СӨХ-г татан буулгаж мэргэжлийн байгууллагад шилжүүлэх хуулийн өөрчлөлт хийгдэнэ

8763

Муу СӨХ-оод байдаг л байх гэхдээ сайн нь олон гэж би боддог.
Үүнийг сайжруулах ёстой болохоос биш татан буулгаж тогтсон системийг нураах нь маш буруу. Өнөөгийн хуулиар СӨХ-г иргэд дундаасаа байгуулж, хяналт тавиад шаардлагатай тохиолдолд татан буулгаж шинээр байгуулах эрхтэй юм.

1990 онд өмч хувьчлал явагдаж иргэд өмчтэй болсноор анх СӨХ байгуулагдсан.
СӨХ байгуулагдахаас өмнө мэргэжлийн байгууллага буюу Орон Сууцны Контор одоогийн СӨХ-ны хийж байгаа ажил болон конторын ажлыг бүгдийг нь хариуцан ажиллаж байсан.
Тэр үед хаалга үүд онгорхой, цонх нь хагархай, гэрэлтүүлэггүй, подваль бохироор дүүрсэн, дундын өмчлөл нь ямар ч засвар үйлчилгээгүйгээр иргэдийн нуруун дээр шилжин ирсэн байдаг нь Төр хамгийн муу менежер гэдгийн тод жишээ юм.
1999 оноос иргэд өөрсдөө эвлэлдэн нэгдэж СӨХ байгуулж дундын өмчлөлийн эд хөрөнгийг хариуцан ажиллаж өөрсдөө юу засахаа төлөвлөн санхүүжилтээ босгож хяналтаа тавин ажилласнаар өнөөдрийн түвшинд хүрсэн юм.
Гэтэл Барилга Хот Байгуулалтын Яам орон сууцны хууль нэрийн дор СӨХ-дыг татан буулгаж иргэдийн өмчийг мэргэжлийн байгууллага гэж нэрлээд байгаа төрийн болон хувийн хэвшлийн 156 орон сууцны конторт хариуцуулан өгөхөөр зүйлчилсэн байна.
Энэ нь иргэд оршин суугчдын эрхэнд ноцтой халдан хувьчилж авсан болон худалдаж авсан өмчид халдан эдийн засгийн дарамтад оруулахаар нөхцөл байдал үүсэхээр байна.
Мэргэжлийн байгууллага гэж нэрлэж байгаа орон сууцны контор нь ус дулаан цахилгааны чиглэлээр мэргэшсэн байгууллага, гэтэл энэ байгууллагад СӨХ-дын үйл ажиллагааг даатган өгч ажиллуулаад үүнийгээ мэргэжлийн байгууллага гэж нэрлэж байгаа нь өрөөсгөл юм.
СӨХ-дыг мэргэжлийн бус хүмүүс ажиллуулдаг гэсэн үндэслэлээр энэхүү хуулийг өөрчилж байгаа гэж яам ярьж байна, СӨХ мэргэжлийн байх шаардлагагүй, иргэд оршин суугчид эвлэлдэн нэгдэж өөрийн итгэлт хүнээ СӨХ нэрийн дор ажиллуулан шаардлагатай үедээ мэргэжлийн байгууллагаас сонгон ажиллуулж хяналтаа тавьж явдаг. Гэтэл үүнийг мэргэжлийн байгууллагад харьяалуулж байгаа нь иргэдийн хяналтыг холдуулж эдийн засгийн асар их дарамтад оруулахуйц нөхцөл байдал үүсэх юм.
Мэргэжлийн байгууллагыг аймаг, нийслэлийн засаг дарга сонгон шалгаруулж 5 жилийн хугацаатай гэрээ байгуулан төсөв төлөвлөгөөг нь батлан өгч ажиллана гэсэн нь улс төрийн өнгө аястай, авилгал хээл хахууль, улс төрийн томилгоо явахаар нөхцөл байдал үүснэ.
Мөн санхүүгийн хувьд СӨХ хуулийн этгээдийн эрхгүй, ашгийн бус байгууллага гэж хуулинд тодорхойлсон байдаг. Энэ тодорхойлолтыг үндэслэн СӨХ нь НӨАТ, татвараас бүрэн чөлөөлөгдөж явдаг. Гэтэл энэхүү хуулийн төсөлд мэргэжлийн байгууллага нь хуулийн этгээдийн эрхтэй байна гэж заасан байна. Хуулийн этгээдийн эрхтэй болсноор одоогийн иргэдийн төлж байгаа СӨХ-ны мөнгөн дээр НӨАТ, татвар нэмэгдэнэ.
Иргэд өөрсдөө хяналтаа тавьж байгаа учир одоогийн хуулийн дагуу ажиллаж байгаа СӨХ-д нэг өрхөөс 10-50 мянган төгрөгийн хооронд мөнгө авч байна.
Гэтэл орон сууцны контор үүнээс 5-10 дахин нэмсэн төлбөр авдаг бөгөөд хүссэн үедээ төлбөрөө нэмдэг нь иргэдэд маш их дарамт болдог.
2019 оны байдлаар эрчим хүчний үнэ 5 удаа, ус дулааны үнэ 4 удаа тус тус нэмэгдсэн ба иргэд оршин суугчид үнэндээ хяналт тавьж чадахгүй орон сууцны контороос тодруулдаг боловч “дээд газраас нэмсэн шийдвэр ирсэн бид мэдэхгүй” гэсэн тайлбар өгч иргэдийг мухардуулдаг, яг энэ жишгээрээ дундын өмчлөлийн эд хөрөнгө болох дээвэр, лифт, орц гэх мэт ажлыг хийнэ гэж үзэмжээрээ төлөвлөн хүчээр үнэ нэмж, төлөөгүй тохиолдолд усыг хязгаарлан дарамт үүсгэх нөхцөл байдал үүсэх гэж байна.

Ер нь бол иргэдийн өмчид халдаж санхүүгийн дарамтад оруулах, өмч хувьчлалыг үнэгүйдүүлэн социализмын үе рүү ухарсан ухралт гэж харж байна.

Улсын хэмжээнд 1200 гаруй СӨХ байгаа. Үүнийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 156 конторт хариуцуулах гэж байна. Ингэснээр 1 конторт орчим 10 СӨХ -ны байр нэгдэхээр байна. Одоо ажлаа хангалттай хийж чадахгүй байгаа сууцны контор энэ ачааллыг дийлэхгүй.

Иргэд төр өмчийг хариуцах гэж байна бид мөнгө төлөхгүй нь гэж баярлаж хүлээлт үүсгэх бөгөөд энэ нь иргэд өөрсдөө мөнгөө гаргаад засч байсан үйл ажиллагаа зогсож СӨХ-ны мөнгө төлөлт багасан, өмч эзгүйдэж иргэдийн хувьчилж авсан өмч үнэгүйдэх нөхцөл байдалд хүрэх юм.

Муу ажиллагаатай СӨХ-той байрны оршин суугчид СӨХ хэрэггүй гэж бодож байж болох ч СӨХ-гүй бол хог хаягдал орцоор дүүрч, архичид орцоор хоноглож, хаалга үүд эвдэрч, ая тухтай амьдрах гэдэг ойлголт байхгүй болно гэдгийг ойлгох хэрэгтэй юм.
Иймд энэ постыг УИХ-ын гишүүдэд хүргэж СӨХ-г татан буулгах биш эрх зүйн орчныг нь сайжруулах талаар анхааруулж өгнө үү.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.