихэссэнтэй уялдан дэлхий даяар эрүүлийг хамгаалах байгууллагууд халуурах, ханиалгах зэрэг вирусын халдварын шинж тэмдэг бүхий тохиолдлыг нарийвчлан хянаж шалгадаг боллоо. Хэдхэн хоногийн дараа болох билгийн тооллын сар шинийн баярын амралтыг ар гэртээ тэмдэглэхээр Хятад даяар гурван тэрбум аялал болох гэж байгаа нь вирусийн тархалтыг ихэсгэх аюултай. Шинэ корона вирусыг Хятадын эрүүлийг хамгаалах комисс SARS мөн багтдаг халдварт өвчний “В” ангилалд хамааруулахаар шийдвэрлэв. Тус улс холер, тахал зэрэг онц ноцтой өвчний үед авдаг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

  • Зөвлөмж
  • Ямар нэгэн амьсгалын замын өвчлөл, ханиадтай хүнээс хол байх (Манай улсын хувьд одоогоор гадаадын иргэд өвчний сэжиг бүхий хүн)
  • Эмч нарын зөвлөмжийн дагуу гараа тогтмол, зөв угаах
  • Мал, далайн гаралтай амьтныг бэлтгэдэг, боловсруулаагүй түүхий эдийг худалдаалдаг газруудаас хол байх (Хятад улсын хувьд өгсөн зөвлөмж)
  • Ханиад, томуу болон амьсгалын замын ямар нэгэн өвчин туссан хүн бусдад халдаахгүйн тулд эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих, амны хаалт зүүх (шүлс, нусаа ил задгай хаяхгүй, амны цаас, алчуур байнга хэрэглэж байх)
  • Эрүүл мэндийн байгууллагууд халдвар, ариутгалын дэг журмыг чанд сахин мөрдөх Эх сурвалж: ДЭМБ

Эрсдэлийн үнэлгээ хийж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй

Коронавирусийн халдвар хүнээс хүнд амьсгалын болон ахуйн замаар халддагийг тогтоолоо. Урд хөрштэй хил залгаа оршдог, бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг импортолдог улс орны хувьд шинэ төрлийн вирус дэгдэхгүй гэх баталгаагүй. Өнөөдөр ДЭМБ-ын Онцгой асуудлын Хороо хуралдаж, энэхүү өвчний талаар Олон улсын түвшинд онц байдал зарлах эсэхийг шийдвэрлэх юм байна. Гэтэл эрүүл мэндийн байгууллагууд сэрэмжлүүлэг мэдээллийг хангалттай хүргэхгүй байгаагаас иргэдийн дунд коронавирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл дулимаг байна. БНХАУ-ын Эрээн хотыг зорих иргэдийн тоо нэмэгдсээр галт тэрэгний билет ч олдохоо байлаа. Сар шинийн баяр дөхсөн энэ үед цаашид хөл хөдөлгөөн улам ихсэх нь тодорхой байна. Тиймээс үүнд хэрхэн хяналт тавьж, ямар зохицуулалт хийж байгаа талаар албаны хүмүүсээс тодруулахад хариулт өгөх хүн олдсонгүй. Хятадад гараад байгаа уг өвчин манай улсад гарах боломжтой эсэхийг ХӨСҮТ-өөс тодруулахад “Эрсдэлийн үнэлгээ хийж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариулахаас татгалзсан юм. Сүх далайтал үхэр амар гэгчээр манай улсад бүртгэгдээгүй хэмээн тайван байгаа эрүүл мэндийн салбарынхан дараа нь амаа барих вий. ДЭМБ-аас гаргасан зөвлөмж дээр үндэслэн ЭМЯ-наас сэрэмжлүүлэг гаргасан байв. Сэрэмжлүүлэгтээ “Мал, далайн гаралтай амьтныг бэлтгэдэг, боловсруулаагүй түүхий эдийг худалдаалдаг газруудаас хол байх” гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийг мал зэрэг амьтнаас хол байх хэмээн “монголчилсон” байв. Монголын нөхцөлд нийцэхгүй ийм зөвлөмж гаргачихаад дараа нь сэрэмжлүүлээд байхад иргэдийн буруутай үйлдлээс болсон хэмээн буруугаа бусдад тохож, ханиаданд дарлуулдаг шиг нөхцөл байдал үүсэх эрсдэл ойрхон байна.

Г.Очирбат

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: suba suba Огноо: 11 April 2020

UlNLoD Wow! Thank you! I always wanted to write on my blog something like that. Can I implement a fragment of your post to my site?

Сэтгэгдэл бичих